Баялгийн сан тойрсон дажин
21 цаг 35 мин

Үндэсний баялгийн санг тойрсон улстөрийн дажин ид өрнөж байна. Нэгэн цагт төр түшилцэж явсан эрхэмүүд өнөө би чи хулгайч дээрээ тулж, нийгмийн сүлжээгээр нанчилдаж буй. Үндэстнээрээ талцаж, өмнөх хойдохоо сөхөж, иргэдийнхээ тархийг угаах ажилд оюун бодлоо чилээж, ёстой нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж байна.  Энэ хаврын халуун сэдэв стратегийн ордуудын 34-51 хувийг төр авах хэлцэл байх нь. Хайгуулыг улсын мөнгөөр хийсэн бол стратегийн ордын 34 - 51 хувийг төр мэдэлдээ авах нь Засгийн газрын байр суурь.

 

Цаг хугацааг хэдхэн сараар ухраавал 2024 оны дөрөвдүгээр сарын 19 Монголчуудын хувьд түүхэн өдөр байв.  ‘’Үндэсний баялгийн сан’’-ийн тухай хууль батлагдсан өдөр. Сонгодог утгаар нь буюу Норвегийн баялгийн сангийн жишгээр явбал монголчууд мөдхөн баян амьдрах боломж бий. Иргэн бүр баян байхын тулд баялгийн сангийн мөнгөн хөрөнгө өсөх учиртай.

2024 онд энэ санд нийт 505.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн зорилттой.

Баялгийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхийн тулд стратегийн ордуудаас төр хувиа авч эргэлтэд оруулна. Ингээд 2028 онд нэг иргэнд 10 сая төгрөг ногдох хэмжээний хөрөнгийг баялгийн санд хуримтлуулна гэж зорьж буй. Тоон мэдээлэл, Норвегичууд шиг баян амьдралтай болгох амлалт хүн бүрд таалагдах нь тодорхой. Баялгийн сангийн хуулийг Монгол улсын иргэн бүр дэмжсэн, дэмжиж ч буй. Гэхдээ баялгийн санг л сонгодог утгаар нь байгуулахыг зорих нь гол ажил атал хувийн хэвшлээ гүтгэж харлуулж, үндэстнээ хоёр хуваан талцуулах хэрэг байгаа эсэхэд эргэлзэж байна. Өдөр бүр л Эм си эс хулгайч, Элбэгдорж авлигачин, Женко Оросын тавиул, Л.Оюун-Эрдэнэ түүний тавиул гэх зэргээр монголчууд хоёр хуваагдан талцаж, бие биенээ алж талахаас буцахгүй хэрэлдэж сууна. Угтаа бол Баялгийн санг эсэргүүцээд, явуулахгүй байх бодитой улс төрийн хүчин, бүлэглэл байхгүй л харагдана. Стратегийн ордуудын 34 хувийг төр эзэмшилдээ авахыг хувийн хэвшил дэмжиж, Засгийн газарт саналаа хүргүүлсэн гэх мэдээлэл бий.

Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, иргэн бүрийн дансанд мөнгө хуримтлуулах гэтэл хувийн хэвшил Монголчуудын баялаг дээр эзэн суугаад өгөхгүй байна гэх агуулгаар өдөр бүр тархи угаалт хийж байгаа нь хэрээс хэтэрлээ. Баялгийн сангийн хууль баталсан нь зөв үү зөв. Гэхдээ үүгээр далимдуулж хувийн хэвшлийг гэмт хэрэгтэн шиг үзэж боломгүй. Тэд тухайн үед үйлчилж байсан хууль дүрмийн хүрээнд л лиценз зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа явуулсан. Төр хувийн хэвшилтэйгээ хэлэлцээрийн ширээний ард сууж,тохиролцох учиртай. Түүнээс биш баялгийн сангийн хуулиар халхавчилж төр нь дээрэм хийвэл Монгол Улс ардчиллын зарчмаасаа ухарсан хамгийн том аюул болно. Дараа нь энэ дээрэмд хэн ч өртөх магадлалтай.

Хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцээрийн ширээний ард сууя гэж байна

Тэд ч мөн Монгол улсын иргэд. Төрийн гаргасан шийдвэр тэдний ч эрх ашгийг тооцох учиртай. Нийгмийн сүлжээгээр хамгийн хүчтэй өрнөж буй сэдэв Энержи ресурс Тавантолгойн бүлэг ордоос Ухаа худгийг салгаж авсан гэх дайралт. Ер нь хүсвэл юуг ч харлуулж, муухай харагдуулж болдогийг утгаар нь харуулж байна. Үнэн гэвэл Энержи Ресурс Ухаа худгийг дээрэмдэж авч үлдээгүй. Тухайн үед Тавантолгойн орд газрын тусгай зөвшөөрлийг Энержи Ресурс ХХК-аас төр хэлэлцээрийн үр дүнд авсан. Гэрээнд гарын үсэг зурах эрхийг Үйлдвэр, худалдааны сайдад Засгийн газраас олгосон байдаг. Яг л төмөр замын хил холболтын хоёр улсын гэрээнд манай талыг төлөөлж Ц.Туваан, Ж.Дэлгэрсайхан сайд нарт гарын үсэг зурах эрхийг Л.Оюун-Эрдэнэ өгсөнтэй агаар нэг. Хэлэлцээрээр төр Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг, Энержи Ресурс ХХК дөрвөн хувиа авсан асуудал. Одоо стратегийн ордуудын 34-51 хувийг төр авах хэлэлцээр хийх гэж буйтай л адил. 

Энэ тухай С.Баяр: ''Тавантолгойн бүлэг ордыг төр мэдэлдээ авахын тулд Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай, Өмч хувьчлах тухай гэх мэт хувийн өмчийн тухай ойлголт бүхий бүх хуулийг хүчингүй болгох саналаа УИХ-д оруулах ёстой байж, Үгүй бол Тавантолгой орд газрыг хувийн хэвшилд нь бүхэлд нь үлдээдэг байж яршиг цаашаа'' 

Энэ нь тухайн үеийн хуулиар 51 хүртлэх хувийг авч болох байсан атал 96 хувийг нь хэлэлцээрийн үр дүнд төрд авснаа хэлж буй хэрэг. Стратегийн ордуудын хайгуулыг  төрийн мөнгөөр хийсэн бол төр мэдэлдээ хувиа хэрхэн тооцож авах вэ гэдгийг шийдэх нь цаг хугацааны л асуудал. Хамгийн гол нь үр дүнд нь монголчууд ялж, байгалийн баялгаасаа ашиг хүртэх нь чухал. Харин одоо энэ элдэв маргаанаас илүү баялгийн сангийн менэжментийг яах вэ , хэнээр удирдуулах вэ цаашид хэрхэн зохистой авч явах вэ гэдэг асуудал  хэд дэхин чухал. Стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмших буюу үүнээс олох орлого Үндэсний баялгийн санд хуримтлагдана. Мөнгөн хөрөнгийг 2030 он хүртэл Монголбанканд хөдөлгөөнгүй байршуулна гэж байгаа. Гэхдээ урд өмнийн гашуун туршлагуудаас харахад иргэдийнхээ нийгмийн даатгалыг хүртэл тоноод идчихдэг улс төрчидтэй улс шүү дээ бид чинь.

Баялгийн санд хуримтлагдсан хөрөнгө хөдлөхгүй байж чадах уу, бас л тонуулчих юм биш үү дээ гэсэн болгоомжлол монголчуудад байна. Тиймдээ ч сүүлийн үед баялгийн санг гадаадын мэргэшсэн санхүүчдээр удирдуулъя гэх агуулгыг хөндөж эхлээд буй. Энэ мэдээж хамгийн сайн хувилбар. Цаашлаад баялгийн санг төрөөс хамааралгүй болгох ёстой. Дэлхийн амжилттай баялгийн сангуудыг жишгээс харвал төрөөс хамааралгүй, мэргэжлийн хүмүүсээр удирдуулсан загвар л хамгийн үр дүнтэй явж ирсэн байдаг. Жишээ нь Норвегийн баялгийн сан нь бие даасан, улс төрөөс ангид, мэргэжлийн санхүүчдээр удирдуулж буй. Сингапурынх гэхэд л олон улсын хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдийг ажиллуулдаг байх жишээтэй. Үүгээр бол манай баялгийн сангийн удирдлагын баг нь гадаадын мэргэжлийн санхүүч, эдийн засагчид, хөрөнгө оруулалтын шинжээчдээс бүрдэх учиртай. Тэгж гэмээнэ баялгийн сан жинхэнэ утгаараа амилах юм. Үндэсний баялгийн сангийн бодлого улс орнуудад өөр өөр байдлаар хэрэгждэг. Гэхдээ гол зарчим нь байгалийн баялгаас олсон орлогыг зөв удирдаж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, ирээдүйд ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглүүлдэг байна.

Эцэст нь баялгийн сан бол эдийн засаг хэт халах үед, төсвийн алдагдал өндөр байвал эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих санхүүгийн түргэн тусламж болох хуримтлал. Мөн зөвхөн уул уурхай ашигт малтмалаас хараат бус байхын тулд бусад салбараа хөгжүүлэх хөрөнгө оруулалт. Бусад улс яг ийм жишгээр явж буй. Түүнээс бус хэн нэгний нэрийн данс болгон байршуулах биш юм. Ингэвэл баялгийн сан бус халамжийн сан болно.

 

Shuud.mn
Сонин хачин
51 хувиа аваач дээ бусад нь яршиг цаашаа
2025-02-18
Yarix sedev xaidag yum uu yadag yum. TT ordiin yun 34% 96%-iig tur avaad ix xurlaaraa xeleltsej ix xurliin togtooloor ugsun baina. uls turchid uursduu nuurschin bolson. Tegeed TT-n ordoo xujaad beleglev. 1072 xuvitsaa xaana baina. Nogdol ashgaa avax xeregtei baina. Avilgach xudalch luivarchid oroltsson tarxi ugaasan nevtruulegt bitgii mungu zaraad bai.
2025-02-18