Энэ жилийн цагаан сарын баяр шинийн нэгэнгүй. Битүүн баасан гарагт, шинийн 2,3 амралтын бямба, ням гарагуудад тохиож буй. Ингээд гуравдугаар сарын 3-аас буюу ирэх даваа гарагт төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхэлнэ. Сар шинийн баяр амралтын өдрүүдийн хугацаа ахархан байгаад иргэд сэтгэл дундуур байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногоос эхлэн амралтын өдрүүдийг сунгахыг нийгмийн сүлжээгээр уриалж эхэлсэн. Мөн Засгийн газрын 11-11 төвд амралтын өдрийг сунгах санал ирүүлжээ. Энэ дагуу маргааш /2025.02.26/ Засгийн газар хуралдаж хуульд харшлахгүйгээр амралтын өдрийг сунгаж болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүгээр бол ирэх Даваа, Мягмар гарагуудыг амралтын өдөрт шилжүүлж магадгүй. Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-д амарна гэж хуульчилсан. Хэрвээ иргэдийн хүссэнээр амраавал хууль зөрчинө гэдгийг Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тиймээс цаашид цагаар сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барихаа мэдэгдсэн юм.
Харин хуульч Б.Гүнбилэг энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Хуульд шинийн 1, 2, 3-нд амарна гэж. Зурхайч нар энэ жил шинийн 1-гүй гэж. Хуулийн агуулга нь гурван хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш юм шүү. Сар шинэ л бол сар шинэ. Хууль тогтоогч шинийн 1-гүй байж болдог эсэх талаар бодолцоогүй л хууль баталж. Гол санаа нь 3 хоног" гэж бичжээ.
Юутай ч маргааш Засгийн газрын хуралдаанаар сунгаж амрах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.
Уншиж байна |