....Энхмаа сайн уу? Сайхан амарсан уу? Алив халууныг нь үзье гэх халамж дүүрэн өглөө. Бидний өглөөд өнгө нэмдэг миний охины хоёр дахь гэр болсон цэцэрлэг. Улсдаа ганцхан, ялгаатай хөгжилтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог 10 дугаар цогцолбор.
Тус цэцэрлэг энэ жил багш нарын баярын өдрийг тохиолдуулан "Багшаа ойлгоё" өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт эцэг эх, асран хамгаалагчид нэг өдөр багш нараа ойлгох “үүрэг” авсан юм
08.00 цаг: Хамгийн эхлээд өдөрлөгт хамрагдаж байгаа эцэг эх, асран хамгаалагчид “гэрээ” байгуулж гарын үсэг зурлаа. Уг гэрээнд хүүхдийн нас хүйс, хувийн онцлогоор ялгаварлахгүй, адил тэгш хүндэтгэлтэй хандах, хүний эрх, эрх чөлөөг хүндлэн, дээдлэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг таван заалтыг тусгажээ. Би зөвшөөрч, гарын үсэг зурснаас өдрийн ажил маань эхэллээ.
08.10 цаг: Өглөөний хүлээн авалтын цаг. Г.Мөнхзаяа багштай Дунд Б бүлэгт өдрийн турш ажиллана. Бид 14 хүүхэдтэй ангид гурвуулаа ажиллах ёстой. Биднийг ангид ороход эхний дөрвөн хүүхэд ирчихсэн, багш тус тусын асаргаа сувилгаагаа аль хэдийнэ эхлүүлжээ. Бид ч зэрэгцээд “ажилд”-аа орлоо. Бүлгийн багш бидэнд хүүхэд бүрийн хөгжлийн онцлогийг танилцуулав.
09.00 цаг: Ангийн өнөөдрийн ирц бүрдлээ. Бид өнөөдөр ЕСӨН хүүхэдтэй ажиллана. Тэд бүгд 2020 оных. Гэсэн ч тэдний нэг нь л бие дааж хооллож, бие засаж, өөрийгөө ойлгуулж чадна. Харин үлдсэн НАЙМ нь ялгаатай хөгжилтэй. Багш бидэнд амар байх үүднээс хүүхэд бүрийн ар талд нь нэрийг нь нааж өгсөн ч цөөхөн нь нэрийг нь дуудахад хариу өгнө.
Өглөөний цай болох сүүтэй будаа орж ирснээр бидний жинхэнэ ажил эхэллээ. Манай ангийн хүүхдүүдийн тав нь өөрөө ширээний ард суугаад хооллож чаддаг бол үлдсэн дөрөв нь багшийн тусламжтайгаар хооллоно. Өглөөний цай аягалах зуур ээжээсээ үлдэхдээ хямарч уйлж үлдсэн хүү маань булчин нь чангарч, биднийг хямраав... Удалгүй цэцэрлэгийн хөдөлгөөн засалч орж ирэн хүүг тайшруулж, булчинг нь суллахаар авч явлаа. Хөдөлгөөн засалчийн эмчилгээнд орсон хүү маань багахан тайвширч орж ирсэн ч шингэн зүйлээ ууж чадахгүй хахаж цацан бас л сандаргав. Багшийн тусламжтай хооллодог энэ ангийн хоёр охины нэг нь өглөөний цайгаа уух гэж багагүй юм болов. Манай гүнж заавал хөгжим сонсож, тоглоомоо тоглонгоо хоолоо иддэг. Эхлээд түлхэнэ, буруу харна, тэгснээ амсаж үзнэ, дараа бага багаар идэж эхэлнэ.
....Ширээ хавиарх асгаж цутгасан, энгэрийн алчуурны халтартсантай ярих ч юм биш. Хүүхдүүддээ өглөөний цайгаа өгч дуусгаад угаалга цэвэрлэгээндээ орлоо. Аяга таваг, алчуур, шал, дэвсгэр бүгдийг нь цэвэрлэх ёстой. Ангийн хүүхдүүдийн ихэнх нь мөлхөж, өнхөрдөг учраас хивсэн дээр даавуу дэвсжээ. Уг даавуу болон шалыг өдөрт гурваас доошгүй удаа ариутгалын бодистой усаар угааж арчих ёстой. Эхний удаагийн угаалгыг ёсоор болгов.
10.00 цаг: Жимс ногоогоор хооллох цаг. Өнөөдрийн энэ цагт хүүхдүүдэд гал тогооноос луувангийн нухаш бэлджээ. Энэ удаад арай туршлагатайгаар хооллов. Гурвуулаа ч гэсэн ЕСӨН хүүхдэд хүрч ядсаар суутал өдрийн сургалтын хуваарийн дагуу Зургийн багш орж ирлээ. Өнөөдөр хүүхдүүд багштайгаа хамтран байшингийн наамал хийнэ....Бид цонхтой, цонхгүй, ягаан дээвэр, ягаан хаалга, ягаан цонхтой байшингийн хэд хэдэн наамал хийлээ. Цавуу барих, өнгийн цаасыг хайчилж өгөхөд багш тусалж, өнгө сонгох, цавуудсан цаасаа наахыг хүүхдүүд өөрсдөө хийнэ.
Зориулалтын сандал дээр суусан гурван хүү маань бидний хийж байгааг ажиглан, хааяа нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууна. Харин хоолоо идэх гэж түмэн “ямба” заасан бяцхан гүнжид энэ ангид болж байгаа юм бүхэн хамаагүй мэт. Гэрэлтэй, хөшигтэй, буйдантай ганган булан түүнийх... Гүнж тэр буландаа хэвтэж, өнхөрч, гараараа “түүнийх” гэж нэрлэсэн тоглоомоор тоглоно....
11.30 цаг: Хүүхэд бүрийн онцлогт тааруулсан сургалтын цаг. Хөдөлгөөн засалч, ахуй засалч нар ээлжээрээ хүүхдүүдийг авч явж, тэдэнд тохирсон эмчилгээ сувилгаа хийдэг. Ангид ч бас сургалт үргэлжилнэ. Жишээ нь, “Од” /таних тэмдгээр нэрлэв/ хүү гутлаа тайлж сурах, хоёр гутлаа зэрэгцүүлэн тавьж сурах, буцаад гутлаа өмсөж сурах гэсэн бие дааж хийх үйлдлийг давтуулах ёстой. Бас ширээн дээр суугаад хооллоод сурчихсан таван хүүг хөтөвчинд тогтмол суулгаж “Шээе” гэх үгийг ойлгуулах ёстой. Гэтэл бид гурвын хувьд сургалтад ТЭГ оноо авлаа. Түрүүхэн өглөөний цайгаа ууж, араас нь жимсний нухаш идсэн хэдэн бяцханууд живхэндээ .... Эхнээс нь угааж, цэвэрлэн туслах багшийн зааснаар живх солихдоо улайсан хэсэгт тос түрхэх ажлыг ёсоор болгов. Ангийн 9 хүүхдийн найм нь живхтэй. Хүүхдүүдийн живхийг таних тэмдгээр нь ялган өржээ. Ер нь энэ ангийн бүх юм цэгцтэй, цэвэрхэн. Шалны алчуур үүдний гишгүүр цав цагаан....
12.00 цаг: Өдрийн хоол. Нэгдүгээр хоол нь баяжуулсан бантан. Хоёрдугаар хоол нь бөөрөнхий мах байцаатай хуурга. Өглөөнөөс хойш арай туршлагатай болсон бид 3 өөрсдөө суугаад хоолоо идчихдэг 5 хүүхдийнхээ хоолыг нь аягалж өгөөд нөгөө 4 хүүхдээ хооллож эхлэхтэй цэрэгцэн ширээн дээр сууж байсан хэд маань эхнээсээ суугаагаараа унтаж эхэллээ. Нэг нь хүүхдүүдээ хооллохоор болж, хоёр нь ор засаж, хүүхдүүдээ унтуулж эхлэв. Хооллох унтуулах угааж цэвэрлэх....Үргэлжилсээр...
... гурван хүүхэд унтдаггүй. Түрүүлж унтсан бас нэг охин маань дугхийсэн болчихоод тэрүүгээр энүүгээр юм түшиж мөлхөөд үймүүлж эхлэв.... Ашгүй БАГШ орж ирлээ. Унтаагүй гурван хүүхдийг жимбийтэл өлгийдөөд унтуулчихлаа. Түрүүлж сэрсэн охиныг ч бас өлгийдөж, толгойн, хацарт нь үслэг даавуу ивэхэд баярлан инээж байна. Охин зөөлхөн, бас бөөрөнхий зүйлд дуртай.... Есөн өөр онцлогтой тэдний хөгжлийг багш нь ингэж өөр өөрт нь зориулан хөгжүүлж, хамгаалж, хайрладаг аж.
14.00 цаг: Нэг хоёрдугаар хоолны аяга таваг, хоолны ширээ орчмыг цэвэрлэж, бохирдсон хувцсыг угааж дуусахтай зэрэгцэн хүүхдүүд эхнээсээ сэрлээ. Эхнээс нь живхийг нь сольж, хувцаслаж, сандал дээр нь суулгасаар нэг л мэдэхэд үдээс хойш болж хамгийн эхний буюу 15.30 цагт автобусаар явдаг “гүнж”-ийг хувцаслах үүргийг жолооч ах өглөө. Тус цэцэрлэг хоёр автобустай ч найдвартай жолооч олдодгүйн улмаас зөвхөн хотын баруун талдаа цэцэрлэгийн автобусыг явуулдаг. Хүүхэд, тэр тус тусмаа ялгаатай хөгжилтэй хүүхдэд үйлчилнэ гэдэг бол жолооны үнэмлэхтэй хүн бүрийн хийх ажил биш... Уг хариуцлагатай ажлыг цэцэрлэгийн жолооч н.Суурь ах хийдэг. Маш нягт нямбай, элгэмсэг нэгэн.
16.00 цаг: Тарах цаг. Бидний ажил шувтрах тийшээ хандаж байна... Аав ээж нарыг иртэл нэг багш ээж маань хүүхдүүдэд МАНЖИНГИЙН үлгэр ярьж, дуулж бүжлээ. Энэ хооронд нөгөө ээж бид 2 цэвэрлэгээ угаалга хийж, өдрийн хуримтлагдсан хогийн зориулалтын хогийн саванд аваачиж хаях зэрэг ажлуудад дарагдсаар... Тухтайхан суугаад аяга цай уух завгүй өдөр өнгөрлөө...
....Бүгд өөр хөгжилтэй. Бяцхан үрс минь энд хөлд орж, хэлд ордог. Тэр ид шидийг 10 дугаар цэцэрлэгийн хамт олон бүтээдэг. Тэд бидний ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийн эрхийг дээдэлж, ялгаварлалгүй, гадуурхалгүй орчинд өсгөн хүмүүжүүлдэг юм.
Баярлалаа, АРАВДУГААР цэцэрлэгийн хамт олондоо.
Уншиж байна |