Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс дахь тархины харвалтын өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайхан
Дэлхий нийтээр жилд 17 сая хүн тархины цус харваж байгаа бөгөөд зургаан секунд тутамд нэг хүн харвадаг гэсэн судалгаа байдаг аж. Харин Монгол Улсад тархины цус харвалт жилээс жилд нэмэгдэж ДЭМБ-аас гаргасан харвалтын тархалт өндөр орны тоонд багтаад байгаа ажээ. Гуравхан сая хүнтэй манай улсад сүүлийн жилүүдэд харвалт залуужиж, 19,21 настай залуус өртөх болжээ. Энэ нь хүн амын амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүдээс үүдэлтэйг мэргэжлийн эмч нар онцолж байгаа юм. Тэр ч утгаараа харвалт дэлхий нийтэд ДОХ-оос ч илүү аюул дагуулах болсон.
Манайд 15 жилийн өмнөхтэй харьцуулахад харвалт маш өндөр хувьтай нэмэгдсэн. Монгол Улс харвалтын эрсдэлт хүчин зүйлээрээ өндөр. Учир нь дандаа давстай цай уудаг, өөх тос, өрөм зөөхий иддэг. Мөн үүний дээр сүүлийн жилүүдэд хөдөлгөөн багатай, стресс ихтэй болсон нь харвалтын гол хүчин зүйл болоод байна.
Тархины харвалт гэдэг нь тархины судас гэнэт хагарч, эсвэл бөглөрсний улмаас тархины цусан хангамж алдагдаж тархины эдийн өөрлөлт үүсгэдэг нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт өндөртэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндрэл учруулдаг эмгэг юм.
Тархины харвалт үүсгэх шалтгаан хүчин зүйлсэд даралт ихсэлт, чихрийн шижин, цусан дахь өөх тос ихсэх, тосгуурын жирвэгнээ, тамхи таталт, таргалалт, судасны эмгэгүүд багтах бөгөөд эдгээр хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлснээр харвалт болох эрсдэлийг 80%-аар бууруулах боломжтой.
Манай орны тархины харвалтаас шалтгаалсан нас баралт дэлхийн улс орнуудын дотор 2-р байранд, хөдөлмөрийн чадвар алдалтаар 1-р байрт бүртгэгдсэн. Тархины харвалтын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн 23.8% нь бие даасан, 29.2% нь бусдын тусламж шаардлагатай буюу хагас бусдын хараат, 47% нь өдөр тутмын үйл ажиллагааны түвшин бусдын хараат байна. Монгол улсад бүх харвалтын дотор залуу насныхан 20-26%-ийг эзэлж байгаа нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлсэнээр тархины харвалтаас үүдэх үр дагавараас сэргийлэх боломжтой юм" гэв.
Уншиж байна |