УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг шүүхээс гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жил хорих ял оноож, З.Энхболдыг цагаатгалаа.
Эргэн сануулахад, тэднийг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.
Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.
Дөнгөж сая, шүүх шийдвэрээ танилцуулж, шүүгдэгч З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланд холбогдуулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцлоо. Прокурорын зүгээс Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хохир ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Уншиж байна |