Эстонийн нийслэл Таллин хотод хамгийн хөл хөдөлгөөнтэй байдаг замуудын нэг хэсгийг шөнөөр хаахаас аргагүй болжээ. Учир нь мэлхийнүүд энэ замыг хөндлөн гарч байсан тул зам хаах шаардлагатай болсон гэж Ройтерс мэдээлсэн байна.
Мэлхийнүүдийн өвөлждөг газар нь замын нэг талд, харин үржлийн хэсэг нь замын нөгөө талд байрладаг гэнэ. Ингээд мэлхийнүүд үр удмаа үлдээхийн тулд зам гарах шаардлагтай болдог гэнэ. Тэд зам хөндлөн гарахдаа туйлын удаан байдаг гэнэ. Учир нь ичээнээсээ дөнгөж сэрсэн мэлхийнүүдийн хөдөлгөөн удааширсан байдаг бөгөөд улмаар зам дээр 300 гаруй мэлхий нэг дор цуглах тохиолдол ч байдаг аж.
Коронавирусийн цар тахал гарахаас өмнө мэлхийнүүдийг зам хөндлөн гарах явцыг амьтанд туслах сайн дурынхан ажиглаж, нойрмог мэлхийнүүдийг замын нөгөө талд гаргадаг байсан гэнэ. Өнгөрсөн жилүүдэд сайн дурынхан 97 мянган мэлхий аварснаас 2000 орчмыг нь энэхүү хөдөлгөөн ихтэй зам дээр аварчээ. Гэвч энэ жил халдварын тархалттай тэмцэх зорилготой хязгаарлалтын улмаас сайн дурынхан ажиллах боломжгүй болсон тул мэлхийнүүдийг аюулгүй байдлаар зам гаргахын тулд замыг тавдугаар сар хүртэл шөнийн цагаар хаах шийдвэр гаргажээ. Түүнчлэн цаашид замын доогуур могойн төрөлт болон бусад жижиг амьтад явах гарц байгуулах хувилбарыг хотын эрх баригчид судалж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |