Монгол Улсад авлига буураагүй
3 цаг 25 мин

2023 онд Монгол Улс авлигын индексээр 33 оноо авч 180 улсаас 121 дүгээрт  эрэмбэлэгдэж байсан. Харин энэ онд уг үзүүлэлт өөрчлөгдөөгүй. Мөн л 33 оноогоор үнэлэгдсэнийг “Transparency International Mongolia” танилцуулсан. Гурван жил дарааллан 33 оноо авч буй нь манай улсын авлигын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй буюу ахиц, дэвшил гараагүйг харуулж буй. 

Монгол Улс өмнөх жилээс долоон байраар урагшилж, 180 улсаас 114 дүгээрт бичигдсэн ч авлигын индекс өөрчлөгдөөгүй.

Индексийн нийт найман эх сурвалжаас тав нь үнэлгээгээ бууруулж, гурав нь дундаж оноогоо ахиулав.

Ардчилал тэр дундаа сонгуулийн ардчиллын үзүүлэлт 2023 оноос дөрвөн оноогоор буурсан нь хамгийн муу үзүүлэлт болж байна. Мөн бизнесийн орчин болон засаглалын үнэлгээ ч өмнөх онтой ижил гарчээ. 

Засгийн газраас авлигатай тэмцэх зорилгоор 5 Ш ажиллагаа хэрэгжүүлэхээ зарласнаас хойш Монгол Улсын авлигын индекс сайжраагүй. Хоосон шүгэлдэж, шүүрдээд  Т.Бадамжунайг Сингапураас баривчиллаа гэх сүржин ажиллагаа явуулсхийгээд 5 Ш ажиллагаа өндөрлөсөн. 

''Transparency International Mongolia”-ийн зарладаг төсөөллөөр авлигын индексээ урагшлуулж чадаагүй нь Засгийн газарт тавьж буй бодит дүн. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар авлигатай тэмцэх 5 Ш ажиллагаа хэрэгжүүлээд ч авлигатай тэмцэж чадаагүйг илтгэж буй. 

Хөгжлийн банкны хэрэгт бүдэрч, хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсийг 5 Ш-ийн үр дүн гэж нэрлэж болох ч улстөрийн агуулгаар Л.Оюун-Эрдэнэ нэгэн цагт хүч хавсарч байсан хүмүүсээ замаасаа зайлуулахын тулд тонгорсон гэж ойлгогддог. Үгэнд нь орохгүй нүүр буруулаад байвал ингэж шийтгэж болно гэдгээ л харуулсан хэрэг.

Бусдаар бол авлигатай тэмцэх хөтөлбөр үр дүн тун тааруу байсныг ''Transparency International Mongolia”-ийн судалгаа харуулж буй.

 

Shuud.mn
Сонин хачин