Сурвалжилга: Залууст ээлтэй 24 цагийн номын сангийн нэг өдөр
2023-12-04

Улсын хөгжлийг  өндөр байшин барилга, шинэ зам гүүрээс илүүтэйгээр иргэдийн соёл, ухамсар, сэтгэлгээгээр хэмждэг болсон цаг. Бид энэ удаад Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны, хамгийн том 24 цагийн номын сан болох МУИС-ийн номын сангаас бяцхан сурвалжлагийг бэлтгэлээ. 

 

Өдрийн 12.00 цаг. Улирлын шалгалтын сар эхэлж байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Шуудхан хоёр давхар луу гарахаар шатаар өгсөв. Тэнд нийгэм, хүмүүнлэгийн салбар сургуулийн харъяа номын сан хоёрдугаар давхарт байрлах бөгөөд дөрөв таваараа энд тэндгүй сууцгаах оюутнууд буйдан, компьютер, дуу чимээ нэвтрүүлэхгүй сандал ширээ, кафе, амралтын хэсэг гээд бүхий л зүйл харагдлаа. 

 

Дөрөв болон гуравдугаар давхрын номын санд таримал цэцэг их бөгөөд хана болон ширээ сандлын дийлэнх нь ногоон өнгөтэй байсан юм. 

 

 

Эрдэм шинжилгээний, Байгалийн ухааны, Нийгэм хүмүүнлэгийн ухааны, Ховор номын гэх мэтчилэн төрөл төрлийн нийт найман уншлагын танхимтай. Мөн 24 цагаар ажилладаг нэг удаадаа 100 хүртэлх уншигчид хүлээн авах нэг танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Номын сангийн зүгээс уншигчдын дунд “Би ямар ном бэ?”,  Шинэ номын нээлт, хэлэлцүүлэг хөгжөөнт тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдгаараа онцлог юм. Энэхүү номын сангийн уншигч болсноор уг номын сангаар үйлчлүүлдэг гадны иргэдтэй найзлан, гадаад хэлний болон дүрмийн мэдлэгээ ч бататгах боломжтой аж. Мөн тус номын сангийн сан хөмрөгт нийт 390,000 ном хэвлэл байдгаас 10,000 тогтмол хэвлэл, 6700 магистрын судалгааны бүтээл, 700 докторын судалгааны бүтээл бий аж. Харин цахим сан хөмрөгт 7400 ном, бүтээл багтдаг байна.

 

12 дугаар сарын 04-нөөс 24 цагаар ажиллаж эхэлнэ


МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Ц.Анхил "Хамгийн гоё номын сантай сургуульд тэнцэж орсондоо л их баярладаг даа. Маш олон давуу талтай шүү. Жишээ нь номын сангийн доод давхарт кофе шоп ажилладаг учраас ядарсан үедээ кофе уунгаа амрах боломжоор бүрэн хангагддаг. Мөн давхар бүрдээ өөрийн гэсэн онцлог салбар бүрийн хэрэгтэй номууд байдаг учраас их сайхан байдаг. Энд хичээлээ хийхээс гадна хамт хичээлээ хийх найзтай болдог. Оюутан болоод хамгийн их цагаа номын сандаа л өнгөрөөж байна даа" гэв. 

 


 

МУИС-ийн нийгмийн ухааны салбар сургуулийн оюутан Л.Нансалмаа “Хичээл ихтэй ядарсан үедээ унтаж болно. Энд хичээл хийх бүрэн боломжтой учраас хичээл хийхэд хүртэл урамтай байдаг. Олон улсад маш гоё номын сангууд байдаг. Цаашид олон улсын сайн жишгийг дагаж залуустаа зөв үлгэр дуурайлал үзүүлээсэй гэж хүсдэг. Гэхдээ бол заал бүрийн тохижуулалт, өнгөний зохицол, чанар хийцийн хувьд үнэхээр сайн шүү. 


МУИС-ийн номын сангийн үйл ажиллагааны талаар номын сангийн Үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээс тодрууллаа.


-МУИС-ийн номын сан нийт хэдэн номтой вэ?


- 400,000 гаруй номтой.


- Өөр сургуулийн оюутан үйлчлүүлж болох уу? Тодорхой хураамжтай юу?


- Манайх зөвхөн МУИС-ийн суралцагч буюу төлбөрөө бүрэн төлсөн оюутнуудад үйлчилдэг. Ямар тохиолдолд гаднын уншигчийг нэвтрүүлдэг вэ гэвэл тухайн уншигчийн унших гэсэн бүтээл манайхаас өөр номын санд байхгүй нөхцөлд үйлчлэх эрхтэй болдог. Үүнийг нэмэлт үйлчилгээний журмаар зохицуулдаг. 


- Хичээл жигдрээд эхлэхээр номын сангаар хэр олон оюутан үйлчлүүлдэг вэ?


- Ачаалал их байдаг шүү. Суудал дүүрчихээр хаана ч хамаагүй суугаад ном унших, хичээлээ хийх тохиолдол бий. Удахгүй улирлын шалгалт эхлэх гэж байгаа болохоор номын сан 24 цагаар ажиллаж эхэлнэ. 

Shuud.mn
Сонин хачин