Орос Украины дайнд төгсгөл авчрах энхийн хэлэлцээг байгуулах асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан сэдэв болж байна. АНУ болон ОХУ-ын төлөөлөгчдийн эхний хэлэлцээ “эерэг” уур амьсгалтай болж өндөрлөсөн ч Украин болон Европын талын төлөөлөгчдийг оролцуулсангүй. Ингэснээр ОХУ АНУ энхийн хэлэлцээ байгуулсан ч үүнийг Украин болон Европын холбоо хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай болж ирж байна.
Мөн АНУ-ын талаас хэлэлцээрт санал болгох энхийг сахиулагчдыг Украины нутаг дэвсгэрт оруулах саналыг ОХУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал маш өндөр байна.
Гэхдээ АНУ болон ОХУ энхийн гэрээг тохиролцон байгуулбал Украин улс цаашид Европын холбооны дэмжлэгийг авч дайныг үргэлжлүүлэх үү? гэх асуудал яригдана. Хэрэв Европын холбоо үргэлжлүүлэн Украиныг дэмжинэ гэвэл АНУ-ын цэргийн тусламжийн орон зайг нөхөх болно.
Украин улсын хувьд ирэх зун хүртэл хүрэлцээтэй цэргийн хангамж, авсан байх магадлалтай гэж Европын холбооны эрх баригчид үзэж байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо.Байден суудлаасаа буухаасаа өмнө Украинд үзүүлэх тусламжийн багцаа нэмэгдүүлэн олгосон юм. Зөвхөн зэвсгийн тусламжид 2.5 тэрбум доллар хуваарилсан бөгөөд ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс ирээдүйд 15 тэрбум доллар өгөхөө мэдэгдсэн юм.
Харин Европын холбоо болон АНУ-ын 70 жилийн харилцаа хамтын ажиллагаа тасрах эгзэгтэй үе ирээд байна.
Европын холбооны шийдвэр хэрхэн гарах нь тодорхойгүй хэвээр байна.
Уншиж байна |