Ховд аймгийн Засаг даргын тамгын газар нэг бүр нь 300 сая төгрөгийн үнэтэй Nissan Patrol автомашинаас гурван ширхэгийг захиалсан байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаас 900 сая төгрөг төсөвлөж амин болон албан хэрэгцээндээ тансаг зэрэглэлийн автомашиныг аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, орлогч нар нь унахаар болжээ. 900 сая төгрөгөөр гурван ширхэг автомашин авах үндэслэлээ Аймгийн ИТХ-ын 2024 оны 56-р тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.11-дэх заалтыг үндэслэл болгосон гэх. Энэ нь аймгийн 2025 ны төсөв батлах тухай тогтоол юм. Үүгээр бол Ховд аймгийн Засаг дарга 2025 онд урсгал зардалд 19.224.968 төгрөг, хөрөнгийн зардалд 49.641.230 төгрөг төсөвлүүлжээ. УИХ-ын гишүүн Э.Болормаа Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байх үед мөн л гурван ширхэг Ланд-300 автомашин авсан байдаг. Гэхдээ эдгээр машиныг өмнөх удирдлагууд нь хувьдаа аваад явсан бололтой. Дахин тэрбум шахуу төгрөгөөр тансаг зэрэглэлийн автомашин худалдан авах эрхийг аймгийн удирдлагууд өөрсөддөө баталжээ.
Ховд аймгийн Засаг дарга Морхын Амарсанаа нь АН-ын гишүүн бөгөөд 2024 оны аравдугаар сард аймгийн засаг даргаар томилогдсон байдаг.
89 мянга гаруй хүн амтай Ховд аймгийн удирдлагуудын ямба нь дийлдэхгүй энэ мэтээр өөрсдийгөө эрхлүүлэх ажлаа гаргууд хийж буй. Харин аймгийнх нь хөгжил дэвшил, иргэдийнх нь амжиргаа огтын дээшилдэггүй хэвээрээ. Үүнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанаас харж болно. Аймгуудын өрсөлдөх чадварын оноогоор Орхойн аймаг 100 оноогоор тэргүүлсэн бол Ховд 62 оноогоор 14-рт эрэмбэлэгдсэн байдаг.
Уншиж байна |