Хамтарсан Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг дэргэдээ авч бодлогын зөвлөхөөрөө ажиллуулах тогтоол баталсан нь саяхан. Гэсэн ч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн үед Л.Оюун-Эрдэнэ нарын эрх ашигт үйлчилж чадахгүй буюу түүний утсан хүүхэлдэй болохгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд ч БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэнийхээ дараа төмөр замын төслийг гацаагч нь MCS гээд хэлчихсэн нь Д.Энхтүвшинг Засгийн эсрэг ноцох шалтгаан болсон. Бүр Гэрэгэ Таур-ын 15- давхараас Засгийн газрыг удирддаг тухай ч хатуухан мэдэгдэл хийсэн. Тэдний энэ маргаан Засгийн газарт хамтарч ажиллах итгэлцэлд цэг тавьж, Л.Оюун-Эрдэнэ түүнийг тавьж явууллаа. Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөл гэдэг бол Засгийн газрын тэргүүнийг эзгүй үед зөвлөлийн хуралдааныг даргалах эрх бүхий томоохон албан тушаалтан. Д.Энхтүвшинг явуулсан Ерөнхий сайд салбарын асуудал хариуцсан зөвлөхүүдээ гаднаас томилж, хотын асуудалд олон намын төлөөлөлтэй хоршиж ажиллахаа мэдэгджээ. Тодруулбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяаныг зөвлөхөөр томилсон.
Үүний дараа Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүхийг Гэр хороолол, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр томилов. Б.Батсүх хотын дарга асан Э.Бат-Үүлийн ойрын хүн гэгддэг бөгөөд саяхан Ерөнхий сайд Э.Бат-Үүлийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдааг зохицуулж удирдлагаар хангах шуурхай штабын зөвлөхөөр томилсон юм. Гэхдээ Ерөнхий сайдын энэ томилгоо шүүмжлэл дагуулж буй.
Үүнээс гадна ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг мөн Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилжээ. Түүний хувьд 2015 онд төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Уншиж байна |