Хаяа залгасан улс орон нь түүхий эдээ олборлож ашиглаад дэлхийд технологиор тэргүүлж, АНУ-ыг ардаа орхих гэж байхад бид олборлож болно, болохгүй гэж маргалдсаар технологи биш юмаа гэхэд эдийн засгийн өсөлтөөр хол хоцорч байна.
Хятадын хиймэл оюун ухаан “DeepSeek” нээлтээ хийж, open Ai ChatGPT, тэргүүтэй хиймэл оюун ухааны чатботуудыг ардаа орхисон. Хятадын хиймэл оюун ухаанд суурилсан чатбот “DeepSeek” технологийн салбарт шуурга дэгдээснээр, AI хөгжүүлэгч компаниудын хувьцааг унагаж буй дуулиантай үйл явдал ар араасаа өрнөсөөр байна. Хятадын чатбот “DeepSeek” одоогоор АНУ-д хамгийн их татагдсан аппликейшн болсон бөгөөд 6 орчим сая ам.доллараар бүтсэн нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэж байна. Харьцуулбал АНУ-ын "OpenAI", "ChatGBT" AI команпиудад 1 их наяд долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгдөж байгаа гэж Goldman Sachs мэдээлжээ. Ямартай ч ''DeepSeek''-ийн дуулиан үргэлжилж байгаа бөгөөд цахим орчинд хөгжилтэй миимүүд гарч ирсээр байна. Ингээд Хятадын технологи яах аргагүй АНУ-ын технологийн компаниудыг сандаргаж хиймэл оюун ухаанд суурилсан чатботуудын гол чипийг үйлдвэрлэж байгаа Nvidia-йн хувьцаанд хамгийн их нөлөөлөл үзүүлсэн байдаг.
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадсан Дийпсийкийн нууц юунд байв. Ердөө л газрын ховор элементийнхээ экспортыг сүүлийн жилүүдэд танасан Хятад дотоодын үйлдвэрлэл, технологийн компаниудаа дэмжсэнд байгаа. Энэ бол Хятадын төрийн бодлого байсан бөгөөд дэлхийн ирээдүйн геополитикийн бодлогыг тодорхойлох хүч тус улсын мэдэлд байна. Хэрэв Хятад газрын ховор элементийн экспортоо зогсоох л юм бол АНУ-ын технологийн компаниуд, номер нэг хүчирхэг армийн зэр зэвсгийн үйлдвэрлэл агшиж, хамгийн хүчирхэг гэх статусаа Хятадад алдах эрсдэл бий. Мөн Хятад улс газрын ховор элементийн боловсруулах үйлдвэрлэлийн дэлхийн нийт хүчин чадлын 85 хувийг эзэмшиж байна. Тэгэхээр олборлосноо боловсруулж чадна гэдэг бол эрчим хүч, технологи, батлан хамгаалах, сансар огторгуй гээд чухал салбарт гайхалтай давуу талыг эзэмшиж байна.
Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганаас харахад газрын ховор элементийн экспорт, импортын хязгаарлалт 2009 оноос хойш тав дахин нэмэгджээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр дэлхийн бусад орнууд Хятадын газрын ховор элементийн монопольчлол нь эрсдэл дагуулж байгааг ойлгож, нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Хятад улс дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 40 орчим хувийг эзэмшдэг. 2019 оны байдлаар дэлхийн нийт 130 сая тонн газрын ховор элементийн нөөцийн 48.5 сая тонн нь Хятадад байсан. Олборлолтын хувьд Хятад улс дэлхийн газрын ховор элементийн олборлолтын 70 орчим хувийг дангаараа хангадаг. Экспортын хувьд бол өнгөрсөн 2024 онд Хятад улс 55,1 тонн газрын ховор элементийг экспортолсон нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч экспортын нийт үнийн дүн 36%-иар буурсан байна. Үйлдвэрлэлийн хувьд Хятад улс соронзоос эхлээд бүхий л шатны үйлдвэрлэлийг хянаж байна.
Технологийн хувьд Хятад улс газрын ховор элементийг боловсруулах дэвшилтэт технологитой бөгөөд өндөр хүчин чадалтай соронз үйлдвэрлэх технологийн экспортыг хориглосон байна. Зах зээлийн хяналтын тухайд Хятад улс дэлхийн газрын ховор элементийн зах зээлийн 95%-ийг хянадаг гэсэн мэдээлэл бий. Импорт 2024 онд Хятадын газрын ховор элементийн импорт 41.1%-иар буурч 9645 тонн болсон байна. Энэ тус улс дотооддоо шинэ хайгуул эхлүүлж шинэ орд илрүүлсээр байгаатай холбоотой. Дэлхийн зах зээл дэх газрын ховор элементийн үнийн хэлбэлзэлийн хувьд мөн Хятадаас хамаарна. Хятад улс 2010 онд газрын ховор элементийн экспортоо 70%-иар бууруулахад дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийн үнэ нь огцом өссөн.
Геополитикийн нөлөө: Хятад улс газрын ховор элементийг геополитикийн хэрэгсэл болгон ашиглах боломжтой. Тухайлбал, АНУ-д хагас дамжуулагч нийлүүлэхтэй холбоотой хяналтаа чангатгасны хариуд газрын ховор элементийн технологийн экспортод хориг тавьсан. Тиймээс АНУ, Герман, БНСУ гээд чип үйлдвэрлэлийн магнатууд газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлт, бүр хайгуулын эрэлд гарсан байгаа.
Ойрын хугацаанд бодоход, 10 жилийн дараа гэхэд энэ салбарын нийлүүлэлт бүр их бужигнаан үүсгэнэ. Хиймэл оюун ухаан, хүчирхэг комьпютерын эрин цагт та амьдарч байна. Эдгээр чатботуудтай харицаад үз. Одоо таныг гайхшруулж байвал 10 жилийн дараа ямар байх бол? Тэгвэл энэ чатботуудын ард хүчирхэг чип үйлдвэрлэл бий. Энэ чипийг Nvidia Майкрософт хөгжүүлж Дональд Трамп энэ зах зээлд 500 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг зарласан. Үйлдвэрлэлийн түүхий эд нь манайд байна. Байх байхдаа бүр бэлэн төслүүд ч байна. Технологийн дэвшил, шинжлэх ухааны нээлтүүд, батлан хамгаалах салбарт шинэ зэвсэглэлээр хөөцөлдөх улс орнууд газрын ховор элементийн хайгуулд гарсан бол нөөцтэй орнууд үүнийгээ олборлож, мөнгө олох эдийн засгаа тэлэх уралдаан хэдийн эхэлсэн байна. Манай хоёр хөршид аль алинд нь нөөц бий. Манай нөөцийг ашиглуулахгүй, өөрсдийн орон зайн нөлөөлөл ноёрхолоо алдахгүй гэх бодлого ч баримтлаж байгаа.
Тиймээс энэ салбарт тоглогч болоход засгийн газрын зүгээс баримтлах ухаалаг бодлого, геополитикийн өрсөлдөөнд орж сурах сорилт үлдэж байна. Монголд улсын хувьд гуравдагч хөрштэй хамтран ажиллаж, ГХЭ-ийн олборлолт, экспортыг төрөлжүүлэх нь Хятадын монопольчлолыг бууруулах, эдийн засгийн хараат байдлаас гарах боломж.
Гэвч Хятадтай харилцаагаа хүндрүүлэх эрсдэлтэй тул маш тэнцвэртэй бодлого баримтлах нь чухал. Зөв бодлого баримтлах л юм бол Монгол улсын эдийн засгийн боломжийн хувьд хязгаар үгүй. Монгол Улс газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд эхний 15-д ордог бөгөөд 3.1 сая тонн газрын ховор элементийн исэлтэй. Монгол Улс газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах талаар БНСУ, Герман зэрэг улсуудтай хэлэлцээр хийж байна гэх мэдээллүүд олон улсын хэвлэлүүдэд гарсаар байна.
БНСУ-ын хувьд Самсунгийн чип үйлдвэрлэл алдартай. Зөвхөн энэ чиглэл нь дэлхийн өрсөлдөөнд оролцох боломж юм. Газрын ховор элемент дэх Хятадын нөлөөлөл нь дэлхийн зах зээлд маш өндөр, дангаар монопольчилж байгаа энэ цаг үүний эсрэг хэрхэн ажиллаж болох эсэх дээр АНУ манайд анхаарлаа хандуулж байгаа. Учир нь газрын ховор элемент дэх Хятадын монопольчлол нь АНУ зэрэг бусад улс орнуудад аюулгүй байдлын болон эдийн засгийн томоохон эрсдэл учруулж байна. Иймээс АНУ болон бусад орнууд Хятадын монопольчлолыг бууруулахын тулд ГХЭ-ийн дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.
Монгол Улс зэс болон ГХЭ-ийн нөөцөөр баялаг тул АНУ зэрэг улсуудтай хамтран ажиллаж, Хятадын монопольчлолыг саармагжуулах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Ер нь бол зөвхөн газрын ховор элемент биш, гадаадын хөрөнгө оруулалт татна гэдэг бол геополитикийн хувьд тэнцвэрээ хадгалах үндсэн арга болно. Манай улс хоёр их гүрний дунд жийргэвч бүс. Энэ хоёр хөршийг давж уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлож гаргаж, эдийн засгаа тэлэх гэдэг манай мөнхийн зөвлон болсоор байна. Ойрын жилүүдэд бид үл ойлголцлоо цэгцэлж чадвал Монголоос олборлож экспортолсон газрын ховор элементээр Америк зэвсэглэж, Европ салхин турбинууд бүтээж, Япон соронз үйлдвэрлэж, Солонгос цахилгаан автомашин экспортолж байна гэж төсөөл... Нисэх онгоц, хиймэл дагуулын холбоо, радар, F-35 сөнөөгчөөс эхлээд агаараас хамгаалах пуужингийн систем, шумбагч онгоцууд, тагнуулын бүхий л төхөөрөмж, дурангийн линзийг бүтээх түүхий эд Монголоос... Ингээд төсөөлбөл Монгол Улс эдийн засгийн хувьд хүчирхэг, байгалийн нөөцийн үр шимийг Саудын Араб, Кувейт, АНЭУ зэрэг улсууд шиг хүртэх боломж байна. АНЭУ-ын Абу Дабигийн баялгийн сан (ADQ), хөрөнгө оруулалтын "Orion Resource Partners" компанитай хамтран уул уурхай, ашигт малтмалын төслүүдэд хөрөнгө оруулах хамтарсан компани байгуулснаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Ингэснээр хамтарсан хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэхээр зорьж байна.
Тодруулбал, эхний ээлжинд Африк, Ази, Латин Америкийн улс орнуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд байгалийн баялгийн нөөц ихтэй дээрх зах зээлүүдэд ирэх дөрвөн жилийн хугацаанд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт "олборлолт", "хайгуул, "үйлдвэрлэл" гээд олон чиглэлд хөрөнгө оруулна. 2018 онд байгуулагдсан Абу Дабигийн баялгийн сан (ADQ) нь эрчим хүч, эрүүл мэнд агаарын тээвэр, логистикийн салбарт дотооддоо хөрөнгө оруулж байв. Тус сан нь өнгөрсөн оны 6-р сарын байдлаар 225 тэрбум долларын хөрөнгөтэй байна. Ийм хөрөнгө оруулалтуудыг татаж, ашигт малтмалын салбаруудаа төрөлжүүлэх эсвэл гацаанд буй төслүүдээ дэлхийн бусад орноос хоцролгүй хөдөлгөх боломж манайд бий. Үгүй бол бид газрын ховор элементийн нөөцтэй орнуудаас хоцорч байна.
Хөгжиж буй зарим орнууд олборлоод экспортолдог байсан бол одоо түүнийгээ хумиад болосвруулах хэмжээнд хүчирхэгжиж байна.
Тухайлбал ойрын жилүүдэд газрын ховор элементийн нийлүүлэлт улам л хумигдах мэдээлэл гарсаар байгаа. Хятадын дараа экспортоо хумиж, дотооддоо боловсруулах зорилт тавьсан дараагийн улс Малайз болох нь. Малайз улс энэ жилийн ирээдүйн эрдэс баялгийн засгийн чуулганд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох зорилтоо танилцуулсан. Олборлолтын дараагийн шатанд шилжсэнээр Малайз улс газрын ховор элементийн дэлхий нийлүүлэлтэд чухал байр суурь эзэлнэ хэмээн үзэж байна.
Дэлхийн ирээдүйн ашигт малтмалын салбар өрсөлдөөн ихтэй, геополитикийн сорилт өндөр байх талаар экспертүүд онцлов.
Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр ашигт малтмалын салбарт ч хувьсал явагдана. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтнийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлж, зэс, литийн эрэлтийг хурдасгаж байгаа бол технологийн хөгжил газрын ховор элементийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Технологи болон сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн нөлөө дор эдийн засгийн чадамж, геополитикийн нөлөөллөө нэмэгдүүлэхийн төлөө улс орнууд өрсөлдөж эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм.