АНУ, ХЯТАДЫН ӨРСӨЛДӨӨНИЙГ МОНГОЛЧУУД АШИГЛАХ БОЛОМЖ...
12 цаг 46 мин

Их гүрнүүдийн эмзэг цэг, сөргөлдөөний шалтгаан болж байгаа “газрын ховор” элемент Монголд бий. Ирээдүйд, дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлох газрын ховор элементтэй улсууд энэ нөөцөө “стратегийн нөөц” хэмээн хамгаалж байна. “Стратегийн нөөц” хэмээн хамгаалж байгаа гэдэг нь “хав дарж”, “ухаж олборлохгүй” хадгална гэсэн үг биш. Хятад, АНУ тэргүүтэй улсуудад нөөцөө хэр хэмжээгээр экспортлох, хэр хэмжээгээр дотоодын хэрэгцээгээ хангах вэ? гэдэг асуудал яригдаж, харин газрын ховор элементийн ордтой хөгжиж буй орнууд зөвхөн дотоодын компаниудаараа гадаадаас хөрөнгө оруулалт татан, олборлож эхэлж үр ашгийг нь нийгэмдээ шингээж байна. 

Хүчирхэг гүрнүүдийн батлан хамгаалах салбарын амин сүнс, цэргийн технологийн хөгжил газрын ховор элементгүй бол зогсоно. Дан ганц цэргийн технологи ч зогсохгүй. Өнөөдөр таны хэрэглэж буй гар утас, компьютероос эхлээд орчин үеийн технологийн бүх хэрэглээ, магадгүй таны “төсөөллөөс” ч давсан, ирээдүйд мөрөөддөг технологиуд ч зогсоно. Тиймээс газрын ховор элементийн ирээдүйд үнэлэгдэх хэмжүүрийг бид өөрсдөө ч төсөөлж барамгүй гэсэн үг.

Харин газрын ховор элементийн төлөөх чимээгүй өрнөх дайныг хэн удирдаж байна вэ? Дэлхийд эдийн  засгаараа нэг, хоёрдугаарт эрэмблэгдэх Хятад Америкийн өрсөлдөөн, зөвхөн эдийн засагт биш, батлан хамгаалах, дэлхийн эрчим хүчний шилжилт, цөмийн технологи, цаашлаад сансар огторгуйд өрнөж байна. Тиймээс хэнд нь газрын ховор элементийн эх үүсвэр байна, түүнд давуу байдал бий болно. Тэр улс дээрх “бүх салбарт” ноёрхлоо тогтоох геополитикийн өрсөлдөөн үргэлжилж байгаа гэсэн үг. Одоогоор геополитикийн өрсөлдөөнд хожил авчрах хөзрийн тамга гэгдэх газрын ховор элементийн нөөц Хятадад илт давуу байна. Тиймээс цаашид геостратегийн “шинэ шилжилт” буюу хүчний тэнцвэрийг өөрчлөх хүч газрын ховор элементэд бий гэсэн үг.  

Газрын ховор элементийн экспортоор дэлхийд тэргүүлдэг Хятад жил ирэх тусам экспортоо бууруулж, дотоодын хэрэгцээгээ хангах болсон. Хятадын нөөцөөс хараат АНУ зөвхөн газрын ховор элемент дээр Хятадад шахуулж байна. Газрын ховор элементгүй бол хоцрогдох цаашлаад зогсох эрсдэл АНУ-ын хөгжилд тулж ирээд байна гэсэн үг. Тиймээс ч худалдааны дайнаар халхавчилсан Хятад Америкийн үйл ойлголцол, нэгнээ шахах оролдлого өнөө ч үргэлжилж байна. 2018 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд худалдааны дайныг эхлүүлж байсан. Тухайн үед дэлхийн зах зээлд газрын ховор элементийн нийлүүлэлтийн бараг 80 гаруй хувийг нийлүүлж байсан Хятад улс экспортоо танаж эхэлсэн нь худалдааны дайныг өдөөж орхисон. Дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 40 орчим хувийг,  олон улсын зах зээл дэх нийлүүлэлтийн  80 гаруй хувийг дангаар хангадаг Хятадын бодлого АНУ-д том цохилт болох нь тодорхой болсон. Учир нь газрын ховор элементийн экспортоос АНУ-ын нийт үйлдвэрлэлийн 80 хувь хамаардаг. Ингээд хариу арга хэмжээнд АНУ, Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар, Хятад зөрүүлээд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн гаалийн татвар тогтоож байсан юм. Тарифын маргаанаас аль аль тал нь хохирол амсч, үүгээр зогссонгүй тухайн үед дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байсан. 2019 оны Давосын эдийн засгийн чуулганы гол сэдэв ч АНУ, Хятадын худалдааны дайн болж байлаа. Тэгвэл Хятад яагаад газрын ховор элементийн нийлүүлэлтээ багасгах бодлого баримтлав гэх асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, Хятадын геополитикийн бодлого дэлхийд нөлөөгөө тогтоох, эдийн засгаараа Америкийг ардаа орхих.

Хоёрдугаарт, нэг тэрбум 400 сая гаруй хүн амтай Хятадын дотоодын зах зээл асар том. Хятадын засгийн газар 2021 онд “дундаж хөгжилтэй нийгэм” байгуулахаар дотоодын эрэлт хэрэгцээгээ технологийн хөгжлөөр хангах бодлого хэрэгжүүлсэн. Одоо бол технологи, хиймэл оюун ухааны салбарт дэндүү том орон зайг эзлэх болсон Хятад улсын өнцөг булан бүрт мэдээлэл технологи ид хүчээ авч байна. Хятадад нэг сая хол давсан хүн амтай хот 100 гаруй бий.  Эдгээр хот  нь тус бүрдээ ашигт малтмал, аж үйлдвэрлэл, мэдээлэл технологи гэсэн өөр өөрийн ялгаатай эдийн засагт суурилдаг.  Тэгэхээр нүдэн дээр өрнөж буй энэ гайхалтай өөрчлөлтийн хурд АНУ-тай эн зэрэгцсэн гэж хэлж болно. Одоогоос аравхан жилийн өмнө технологи болон инновациар тэргүүлж, шинэ нээлт, шинэ туршилт, шинэ зэвсэг, анагаахын ололт гээд “шинэ” гэсэн бүхэн Америкийнх байлаа. Харин Хятадын дотоодын үйлдвэрлэлээ хангах бодлого сүүлийн 5 жилд дээрх өөрчлөлтийг үзүүлснээр хоёр улс хөгжлөөр эн зэрэгцэж, магадгүй Америк шахагдах эсэх дээрээ тулаад байна. Газрын ховор элемент гэх энэ хүчийг Хятад зөв удирдаж, геополитикийн давуу талаа болгосон нь ерөөл гэлтэй. Одоогоос 5 сарын өмнө Хятадын төрийн өмчит “China Rare Earth Group” Сычуань мужаас 4.9 сая тонн газрын ховор элемент илрүүлсэн. Шинээр нэмж илрүүлсэн нөөц нь Хятадын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын стратегийг улам баталгаажуулна хэмээн Ши Жиньпин үзэж байна. Мөн үргэлжлүүлэн газрын ховор элементийн хайгуул ч тасралтгүй хийж байна. Газрын ховор элемент бол БНХАУ-ын төрийн өмч бөгөөд, ямар ч байгууллага, хувь хүн энэ нөөцөд халдах ёсгүй, өөрөөр хэлбэл зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангаж, өөрсдийн хүчирхэг тэлэлтийг үзүүлэх гэж байна. Ингээд шинэ нөөц илэрсний дараа Хятадын Засгийн газар газрын ховор элементийн олборлолт, ашиглалт, “экспортод хяналт” тавих мэдээллийн санг ажиллуулж эхэлсэн. Мөн газрын ховор элемент боловсруулах, соронз үйлдвэрлэх технологийг экспортлохыг аль хэдийн хориглосон нь газрын ховор элементийг үнэ цэн ямар вэ гэдгийг харуулах баталгаа юм. Хятадын “зөвхөн дотооддоо” гэх геополитикийн энэ бодлого дээр газрын ховор элементийн нөөцтэй улсууд ухаалаг хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Тухайлбал дэлхий даяар газрын ховор элеметийн хайгуул эрс нэмэгдсэн.

Тухайлбал 2024 оны 1-р сард болсон Ирээдүйн эрдэс баялгийн чуулганд Саудын Арабын засгийн газар хайгуулын салбараа тэлж хөрөнгө оруулагчдад үүдээ нээх том алхам хийж, ашигт малтмалын хайгуулын салбарт 182 сая ам.долларын урамшуулал олгох хөтөлбөр зарласан байдаг. Энгийнээр тайлбарлавал Саудын Арабад ирж хайгуулсан хийсэн гадаадын компаниуд ямар л ашигт малтмал илрүүлнэ, засгийн газраас түүнийхээ оронд урамшуулал авна. Гайхалтай төлөвлөгөө биш гэж үү? Тэгэхээр Саудын Араб ч 2024 онд уул уурхайн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд үүнийхээ хүчинд "газрын ховор элементын" орд илрүүлсэн байна. Ингэснээр тус улсын 2024 онд ашиглагдаагүй ашигт малтмалын нөөцийн үнэлгээ 1.3 их наяд ам.доллараас 2.5 их наяд ам.доллар болгон нэмэгдээд байна. Саудын Араб улсад газрын ховор элементийн орд илэрснээр тус улсын уул уурхайн салбарт томоохон "тэсрэлт" болох төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Мөн газрын ховор элемент илэрснээр тус улсыг зорих хөрөнгө оруулагчдын тоо өсөх хандлагатай байна. Саудын Арабын угсаа залгамжлагч Мохаммид Бин Салман хэлэхдээ "Бид ашигт малтмалын салбарт аль болох  шуурхай хөрөнгө оруулалт татаж, нөөцүүдээ тогтоох ёстой" гэсэн нь зөвхөн газрын тос биш бусад нөөцүүдээ хурдан тогтоож “өрсөлдөөнд тэргүүлье” гэсэн санаа юм. Байгалийн нөөцүүдээр тэргүүлэгч болохоор уралдаж буй Саудын Арабын жишгийг бусад улсууд судлах ёстой гэж шинжээчид үзэж байна. Учир нь Хятадад эмзэг цэгээ хөндүүлж байгаа АНУ ч өөр эх үүсвэрүүдийг судалж нөөц хаана байна, тийш нь мөнгөө өгөх сонирхолтой байна гэсэн үг юм. Үүний баталгаа нь Грийнланд. Худалдааны дайн анх өрнөсөн 2018 он дуусч, 2019 он гарахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Грийнландыг худалдаж авах санал тавьж байв. Алсын хараа нь юу байв гэтэл, цаана нь нөгөө л газрын ховор элемент.

Грийнландын цас мөсөн дор олон мянган жилийн турш хучигдан нуугдсан газрын ховор элементийн асар их нөөц бий. Ганц АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид ч биш, угтаа Хятад ч мөн Грийнландыг өөрийн болгохоор сонирхож нэг биш удаа худалдан авах саналыг тавьж байлаа.  Тэгэхээр Грийнландыг сонирхох их гүрнүүдийн нууц сонирхол ил болж байна гэсэн үг.

Тэгэхээр Дональд Трампын үед эхэлж, Жо.Байдены үед ч үргэлжилсэн худалдааны дайн ирээдүйд 60 хувийн татвар болтлоо өсөх үү гэх асуудал яригдаж байна. Өнгөн талдаа худалдааны дайн боловч, зөрчлийн цаад углуурга бол газрын ховор элементийг эзэмших өрсөлдөөнд “аль аль нь мөнхийн хайгуул” хийсээр байгаа нь харагдаж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цэвэр эрчим хүчний шилжилтийг хийх амбицтай Европын холбооны нэн тэргүүний зорилт ч газрын ховор элементийн эх үүсвэргүйгээр бүтэхгүй асуудал юм. Тэгэхээр өрсөлдөөн АНУ, Хятад Европ хэмээх хүчирхэг эдийн засгуудын дунд өрнөж дунд нь хөгжиж буй орнууд хайгуулаа нэмэгдүүлж, эдийн засгаа тэлж, хөгжих боломжийг эрэлхийлж байгаа ийм л сонирхолтой дүр зураг өрнөж байна.

Ирээдүйн үнэ цэнийг нь бид өөрсдөө ч төсөөлж үл барам газрын ховор элементийг Монгол улс ч ашиглах ёстой. Улс орон бүр өөрийн бодлого, стратеги, өөрийн туршлагаар энэ нөөцөө тогтоохоор уралдаж буй энэ цаг үед Монголын засгийн газар ч нэгдэх нь зүйтэй. Одоогоор энэ нөөцийн талаар ойлголт ухагдахуунгүй байгаа бид Халзанбүрэгтэй төслөө зогсооно гэдэг бол хүний хөгжлөөс хэдэн арван жилээр ухарч буй үйлдэл гэсэн үг. Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгээд байна. Үүнээс Монгол Улсад одоогоор хамгийн идэвхтэй хөгжүүлж байгаа нь Халзан бүрэгтэй төсөл. Тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд өрсөлдөхүйц ирээдүйтэй төсөл гэгдэх Халзан бүрэгтэй орд эдийн засгийн хувьд үр ашигтай. Гэвч хэрэгжүүлж эхэлсэн төслийг гацаана гэдэг ард нь ямар их хөрөнгө, хүч хөдөлмөр юугаар ч үнэлэгдэхгүй цаг хугацаа байдгийг манай шийдвэр гаргагчид мэднэ. Мэргэжилтнүүд газрын ховор элементийн хайгуул нь уул уурхайн бусад олборлолтоос хамгийн хэцүү, эрсдэлтэй гэж онцолдог. Магадгүй хайгуулын 100 төслийн нэг нь л уурхай болох магадлалтай. Хэрэв хайгуул хийгээд нөөц бий гэж тогтоогдвол олборлоход дор хаяж 10 орчим жил шаардагдана. Ийм төслүүд гацвал ирээдүйд гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхгүй. Гэвч манай засгийн сонирхол эцэстээ гадаадын хөрөнгө оруулалт шүү дээ...

Shuud.mn
Сонин хачин