Өнчин хүүг тойрсон "Улс төр"

Гэр бүлийнхээ зургаан хүнийг нэг дор угаарын хордлогоор алдсан хүүгийн уй гашуу эцэстээ улс төржилт болоод дуусав. Орь ганцаар үлдсэн хүүгийн өнөөдрийн болон ирээдүйн амьдралд санаа зовсон олон нийтийн уур амьсгал Засгийн газрыг огцруулах акц болон хувирч, улс төрчид хийгээд тэдгээрийн гар хөл хоёр талд хуваагдан цамнаж, Монголын улс төрийн эмгэнэл үргэлжилсээр...
2025.01.23-24-нд шилжих шөнө БГД-ийн 22-р хороо Гэр бүлийн зургаан хүн шахмал түлшний угаарт хордож нас барав. Одоогоор угаарын хийнд хордсон эсэх шүүх шинжилгээний хариу гараагүй бөгөөд сарын дараа дүгнэлт нь албажина.
2025.02.06 Цэрэг хүүг олон нийтэд хандаж нэг ч үг дуугарахгүй байхыг түүний үеэл ах, эгч сануулав. Ямар шалтгааны улмаас тохиолдсон бодит байдлын талаар мэдээлэл өгөхгүй байхыг шаардаж чаргууцалдсан нь бүрхэг. Цэрэг хүү болсон хэрэг явдалд хохирогчоор тогтоогдоогүй, хэргийн материал дээр гарын үсэг зураагүй. Тиймээс болсон хэрэг явдлын талаар бодит мэдээллийг олон нийтэд өгөх нь нээлттэй.
2025.02.06 Өнчирч үлдсэн 18 настай О.Одбаяр Монголын төрөөс хариуцлага нэхэж, олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. Ганцаараа өнчирч үлдсэн эмгэнэлт явдалд нь Монголын төр засаг буруутай гэв.
2025.02.06 Төрийн ордны баруун талд хийсэн хэвлэлийн хурлын дараа өмгөөлөгч М.Хандармаа О.Одбаярт өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ гэж нийгмийн сүлжээнд мэдэгдлээ.
2025.02.06-ны орой 21:00 цаг О.Одбаяр болон түүний нас барсан ээжийн талаарх хувийн мэдээллийг цагдаагийн байгууллагаас ил болголоо гэх мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдсэн. Ээж нь архины хамааралтай байсан, хүүг цэргийн албанд байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр илтэд харлуулсан мэдээлэл түгэв.
2025.02.07 Хохирогч хүүгийн ээжийг архины хамааралтай байгаагүй, амьдралын боломж муу ч үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэдэг нэгэн байсан хэмээн таньж мэддэг хүмүүс нь өмөөрсөн мэдээлэл сошиал орчинд тархав.
2025.02.07 Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Хүүгийн хувийн эмзэг мэдээллийг цагдаагийн байгууллага тараагаагүй, хэрэв цагдаагийн ажилтан албан бусаар дэлгэсэн бол ЦЕГ-ын удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө гэв. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хүүгийн талаарх худал үнэн нь мэдэгдэхгүй материалыг хэн, хаанаас дэлгэснийг тогтоогоогүй байна.
2025.02.07 УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу О.Одбаяр хүүд тохиолдсон эмгэнэлт явдалд дөрөөлөн Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулав. Хүний эрх, эрх чөлөө алдагдсан, Хуулийн хэрэгжилт, засаглалын хямрал, Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилсон гэх үндэслэлүүдээр Засгийн газрыг огцруулна гэв. Түүний саналыг гишүүн Ж. Баярмаа дэмжив. УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурсанаар Ж.Лодойсамбуу гишүүний санал УИХ-ын босго давна.
2025.02.07 Засгийн газрыг огцруулах санал гаргасан гишүүн Ч.Лодойсамбуугийн эсрэг цахим дайн эхлэв. Нийгмийн сүлжээн дэх нэр, зүсээ нууцлагсад түүний хувийн амьдрал руу хошуу дүрэв. Мөн Засгийн газрыг дэмжигсэд олноороо түүнийг Эм Си Эс болон АПУ компанийн тавиул, эрх ашигт нь үйлчлэгч гэж цоллов. Хамтарсан Засгийн газрын гишүүн АН-ын дарга Л.Гантөмөр Ч.Лодойсамбууг буруутгаж, 2028 онд мандат олгохгүй тухай дурдав.
Үүнтэй зэрэгцэн Л.Гантөмөрийг өөрийг нь намаас нь хөөхийг шаардсан акц эхлэв. Өнөөдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах саналд нэмж Ш. Бямбасүрэн гишүүн гарын үсэг зурахаа мэдэгдээд байна. Энэ бүхнийг дүгнэн эцэст нь сануулахад УИХ-ын гишүүд Ч.Лодойсамбуугийн Засгийн газрыг огцруулах санаачилгад нэгдэх ч эрхтэй, нэгдэхгүй байх ч эрхтэй. Энэ бол ардчилсан улс оронд болж л байдаг эрүүл үзэгдэл.
Гэтэл сөргөлдсөн хоёр тал нэг нэгнээ элдэв бусаар хэлж, огцруулахыг дэмжсэн нь ч шаар, дэмжээгүй нь ч шаар болсон байдалтай хэрүүл тэмцэл дараагийн шатандаа гарчээ. Үүний ар талд О.Одбаяр хүүгийн зовлон олны хэл амны бай болохоос хэтэрсэнгүй, чанаргүй шахмал түлшний асуудал ч бүдгэрч хоцорчээ. Уг нь нэгэн гэр бүл бүхлээрээ ямар учраас цаг бусаар харамсалтайгаар хорвоог орхисны учир шалтгааныг тогтоож, хүний сэтгэлд багтахааргүй хагацал амссан хохирогч хүүгийн зовлонг нимгэлэх нь гол асуудал байлтай. Гэтэл Засгийн газрыг огцруулахыг хүсэгчид болон засгийг дэмжигчид аль аль нь хүний амь насаар "Улс төржихгүй" байхыг бие биедээ сануулавч өөрсдөө хамгийн ихээр улс төрдөө ашигласаар ...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ