Баялгийн санг тойрон маргаан, элдэв зураглал нийгэмд ид өрнөж байна. Байгалийн баялгийн нөөцийг Норвегийн жишигт тулгуурлан хуримтлуулж ирээдүйн хөгжилд зарцуулах үр дүнг амлаж байна гэнэ. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон байгалийн баялгийн үр өгөөжийг зөвхөн өнөөдрийн хэрэглээнд бус, ирээдүй хойч үеийн хөгжилд, урт хугацааны хөгжлийн стратегийн салшгүй нэг хэсэг болгох нь зүйн хэрэг ээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр бүх өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр зэрэг цацагдсан баялгийн сангийн нэвтрүүлэг нь иргэдэд байгалийн баялгаас шууд ашиг хүртэж, гар дээрээ бэлэн мөнгө авч болох буруу ухуулгыг тэр чигт нь өглөө. Том тоо ярьж, өсөлтийн графикаар “зодсон” нэвтрүүлэг нь пропоганда шинжтэй, иргэн бүрд 10 сая төгрөг ногдож болох эдийн засгийн тооцоолол хийсэн харагдана. Зарим иргэд өөрт ногдох хувийг төсөөлөлдөө үрж байж ч болно. Үндсэндээ нэвтрүүлгийн гол зорилго нь иргэдэд хөдөлмөр бус баялгийн хишигт найдаад сууж бай гэх агуулгыг хүргэж. Ингэж ойлгосон иргэд ч нийгмийн сүлжээнд олон байна. Үндсэндээ Засгийн газар баялгийн сан гэх ойлголтыг маш энгийнээр хүнд ойлгомжтой хүргэх ёстой ч, асар том тоо ярьж, нийгмийг мянга нэгэн шөнийн үлгэрээр жаргаасан нь “ямар нэг сенсац” дарсан явцуу хувилбар харагдав.
Манипуляциар машиндаж, өгөөшийг нь чадамгай үмхүүлсэн засаг хэсэг тайвшраа биз. Гол асуудалдаа оръё.
Үндэсний баялгийн санг Норвегийн баялгийн сангийн моделд үндэслэсэн загвар гэж тайлбарлажээ. Ижил төстэй талууд ч байна. Тэс өөр талууд ч мөн харагдана. Гэвч гол ялгаа нь Норвегийн баялгийн сан иргэдийнхээ гар дээр бэлэн мөнгө тавьдаг халамжийн сан биш. Нэмээд хөрөнгө оруулалтын стратеги нь тэс өөр чиглэлд. Өөрөөр хэлбэл Норвегийн баялгийн сан нь дэлхийн зах зээлд өргөн хүрээтэй хөрөнгө оруулалт хийдэг бол Монгол Улсын сангийн хөрөнгө оруулалтын стратеги нь дотоодын эдийн засгийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэхээр харагдав.
Хамгийн том ялгаа нь улс төрөөс хамааралгүй Норвегийн баялгийн сан нь ил тод, хариуцлагатай тогтолцоотой. Харин авлига үүрэлсэн Монголын төрд ийм жишиг тогтоож чадах эсэх нь тун эргэлзээтэй. Ерөнхийдөө авлигын сан болж тонуулах эрсдэл өндөр юм. Тиймээс сангийн удирдлага менежмент, зарцуулалтын сахилга бат дээр Норвегийн баялгийн сангаас эрс зөрүүтэй байх нь тодорхой. Тиймээс бид гол айдас баялгийн сангийн менежмент. Өнгөрсөн хугацаанд тоногдсон сангуудын тоо арилаагүй шахам байна.
Ижил талын хувьд мэдээж байгалийн баялгийн экспортоос олсон орлогыг хуримтлуулна. Монгол Улсын хувьд нүүрс, зэс, алт, бусад ашигт малтмалын орлогоо хуримтлуулах бол, Норвегийн хувьд газрын тос, байгалийн хийн орлогоо хуримтлуулсаар ирсэн. Зорилго нь ирээдүй хойч үедээ зориулсан хөрөнгө хуримтлуулах, байгалийн баялгийн үр өгөөжийг урт хугацаанд хүртээмжтэй байлгаж, тогтвортой хөгжлийн зарчмуудыг бий болгох, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт гээд ижил төстэй ийм чанаруудтай.
БАЯЛГИЙН САНТАЙ БОЛОХЫН ДАВУУ ТАЛ
Монгол Улсын төсөв нүүрсний экпортоос хэт хамааралтай. Нүүрсний үнэ буурсан үед эдийн засгийг дэмжих, тогтвортой хөгжлийг хангах нөөц нь Үндэсний Баялгийн сан болох учиртай. Учир нь экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурахад Монгол Улсын төсвийн орлого буурах динамик шинжтэй, ийм л хэврэг эдийн засаг. Өнгөрсөн хугацаанд төсвийн орлого буурч, төсвийн алдагдал нэмэгдэхийг бид өөрийн хэтэвчээр мэдэрч ирлээ. Эдийн засгийн өсөлт саарч, валют хомсдож, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, ажлын байр цөөрч, ажилгүйдэл нэмэгдэх, иргэдийн орлого буурахыг хэтэвчээрээ дахин мэдрэхгүйн тулд нүүрснээс хэт хамаарах эдийн засгийг төрөлжүүлэх нь Монгол улсын ойрын хугацааны зорилт болох ёстой. Энэ ч үүндээс баялгийн сангийн сураг сонсогдож буй биз.
Одоогоор Үндэсний баялгийн санд зөв менежмент бий болгож чадах эсэх, төрөөс хамраалгүй, хулгай тонуулд өртөхгүй, мөн халамжийн сан болгохгүй гэх баталгаа алга.
Уншиж байна |