Ам.долларын ханш огцом хөөрч 3500 руу дөхөж, арилжааны банкууд долларын хомсдолд орж буй. Хэдийгээр үүнийг үгүйсгэж байгаа ч 10 мянган ам.доллар зарчих арилжааны банк өнөөдөр алга. Тиймдээ ч долларын захиалгыг нэг өдрийн өмнө авна гэдэг шаардлага тавьж буй хэд хэдэн банк байна. энэ бол бэлэн доллар арилжааны банкуудад байхгүй гэсэн үг. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн урсгал тэнцлийн алдагдал ам.долларын хомсдол үүсгэх эрсдэл дагуулж буйг хэлсэн.
Улсаараа долларын эрэлд мордож байх хойгуур Сангийн сайд Б.Жавхлан Харбинд Азийн наадамд оролцож буй баг тамирчдыг ахлаад завгүй явна. Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч гэдгээрээ манлайлж явах нь зүй ч төрийн ажил аминд тулчихсан, урсгал данс алдагдалтай, энэ нь долларын хомсдол үүсгэх өндөр эрсдэл дагуулж байхад олон хоногоор эзгүй байх нь төр түшилцэж яваа хүний хувьд зарчимгүй үйлдэл. Мэдээж улсынхаа нэрийн өмнөөс тэшүүр, шорт трек, уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, биатлон, уран гулгалтад оролцож буй баг тамирчдаа дэмжих нь зүй. Гэсэн хэдий ч энд Монгол улсын эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой асуудал аминд тулчихсан үед өөрийг нь орлох хүнээ үлдээгээд энд ирж асуудалтайгаа нүүр тулахыг нийгмийн сүлжээгээр иргэд шаардаж байна.
Уншиж байна |