Энэ удаагийн хурлаар шилжилтийн үед байгаа Сири Улс дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэднийг оролцоог шийдвэр гаргах түвшинд бий болгох асуудлаар санал солилцож, уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргав. Уулзалтаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэйчүүд, охидод тулгардаг сорилтууд тодорхой бүс нутгаар хязгаарлагддаггүй болохыг тэмдэглээд асуудлыг дэлхийн хэмжээнд авч хэлэлцэх нь чухал ач холбогдолтойг илэрхийлсэн байна.
Феминист гадаад бодлогын сүлжээ нь олон улсын харилцаа, дипломат бодлогын хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, энхтайванн, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой санаачилга юм.
Энэ сүлжээ нь улс орнуудын феминист гадаад бодлогын стратегийг хөгжүүлэх, жендерт суурилуулсан хүчирхийллийг бууруулах, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зорилготой. Швед, Канад, Мексик, испани зэрэг улс орнууд феминист гадаад бодлогыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэхдээ Шведийн шинэ Засгийн газар энэ бодлогыг цуцалсан бол бусад орнууд бататгах чиглэлд ажиллаж буй. Жишээ нь Мексик феминист гадаад бодлогыг зарласнаасаа хойш элчин сайдуудынхаа 51 хувийг эмэгтэйчүүд болгожээ.
Харин Монгол улс албан ёсоор ''феминист гадаад бодлого'' гэж зарлаагүй ч жендерийн тэгш эрхийг тодорхой хэмжээнд гадаад бодлого дипломат ажиллагаандаа тусгасаар ирсэн.