Цагаан сар угтсан цахим залилан...

\
- Залилагч этгээд цахим орчинд "Зээлийн эрх сэргээнэ, эрх нэмэгдүүлж өгнө" гэх зар байршуулан төлбөр мөнгө, хувийн мэдээллийг нь авч, оргон зайлж байна.
- Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангахгүйгээр линк холбоос дээр дарж, хувийн мэдээллээ алддаг. Тухайн мэдээллээр нь залилагч этгээд санхүүгийн үйлчилгээ авч, боломжит хэмжээгээр олон газраас зээл авч байна.
- Албан бус судалгаагаар манай улсын насанд хүрсэн нийт хүн амын 80 хувь нь зээлтэй гэсэн статистик байна.
-
Сар шинийн баяр болохоор мөнгөний эрэлт хэрэгцээ ердийн үеийнхээс эрс нэмэгддэг. Эрэлтийг далимдуулан залилах гэмт хэргийн гаралт өсөөд байна.
Тухайлбал, өөрөө ч мэдээгүй байхад "Ард", "Тус", "Нэт капитал", "Дэвших нэхий" гэх мэтчилэн 5-6 зээлийн аппликэйшнээс зээл авсан тухайгаа хохирогч ярьж, цахим залилан ямар өндөр түвшинд хүрснийг сэрэмжлүүлж байсан удаатай.
Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа их шаарддаг. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хохирсон бол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай үйл ажиллагааны хэлтэст хандаж, хууль бус данс болон хуурамч хаягийг хаалгах арга хэмжээг авахуулах хэрэгтэй.
Энэ газар нь сүүлийн нэг жилийн хугацаанд долоон мянга гаруй хууль бус домэйн хаягийг хязгаарлаж, иргэдэд 600 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.
Аппликейшний зээлийн хүүг зохицуулсан хууль эрх зүйн орчин Монголд бүрдэж чадаагүй орон зайг гэмт этгээдүүд ашиглаж байна. 2024 оны байдлаар нийт 2 сая иргэн аппликейшнээс нэг их наяд гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ нь давхардаагүй тоо. Хүүгийн хувьд жижиг зээл учир цахим зээл 3.5 орчим хүүгийн дундажтай.
Иймд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа сайн хянах, шаардлагагүй линкээр орохгүй, имэйл ирсэн тохиолдолд шууд устгах, заавал нягтлахыг сэрэмжлүүлж байна.
Хялбар, хамгийн таатай нөхцөл зээл дээр залилан байх магадлал өндөр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ