Морин хуур найрал хөгжмийн удирдаач, гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж болон “Хан Мюзик” ХХК хамтран “Алтан хуур” /Golden Fiddle/ морин хуур, симфони найрал хөгжмийн хавсарга пянз бүтээх төслөө 3 жилийн хугацаанд бүтээж олны хүртээл болголоо. “Алтан хуур” пянз бол морин хуурын анхны гоцлол болж буй бөгөөд сүүлийн 40 орчим жил тасраад байсан найрал хөгжмийн үргэлжлэл болж байна.
Дэлхий дахинаа эргэн сэргэж буй пянз нь аналог дуугаралтаар хүнд хүрдэг учир үндсэн дуу авианд хамгийн дөхөж очих технологи гэж үздэг. Өөрөөр хэлбэл морин хуурын яруу тансаг аялгууг хамгийн бодит байдлаар сонсох сонгодог хувилбар юм.
Н.Жигжиддоржийн “Алтан хуур” цомгийн гол онцлог бол ширэн цартай өвөг морин хуураар гоцлон, симфони найралтай хамсран хөгжимдсөн явдал. Ширэн царт морин хуурыг төрийн хан хуур урлаач, нэрт хөгжмийн мастер “Хан Мюзик” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Уламбаяр инноваци шингээн урлажээ. Д.Уламбаяр энэ тухай, “Ширэн царт морин хуур бол бидний жинхэнэ өвөг морин хуур. Одоогийн модон цартай морин хуур бол нэг төрөл болон хөгжиж байна. Ширэн царт морин хуурын дуугаралт бол тэр л хуураас гарах өнгө байдаг. Давтагддаггүй, өвөрмөц. Түүнийг тайз дээр эргүүлэн авчрахын тулд аялгуу болон динамикийн өөрчлөлт гарахгүй байхаар инженеринг хийж өгсөн. Ингэснээр их, бага хэмжээний бүтээлүүдийг тоглох боломжтой болж байгаа юм” гэв.
“Алтан хуур” пянзанд алдарт С.Гончигсумлаагийн “Хэнтийн өндөр ууланд”, Э.Чойдогийн “Талын аялгуу” мөн “Дөрвөн цаг”, “Хэрлэнгийн баръяа”, “Цонхон дээр суусан ялаа” зэрэг ардын дуунууд багтаж байгаа. Гэхдээ эдгээр зохиолууд нь хийл болон симфони оркестрт зориулан бичигдсэн байдаг учраас ширэн царт морин хуурт зориулан шинэчлэх шаардлага тулгарчээ. Харин хөгжмийн хөрвүүлгийг залуу хөгжмийн зохиолч, ОХУ-д суралцаж буй н.Сугарцэрэн классик түвшинд найруулжээ. Пянзанд орсон хүндтэй бүтээлүүдийн нэгд хөгжмийн зохиолч Б.Шаравын Н.Жигжиддоржид зориулан бичсэн “Эхийн сэтгэл шиг” уянгын бүтээл орсныг онцолж байв. Харин хамгийн урт бүтээл болох 15 минут үргэлжлэх “Баруун Монгол” морин хуурын V концертыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр квинт хөгтэй, ширэн цартай хуураар хөгжимдөхөд зориулжээ. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр пянзны баярт уригдан ирсэн бөгөөд, “Миний бүтээл гайхамшигтай тоглогдлоо. Н.Жигжиддорж бол энэ цагийн сод хуурч гэдгээ харуулж байна. Өнгө, хэмнэл алдаагүй, гайхалтай цэвэр хөгжимдлөө. Хүн бүр амьсгаа дарж, чих тавин сонсож байна.” гэсэн юм.
“Алтан хуур” пянзны баярын нэг содон зүйл нь тухайн пянзны зөвхөн 3 хувь хэвлэгдсэн, хувилбарын үзэгчдэд очих цор ганц эх дардас буюу Тest press-ийг дуудлагаар худалдсан явдал байлаа. Анхны үнийг сая төгрөгөөс дуудсаар 16 сая төгрөгөөр А.Мягмар гэх залуу худалдан авсан юм. А.Мягмарын хувьд Д.Уламбаяр мастер урлаачийн үнэнч үйлчлүүлэгч гээд залуучууд Монголынхоо өв уламжлал, ялангуяа үндэсний хөгжмийн зэмсгийн бүтээлээ авч байгаасай гэсэн үүднээс үнэ хаялцан авснаа хэлж байлаа. Баярт урлаг, соёлын одод, төр, нийгмийн зүтгэлтнүүд олноор ирсний нэг нь продюсер Ц.Нансалмаа байлаа. Тэрээр Н.Жигжиддоржийн тухай, “Өнөө цагийг эзлэсэн цөөн морин хуурч бий. Түүний нэг бол Жийгээ. Хүнд авьяасаас гадна уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуул, чадвар, мэдрэмж нэгдэж байж нэг цул уран бүтээл төрдөг. Монгол, европ хөгжмийг хослуулж сонгодог бүтээлүүдийг тоглоно гэдэг манай Жийгээ болон баг хамт олных нь сорилт мөн дэлхийн урлагт шинээр орж байгаа урсгал ч гэж хэлж болохоор юм” гэлээ.
Уншиж байна |