Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, газрын тосны XIX, XXI талбайд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын ''Петрочайна Дачин Тамсаг'' ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Шүүхийн уг шийдвэрийг үндэслэлгүй хэмээн ''Петрочайна Дачин Тамсаг'' ХХК үзэж Улсын дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхээс татгалзаж байв. Ингэснээр Дорнод аймгийн сум дундын шүүх хэргийг шийдвэрлэнэ. Уг нь сум дундын шүүх өнгөрсөн онд нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг.
''Петрочайна Дачин Тамсаг'' ХХК нь Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээнд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших газрын тосны XXI талбайгаас Банянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58.5 км засмал зам барьж, ашиглалтад оруулна гэж тусгасан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хүнд даацын машинууд олон салаа зам гаргаж, байгаль орчин бохирдуулж, доройтуулсан.
Мөн XIX талбайн 2016-2020 онд газрын тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх ажил гүйцэтгэхдээ шороон замаар тээвэрлэснээс болж Халх гол сумын нутагт 80 метр гаруй өргөн, 58.5 км урт 8-20 салаа зам бий болж, хөрсний доройтол, тоосжилт үүсгэсэн. Улмаар орчны бохирдол нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, 443.4 га талбайд хохирол учруулсныг шинжилгээний байгууллага тогтоосон. Хохирлын үнэлгээ 2.2 тэрбум төгрөг.
Үүнээс гадна аюултай хог хаягдлын жагсаалтад багтсан газрын тосны боловсруулах үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг зориулалтын бус газар хаясны улмаас 2021 оны наймдугаар сараас хойш хөрсөнд 70 см гүн нэвчиж, 2800 ам метр талбайг бохирдуулж, экологид 5.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй.
''Петрочайна Дачин Тамсаг'' ХХК-д
Эрүүгийн хуулийн 20.11-3 Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн аюултай хорт бодисыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,
Эрүүгийн хуулийн 24.9-2 Байгалийн тэнцэл алдуулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Уншиж байна |