АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украйны дайныг зогсоохоор яаравчилж байна. Гэвч Орос-Украины дайныг зогсоохоор яаравчлах тусам Украин болон Европын аюулгүй байдал хөндөгдөж, АНУ-Европын хагарал гүнзгийрэх төлөвтэй байна. Орос-Украины дайныг зогсоох тухай хэлэлцээ мягмар гарагт Саудын Араб улсад болсон. Уг хэлэлцээнд Украин болон Европын холбооны төлөөллийг оролцуулаагүй нь нөхцөл байдлыг улам хурцатгаж эхлээд байгаа юм.
Дайн дуусгах тухай АНУ болон ОХУ-ын талын төлөөллүүдийн хэлэлцээ дөрвөн цаг гаруй үргэлжилсэн байна. Энэ хэлэлцээрийг ОХУ-ын талын төлөөлөгчид “эерэг” уур амьсгалтай болсон хэмээн тодотгосон бол АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэлцээг дараагийн түвшинд хүргэх асуудлыг судлаж байна гэх мэдээллийг өгжээ.
Дайныг зогсоож энхийн хэлэлцээг байгуулахдаа дайнд оролцогч талуудын эрх ашгийг хөндөлгүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар зогсооно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэр Орос Украины дайныг 24 цагийн дотор энх тайвныг тогтооно гэж амласан байдаг. Гэвч энхийн хэлэлцээ хийнэ гэдэг сонгуулийн амлалтаас тэс өөр үйл явц гэдгийг яг одоо өрнөж буй үйл явдлууд харуулж байна.
ДОНАЛЬД ТРАМП В.ПУТИН НАР УУЛЗАХ УУ...?
Дональд Трамп болон В.Путин нарын харилцаа тийм ч муу биш. CNN тэргүүтэй зарим хэвлэлүүд Дональд Трамп бол В.Путины шүтэн бишрэгч хэмээн тодорхойлох нь бий. Тиймээс дайн зогсоох гол хэлэлцээг Дональд Трамп Владимир Путин нар хийх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Хамгийн гол нь дайныг хэдхэн сарын дотор дуусгах биш, хэрхэн дуусгах вэ? гэдэг нь чухал.
ДОНАЛЬД ТРАМПЫН САНААРХАЛ
Дональд Трамп Украинд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэхийн тулд тус улсаас 500 тэрбум долларын өртөг бүхий газрын ховор элементийн нөөцийг ашиглах гэрээ байгуулахыг хүсэж буй тухай “Politico EU” “Al Jazeera” мэдээлж байв.
Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак АНУ-тай хамтран ажиллаж, газрын ховор элементийн салбараа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Украины тал ийм хариу өгсөн нь АНУ-тай газрын ховор элементийн салбарт хамтрах Украины аюулгүй байдлын баталгаа гэж үзсэнхийх нь шинжээчид онцолж байлаа. Гар утас, таблет, комьпютер, зурагт, гэр ахуйн цахилгаан хэрэглээнээс эхлээд хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, нисэх онгоц, хиймэл дагуулын холбоо, радар, зэвсэглэл агаараас хамгаалах пуужингийн систем, шумбагч онгоцууд, тагнуулын бүхий л төхөөрөмж, дурангийн линз гээд бүхий технологийн гол түүхий эд нь газрын ховор элемент юм. Дэлхийн эрчим хүчний шилжилт, Цөмийн технологи, Батлан хамгаалах салбар, Сансар огторгуйд гарах нууц түлхүүр газрын ховор элементийн үнэлгээ ч дэлхийн зах зээлд өндөр. Тиймээс Газрын ховор элементийн зах зээлд Хятадын хараанаас гарахаар Дональд Трамп бүх хүчээ дайчлан, байж болох боломж бүрийг эрэлхийлж буй. Мөн Дональд Трамп Палестинчуудыг ч Газын зурвасаас нүүлгэн шилжүүлж, далайн эргийн амралтын газар барих төлөвлөгөөтэй байгаа нь геополитикийн хямрал бүрийг АНУ-ын талд эргүүлэх алхам болж байна. Ингэснээр В.Путины дараагийн дүр болох шинж бүрджээ.
БООЦОО
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эцэст нь Путины экспансионизмыг батлах замаар ОХУ-ыг хүчирхэгжүүлж, Европын аюулгүй байдлыг сулруулах энхийн хэлэлцээг хийж магадгүй гэж CNN-ны шинжээчид үзэж байна. Энэ нь В.Путинд Украины газар нутгийг өгөх...
УКРАИН
Украин бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, улсын аюулгүй байдал гэдэг хамгийн эрхэм зүйл. Гэвч Орос Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээнд Украины төлөөллийг оролцуулалгүй хийсэн нь Дональд Трампын түрэмгийлэл юм. Энэ хэлэлцээнээс харахад АНУ болон ОХУ улс хэлэлцээрт хүрч, уг шийдвэрээ Украинд шууд тулгах болгоомжлол байна.
Уншиж байна |