![](/resource/shuud/image/2025/02/11/xhisiiyu9wnjori5/p1bt6ofjbk8prru5pb498l11vh1.jpg)
Сарын өмнө 3442 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 3455 төгрөг байна. Цаашид ам.доллартай харьцах төгрөгийн ханш хэдэн төгрөгт хүрэх вэ гэдэг хүлээлт үүсэж эхэллээ.
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 3455 төгрөгтэй тэнцэж буй. Ердөө гуравхан сарын хугацаанд төгрөгийн эсрэг ам.доллар 76 төгрөгөөр чангарчээ. Зөвхөн төгрөгийн эсрэг бус бусад валютын эсрэг ам.доллар чангарч буй үзэгдэл ажиглагдаж байна.
Ам.долларын ханш огцом чангарч буй нь нүүрсний экспорт бага зэрэг саатсантай холбоотой байж мэдэх юм.
2025 онд манай улс 6.7 тэрбум ам.долларын орлого олж, 7.7 тэрбум ам.долларын зарлага гаргана. Үүгээр бол энэ онд Монгол улс 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ.
Эдийн засагч Д.Ангар Монгол Улс ам.долларгүй боллоо, банкууд ААН-дэд нэг удаадаа 10 мянган ам.доллар байна гэж цахим хаягтаа нийтэлсэн. Харин үүнийг төв банк үгүйсгэж өнөөдрийн байдлаар 4.9 тэрбум ам.долларын нөөц бий гэв.
Ханшийн энэ хөдөлгөөн нь ажил үйлчилгээ идэвхждэг 9,10-р сард мөн сар шинийн баярын үеэр эрэлт нэмэгддэгтэй холбон тайлбарласан.
Монголбанк: Өчигдрийн байдлаар банкуудад ямар нэг байдлаар хязгаарлалт мөрдүүлсэн зүйл үгүй. Монголбанк арилжааны банкнуудаас ирүүлсэн валютын худалдан авалтын захиалгыг хүссэн дүн хэмжээнд нь биелүүлж байна.
Манай редакц Хаан банк, Худалдаа Хөгжлийн банк ам.доллар солиулахад хязгаар тавьж буй эсэхийг сурвалжиллаа. Хаан банкны тухайд бага хэмжээний буюу 500-1000 ам.долларыг хэвийн сольж байгаа бол Худалдаа Хөгжлийн банк валют солиход ямар нэгэн хязгаар тавиагүй ч заавал нэг хоногийн өмнө захиалгаа өгөх ёстой гэдэг шаардлага тавьж байна.