Бидний дундах нэгэн төрлийн хүмүүсийг бид ойлгон хүлээн зөвшөөрч, идэвхтэй амьдрал, харилцааныхаа нэгэн хэсэг болгох шаардлага байсаар байна. Дауны хам шинжтэй хүмүүсийг бид өөрсдийнхөө нэгэн адилаар хүлээж авах нь тэдэнд амьдралын баяр баясгалан, урам зориг, өсөлт, хөгжил, итгэл найдвар өгнө гэдэгт бүү эргэлзээрэй.Тэднийг өрөвдөж, харамссан нүдээр харахын оронд зүгээр л хүлээн зөвшөөрч харилцах нь соёлтой хүний хандлага юм. Тэд хайрлаж, хүндэлж, хийж, сурч, бүтээж чадна. Эрүүл амьдралын хэв маягтай их олон төрлийн спортоор хичээллэж, бусдыгаа манлайлж буй тусгай олимпын тамирчин Г.Лхагвабаттай ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
-Сайн байна уу. Намайг Г.Лхагвабат гэдэг. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд амьдардаг. Тогоочоор ажилладаг. Тусгай олимпын тамирчин хүн байна.
-Их олон төрлийн спортоор хичээллэдэг гэсэн. Ямар ямар уралдаан тэмцээнд орж байв?
-2016 онд Тусгай олимпын хороонд тамирчин болж орж байсан. Агаарын теннис, бочче, гар бөмбөг, сагсан бөмбөг, гүйлт уртын харайлтын төрлөөр хичээллэж байгаа. 2016 онд Хятадын Хуань Шиань хотод зохион байгуулсан агаарын теннисний тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Өөр Монголд зохиогдож байсан хэд хэдэн тэмцээнд бас амжилттай оролцсон.
- Спортоор хичээллээд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
- Миний амьдрал тэр чигтээ өөрчлөлтөөр дүүрэн байсан. Олон найзуудтай болж, бид бие биедээ урмын үгээр дэм болж өгдөг. Тэрний хүчинд өдий зэрэгтээ амжилттай байж, медаль хүртэл авсан шүү дээ.
Оюуны онцлогтой хөнгөн хэлбэрийн хүмүүс зан аашийн хувьд өөрт нь итгээд даалгасан ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, бусад шиг хуурч мэхэлдэггүй хүмүүс байдаг.
-Энгийн хүмүүс хүртэл спортоор хичээллээд дундаас нь шантрах тохиолдол их байдаг шүү дээ. Харин таны хувьд их олон спортоор давхар хичээллэдэг. Хэцүү шантармаар үе их л байсан байх даа?
- Хэцүү үе их байсан. Ээ иймхэн бөмбөгийг авч чадахгүй оноо алдчихлаа гээд л их гуниглана, шантарна. Пүрэвсүрэн багш маань энэ бүх хугацаанд урам зориг өгч, болохгүй байгаа зүйлийг минь хатуухан хэлж зааж зөвлөдөг байсан учраас багшийнхаа хэлсэн үг болгоныг нь маш сайн ойлгосноор өдий зэрэгтээ Лхагвабат гэх нэрийг олонд таниулан явж байна.
-Манай уншигчдад ойрын зорилт, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцана уу?
- Миний ирээдүйн зорилго бол нэгдүгээрт тамирчин хүн учраас цаашдаа ч мөн спортоороо хичээллэж тамирчнаараа л явахыг хүсэж байна.
Монголын тусгай олимпын хорооноос "Залуучуудын Манлайллын Чуулган-2022" аравдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрсөн. Тус чуулганд Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Улаанбаатар хотын Хамтарсан сургууль 23. 35. 65, 102, 114, 135, Монгол Тэмүүлэл, Шинэ Монгол Харумафужи сургууль болон МТОХ-Ны манлай 40 гаруй залуус чуулсан юм.
- Хоёр хоногийн чуулга уулзалт хэр болж өнгөрөв. Их олон зүйлийг сурав уу?
- Чуулган маш сайхан болж дууслаа. Энэ чуулга уулзалт миний хувьд хоёр дах удаагийн том өдөрлөг байсан. Өмнө нь Шанхай хотод болсон таван өдрийн хурал цуглаанд оролцож маш их мэдлэг авч өөрийн гэсэн зорилготой, тууштай үнэнч байдал, манлайлагч хүн болохын тулд хэрхэн бэлтгэх тухай маш олон зүйлийг мэдлэг болгон хуримтлуулж авлаа.
Бид дэлгүүрт чихэр авахаар ээрэн уйлж байгаа хүүхдийг хараад буруу хүмүүжилтэй, хэт эрхэлсэн хүүхэд байна хэмээн буруутгах нь элбэг байдаг. гэтэл оюуны онцлогтой жишээ нь дауны синдром, аутизмтай хүүхдүүд чихрийг үнэхээр авахыг хүссэндээ биш сэтгэхүйн онцлогоосоо болж ээрэн уйлж байж ч болох юм. Иймд оюуны онцлогтой хүүхдүүдийг ойлгож, хүндэлдэг, харилцдаг нийгмийг бүтээхэд миний таны ойлголт хамгийн чухал байдаг юм шүү.
-Тэгвэл таны дотоод ертөнцийг өнгөөр төсөөлбөл та ямар өнгө сонгох бол?
-Улаан, цагаан. Яагаад ч юм бэ, би өөрийгөө ийм өнгөөр л төсөөлдөг юм. Аливаа зүйлд өөрийнхөөрөө хандаж, хэн нэгнийг хуурч гомдоохгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй гэж боддог учраас сэтгэл санаагаа цав цагаанаар төсөөлнө. Харин улаан нь миний эрч хүч, өөдрөг сэтгэл, амьдралын тэмүүлэл гэж боддог.
-Хамгийн сүүлд хайртай дотнынхоо хүмүүс хандаж сэтгэлийнхээ үгийг хэлээч?
- Би гэр бүлийнхэндээ маш их баярладаг. Мөн тамирчин гэх алдрыг надад өгсөн Пүрэвсүрэн багшдаа маш их баярлаж явдаг. Таны хэлсэн урмыг үгээр би өдий зэрэгтээ явж байгаа юм шүү.
Ээж минь хэлэхдээ Оюуны онцлогтой хүүхдүүд нь удаашралд орсон жирийн хүмүүс бөгөөд бидэнд боломж олгоод бага зэрэг хугацаа зарцуулахад ямар ч зүйлийг сурч чаддаг онцгой хүмүүс гэж хэлж байсан. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан үг байсан юм.
Оюуны онцлогтой бид нар шиг хүмүүс энгийн хүмүүстэй анх харилцахаар очихдоо маш их зориг гаргадаг. Намайг хараад юу гэж бодох бол, яаж хүлээж авах бол гэх мэт маш их айдсыг мэдэрдэг. Иймд биднийг ойлгодог хэн нэгэн нийгэмд эерэг нөлөөллийг авчирч, харилцахыг хүсэж буй хүнтэйгээ ойлголцохгүй зогсож байхад биднийг ойлгож, тайлбарлаж, харилцаанд маань дэм болоосой гэж хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд спортын их амжилт хүсье, эрч хүчээр дүүрэн байж олон амжилт гаргаарай.
Ц.Наранцацрал
Уншиж байна |