Намрын адаг сар шувтарч, юу юугүй дүн өвөл ирэх нь ээ. Хоолой аргам утаатай, хацар жиндүүлэх, зэвэргэн өглөө энэ дохиог сануулна. Энэ өглөө олон хүн баярлаж, яарч, сэтгэл нь догдолж байгаа. Сэтгэл дүүрэн биш эсвэл бүр хоосон хөндий оргих зарим нь ч бий биз. Гэхдээ л баяртай нь олон буй байх гэж бодож явлаа. Бид ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангийг зорьж явна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнгөрөгч 10 дугаар сарын 29-ний өдөр УИХ-аас баталсан. Өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж, хорих ял эдэлж байгаа ялтнуудыг ялаас чөлөөлөх сүүлийн өдөр. Тэнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нүүдэллэн ажиллаж, ялтнуудыг хорих ялаас өршөөн хэлтрүүлэх, ял хасах шүүх хуралдаан явуулж байлаа.
Суллагдахад 3 жил, 3 сар, 21 хоног дутуу байгаа ялтан Д.Х-г ялаас өршөөн хэлтрүүлэх шүүх хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалан явуулав.
Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүний амь нас хохироогоод хэргийн газрыг орхиж зугтсан буюу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 зүйл ангиар таван жил хорих ял авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ гурван жилээр хасуулсан байсан түүний ялыг бүхэлд нь өршөөлөө.
Нэгэн цагт төмөр нүүрээ харуулж, түүний хийсэн гэм зэмд тохирсон ялыг шийтгэж, торны цаана суулгасан төр өнөөдөр түүнд энэрэнгүй хандаж, нартын амьдрал, эрх чөлөө олгосон. Тиймдээ ч шүүгч “дахиж битгий алдаарай” гэж захисан.
Шүүгчид хянан магадлангийн шүүх хурал явуулдаг зарчмаар ялтнуудыг нэг нэгээр нь оруулан хэлэлцэж, хорих ангийн төлөөлөл, прокурорын саналыг харгалзан ялтнуудыг өршөөн хэлтрүүлэхээр захирамжилж, тэднийг харих ёстой хугацаанаас нь өмнө буцаах шийдвэрийг гаргалаа.
Хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй 249 ялтан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч, тэдний 148 нь суллагдаж байна. Мөн ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь МСҮТ-ийн 21 ялтан уг хууль хамрагдаж байгаагаас тав нь суллагдана. Үлдсэн нь тодорхой хэмжээгээр ял хасуулна гэж Баянзүрх дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокрор У.Золжаргал ярьсан.
Шүүх хуралдааны танхимын үүдэнд хоригдлуудын өмсдөг хөвөнтэй хүрмээ тайлж, энгийн хувцас өмссөн ч нэр, дугаартай пайзаа тайлж амжаагүй хүмүүс шүүх хуралд орох дарааллаа хүлээн зогсоно. Тэд, Б.Ц-ыг шүүх хуралдааны танхимаас гарч ирэхэд “За өршөөлөө уншуулчихав уу” гэсээр инээж угтсан. Тэр ч толгой дохиод инээж байсан.
Ялтан Б.Ц нь Эрүүгийн хуудийн 181 дүгээр зүйлийн 181.2 буюу танхайрах гэмт хэрэг үйлдэж 3.6 жилийн хорих ял шийтгүүлснээс 1 жил, 8 сар, 18 хоногийн ял үлдсэн байжээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Эрүүгийн хуулийн 181.2-т зааснаар ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялаас хоёр жил хасна гэж заасан. Үүнд хамаарч Б.Ц-ын ялыг өршөөн хасаж хэлтрүүлэх, түүнийг нэн даруй суллах захирамжийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат гаргасан.
Өршөөлөөр суллагдсан Б.Ц-тэй цөөн хором ярилцлаа.
-Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжсэн нь хүмүүст их боломж олгож байна гэж харж байгаа?
-Маш их боломж. Санамсар болгоомжгүй үйлдлээс болж ингээд хүний эрхэнд байна гэдэг хэцүү. Ямар ч байсан хугацаанаасаа өмнө гарлаа. Сэтгэл маш өндөр байна. Санаанд оромгүй л юм болж байна. Их хүлээсэн дээ. 2014 оноос л сураг нь дуулдаад. 1.9 жил суугаад гарч ирлээ. Ажлын хоног сайн авсан тулдаа л.
-Та эндээ ямар ажил хийж байсан юм бэ. Эндээс гараад юу хийх бодолтой байна.
-Би ирсэн өдрөөсөө л оёдолчин хийсэн. Уг нь операторчин хүн. Зах зээлийн шуурганаар юм оёж сурч байсан. Түүнийхээ ачаар ямар ч байсан хөдөлмөр хийж байгаад гарч ирлээ. Найз нөхөд маань тус болно, хүлээж авна гэсэн. Ахиад алдахгүйн төлөө ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажилтай явахад хүн алзахгүй. Би энд ирэхийн өмнө ажилгүй байсан.
-Эрх чөлөөний үнэ цэнийг их мэдэрсэн байх.
-Тэгэлгүй яахав. Ер нь залуус л хэцүү байна. Шоронд байгаа хүмүүсийн олонх нь залуус болж. Тэд юугаа ч мэдэхгүй, гараад юу хийхээ ч мэдэхгүй байна. Эд нарын хөлийг л нийгэмд зөв залаад өгчихөөсэй л гэж хүсэх байна. Шоронд байсан, алдаж эндсэн гэсэн утгаар биш зөв явахад нь тус болоосой гэж хүсэж байгаа.
Тэр ингэж ярьсан. Өршөөгдсөн тэднийг баярлаж угтах, үзэн ядах, тэднээс айх эмээх, ад үзэх гээд өнгө бүрийн ааш, адал явдал энэ нийгэмд хүлээж байгаа нь ойлгомжтой. Хамгийн чухал тэд нэг л заяасан амьдралаа нэгэнт алдахыг хүсээгүй бол ухамсарт хүний ёсоор амьдарч, төрийн их хайрыг дааж, алхах.
Эндээс бид шууд эмэгтэйчүүдийн хорих буюу ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид очлоо. Өнөөдөр суллагдах хэн нэгэн эмэгтэйг хүлээсэн гэр бүлийнхэн цугларсныг хорих 407 дугаар ангийн гаднах машинууд, хүлээлт тээж холхих хүмүүс, хөөцөлдөн гүйлдэх багачууд гэрчилнэ. Тэд магадгүй өвөрт нь унтахыг хүсэж өчнөөн жил хүлээсэн ээжтэйгээ уулзах гэж буйдаа тийн ихээр баярлан, уйтай, цэлдэн хорих ангийн гунигийг хүүхдийн инээдээр үргээн гүйлдээ биз.
ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид 350 ялтан хүмүүждэгээс 165 ялтан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, тэднээс 108 нь суллагдан бусад нь ял хасуулна гэх мэдээллийг тус ангид Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх шүүх хуралдаан явуулж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар өгсөн.
Шүүх хуралдаанд орохоор ирж буй ялтан эмэгтэйчүүдийн дунд жирэмсэн хүн цөөнгүй байгааг хараад хүүхэд нь яана даа гэж бодогдоно. Өршөөгдөж хугацаанаасаа өмнө гэртээ харих гэж байгаа эмэгтэйчүүдээс баярласан, үр хүүхэд рүүгээ яарч догдолсон царай олж харсангүй. Харин ч “ахиад би гэмт хэрэг үйлдвэл” гэж ярихыг сонсоод гутрав.
Өршөөлөөр суллагдсан эмэгтэй Б-тэй ярилцахад “Эндээс бид нулимстай гарч байна. Дээрмийн хэргээр 6.7 жилийн ял авсан. 3.9 жил суугаад гарч байна. Бид ч яахав гараад явчихна. Үлдэж байгаа хэд маань хэцүү байна. Эрүүгийн хуулийн 91, 98 дугаар зүйл анги өршөөлд орсонгүй. 15-20 жил гэдэг бол эмэгтэй хүнд ахадсан ял. Хэзээ 20 жилийг барах вэ. Уг нь энэ хуулийг нойр хүрэхгүй хүлээсэн. Гэтэл нь зарим нь хамрагдаж чадахгүй байна. Би энэ хугацаанд барилгын ажил, галч, үсчин гээд хийгээгүй ажил байхгүй. Гараад өөрийн хүчээр ажил хийж, цалингаа аваад амьдарна гэж бодож байна” гэсэн.
Өршөөл үзүүлэх хуулийн дагуу хорих ангид ял эдэлж буй ялтнуудаас 2000 орчим нь суллагдана. Тэднийг ажлын байраар хангах, нийгэмшүүлэх зэрэг тал дээр Хөдөлмөрийн яам бусад холбогдох байгууллагатай харилцан тохирч, хамтарч ажиллахаар болсон. Суллагдсан хүмүүсийн тоо өршөөлөөр суллах ажиллагаа дууссаны дараа гарна гэж ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү мэдээлж байсан.
Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахыг хүлээж, сураг чимээ тавьж, эрх чөлөөг хүсэж, зөвхөн санахын сэтгэлээр өөрийгөө тайвшруулж байсан хүмүүс өнөөдөр гэртээ харьж байна. Тэд төрийн хайрыг дайж, сайн, сайхан амьдрах, нэг алдсан алдаагаа дахин давтахгүй амьдрах нь чухал. Дахиж битгий алдаарай.
Б.Буд