![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/632.jpg)
Ногоон намын нэр "моод"-онд оржээ. Дэлхий дахинаа ногоон засаглал, ногоон хөдөлгөөн хэмээн өрнөж байгаа болоод ч тэрүү манайд Ногоон нам гэсэн нэрний төлөө хэсэг улстөрчид сүүлийн хэдэн сар тэмцэлдэж байна. Өчигдөр Улсын дээд шүүхээс Ногоон намыг бүртгэсэн нь энэ тэмцлийг улам гааруулав. Намын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Энхбат намын олонхи гишүүнээ дагуулаад Иргэний зориг намд дагаар орж өөрийгөө "хаан"-д нь өргөмжилсөн.
Хоёр намын нэгдлийг эсэргүүцсэн Басандорж, Бум-Ялагч нарын хэсэг нөхдийн эсрэг хэдэнтээ мэдэгдэл гаргаж, эргэж буцах замгүй болсоноо дуулгасан. Гэвч нөгөө эсэргүү хэд нь цөмийн хаягдал, авлига зэрэг нийгмийг хамарсан олон асуудлаар шоудаж Ногоон нам гэгч нэрийг бие даасан гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Энэ хоёр нам нэгдээд УИХ-ын сонгуульд оролцсоноор эрх барьж буй намуудад хохиролтой. Парламентын суудлыг тийм ч олон хүнтэй хуваахыг хүсээгүй хэсэг нь улстөрийн гуравдагч хүч шургалах боломж ологохгүй байх сонирхолтой байгаа. Энэ нь ч намынхаа нэгдлийг эсэргүүцсэн нөгөө эсэргүү хэдийн тэмцлийг дэмжих нэг шалтгаан болсон. Дэмжлэг авч байгаа нь өчигдөр болсон Дээд шүүхийн шийдвэр байв. намаа авч үлдэж чадсан хүмүүс шүүхийн танхимд тэврэлдэн ялалтаа тэмдэглэж байхад эвсэж нэгдсэн Иргэний зориг Ногоон намынхан хариу мэдэгдэл гаргалаа. Ерөнхийлөгчид хаягласан нь учиртай.
Шүүх засаглалыг гартаа атгаж суугаа, нөлөөлөх хамгийн магадлал өндөртэйгөөр нь тэгсэн байх. Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга "Ногоон намын нэгдоийг эсэргүүцсэн нийт гишүүдийн 10-хан хувьд Ногоон намын нэрийг олгож буй нь улстөрийн зорилготой үйл явдал боллоо. ИЗНН нэгдсэн нь улстөрийн гуравдагч хүчийг бүрдүүлэхийн эхлэл байсан" гэж мэдэгдлээ. Үнэхээр нийт гишүүдийн 10-хан хувьд хүрд эргүүлэх боломж олгосон нь үнэн бол улстөрийн золиос байсан гэж ойлгогдохоор.
Мөн үүнийг гэрчлэх үйлдэл нь Улсын дээд шүүх ИЗНН-ын бүртгэлийг хэдэнтээ буцаасан. Нам нь нэрээ солих, эвсч нэгдэхэд эсэргүүцсэн хэсэг бүлгийн хүний санаагаар намыг нь бүртгэдэг байдал ийм маягаар газар авч байна.
Үүний нэг жишээ МАХН байсан бол, энэ удаа Ногоон болж байна. Өөрийгөө намын даргад өргөмжлөөд суучихсан УИХ-ын гишүүн Д.Энхбат тэгэхээр нам ч үгүй, албан бус болж таарч байна. УИХ-ын сонгуулийн өмнөхөн нэгэн нам бутарч, нэгэн дарга хий суудалтай болж таарлаа.