Төв аймгийн Баян сум болон Баянжаргалан сумын малчдын дунд бэлчээрийн маргаан үүсчээ.
Тодруулбал тус сумын Өгөөмөр багийн “Ботгон” хэмээх газарт эртнээс аж төрж ирсэн нутгийн өрх айл Ш.Дүйдэндорж, Р.Санжаажамц, Д.Цамбалхүндэв нарын өвөлжөө орчимд тус аймгийн Баянжаргалан сумын малчид зөвшөөрөлгүй худаг барьж, олон тооны адуу үхрээ өвөлжөө орчимд нь бэлчээрлүүлж байгаа аж. Үүнээс үүдэн малчдын дунд бэлчээрийн маргаан дэгджээ.
Малчин Р.Санжаажамцынх Баян сумын “Ботгон” гэх газарт үе удмаараа амьдарч ирсэн бөгөөд сумын удирдлагууд өвөлжөөг нь кадастрын зургийн дагуу хувиарлан өгсөн байна. Гэвч орон нутгийн удирдлагууд хилийн цэсийг өөрчлөн Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт хамруулах болжээ.
Энэ талаар Төв аймгийн Баян сумын иргэн Р.Санжаажамц “Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “Ботгон” гэдэг газарт бид үе удмаараа амьдарч ирсэн. Гэтэл нутгийн хэдэн малчин өнөөдөр хүний нутагт байгаа мэт аж төрөх боллоо. Учир нь олон адуу үхэртэй, өөр сумын малчид өвөлжөөний хажууд худаг барьж, дур зоргоороо аашилж, нутгийн бидний малыг услуулахгүй, хөөж туугаад, өвөлждөг өвөлжөө рүү 400 адуу, үхрээ бэлчээн өвс ургамалгүй болгож байна. Уг нь энэ нутаг дэвсгэр Баян сумын нутаг гэж ойлгодог ба тэнд өгсөн нь гарцаагүй үнэн. Гэвч томчуудын гар хөл болсон нөхдүүд Баянжаргалан сумын нутаг хэмээн хашгирч байна. Түүгээр ч зогсохгүй шаардлага тавьсан нутгийн ардуудыг элдэв үгээр гутаан доромжилж байна. Багаасаа тоглож өссөн нутаг маань гэнэт л нэг өглөө хүний нутаг болчихсонд нутгийн удирдлагууд буруутай. Аргаа барсан бид нутгийн удирдлага руугаа хэд хэдэн удаа утсаар ярьсан ч шийд одоо болтол алга. Эрхэм Төв аймгийн Баян сумын засаг дарга н.Энхбаатар болон Өгөөмөр багийн дарга Д.Пүрэвдорж нар даруй айлчлан ирж асуудлыг шийдэж өгнө үү. Шийдэх хүртэл бид хүсэлт гаргаж тэмцэх болно” хэмээв.
Тус нутагт өөр аймаг сумын малчид болон үнэ хүрэхүйц чамин өнгөтэй чулуу түүгсэд сүүлийн жилүүдэд олширчээ. Улмаар гол усыг бохирдуулж, ундны ус ширгэхэд хүрээд буй аж. Эдгээр асуудалд анхаарал хандуулахыг нутгийн иргэд сум орон нутгийн удирдлагууд болон, тухайн орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүдээс хүсч буйгаа илэрхийллээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |