Улсын арслан Э.Оюунболд төрсөн нутгийнхаа ''Өндөрхаан'' уулын хишиг барилдааныг үзжээ. Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нутгийн ард түмэн маань олон жил хэл аманд өртөж, хэлмэгдэн нүдүүлж явахад урам өгч, дэмжиж ирсэн. Үнэн шударга зүйл ялах цаг ирнэ. Би тэр өдрийг маш их хүлээж байна” гэжээ.
Э.Оюунболд 2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн байдаг. Харамсалтай нь түүнээс допинг илэрч улмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-нд Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлж цол чимгийг тухайн үед нөхөж олгосон байдаг.
Өнгөрсөн жил МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс /2024.07.09/ хуралдаж, Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жил дөрвөн сараар хассан юм.
Э.Оюунболд арслан өмнө нь энэ тухай цахим хуудсаараа дамжуулан "Би улсын наадамд л барилдах хүсэлтэй байна. Хэд давах нь хамаагүй. Допингийн холбооны Ж.Хатанбаатар гэдэг хүнтэй уулзмаар байна. 2019 оны допингийн шинжилгээний хариугаа авмаар байна. 2022 онд намайг өвдөгний бэртэлтэй доголон байхад допинг илрүүлсэн. Би доголон байж хэнийг давна гэж допинг хэрэглэх юм бэ. 2019 онд допингийн холбооны эмч Энхсанаа гэдэг хүн миний шинжилгээнээс адууны бэлдмэл гарсан гэсэн. Адууны бэлдмэл хэрэглэсэн хүн ингээд байж байх уу? Намайг үргэлж дэмждэг Хэнтий нутгийн ард түмэн, Монголын ард түмнээ баярлуулмаар байна" гэж хэлж байсан удаатай.
Уншиж байна |