БЭТ Ж.Батзандангийн хазаарыг татав
3 цаг 22 мин

 

Монгол Улсын Засгийн газраас стратегийн орд газруудын 34-51 хувийг төрийн мэдэлд авах хэлэлцээрийг орд эзэмшигчидтэй хийх гэж буй. Энэ ажил ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд цэгцэрсэн байх учиртай. Стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, түүнээс олох орлогыг  Үндэсний баялгийн санд хуримтлуулах хууль өнгөрөгч оны дөрөвдүгээр сард батлагдсан.

Стратегийн ордуудын хайгуулыг  төрийн мөнгөөр хийсэн бол 51 хүртэлх хувийг, хувийн хэвшлийн мөнгөөр хийсэн бол 34 хүртэлх хувийг төрийн мэдэлд авна.

Хэлэлцээрийн гол зорилго нь төр хэдэн хувиа авах уу? Хувийн хэвшил хэдэн хувьтайгаа үлдэх вэ? гэдэг тохироо.

Хувийн хэвшилтэй хэлэлцээрийн ширээний ард суух БЭТ-өөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилсон.

Нэгэн цагт ''шударга тав''-ын нэг болж, УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах акцийг оройлон гүйцэтгэсэн Ж.Батзандан БЭТ болмогцоо амаа авсан морь шиг зүтгэсэн нь Засгийн газар болон стратегийн орд эзэмшигчдийн дунд үл ойлголцол үүсгэв.

Тэрээр Монгол Улсын Засгийн газар, ХЗДХ-ийн сайд өөрт нь ажиллах мэтээр ярихдаа стратегийн ордуудын хувьчлал хэрхэн хийгдсэнээс хамаарч тэдэнтэй хэлэлцээр хийх үү үгүй юу гэдгээ шийднэ, хэлэлцээр хийхгүй байх ч эрхтэй гэж мэдэгдэв. Бүр 100 хувь хурааж авах тухай ч агуулгыг хөндсөн юм.

Түүний заналхийллийн шинжтэй мэдэгдэл хувь эзэмшлээ тохирьё гэсэн байр суурьтай хувийн хэвшлийнхэнийг сүрдүүлэгт оруулсанд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр залруулга хийв. Тэрээр ‘’Ж.Батзандан стратегийн ордуудын хэдэн хувийг төр авах уу? Ард иргэд хэрхэн өгөөжийг нь хүртэх вэ? гэсэн хувилбарыг л гаргана. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Ингэхдээ санхүү хуульч, шинжээдийн дүгнэлтэд үндэслэнэ’’ гэсэн юм.

Хувийн хэвшлүүд 34 хувиа төрд өгье, 34 хувиа АМНАТ-өөр орлуулах уу? эсвэл Оюутолгой шиг 34 хувиа аваад явах уу гэдэг хэлэлцээрийн ширээнд сууж хэлэлцэх саналаа Засгийн газарт ирүүлчихсэн.

Тиймээс БЭТ Ж.Батзандан дур зоргоороо авирлаж, сэлэм эргүүлэх эрхгүй гэдгээ мэдэх, мэдрэх учиртай болж таарна. 

Shuud.mn
Сонин хачин
ТЭГМЭЭРДЭЭ
2025-02-25
Mongoliin zasag, uls turchduus xezee ch oligtoi yum garaxgui. Xurdan nuursnii une ni axiad dooshoo unaj ediin zasag ni suurvel taarna.
2025-02-25