БГД-ийн 22-р хороонд өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн сайжруулсан шахмал түлшинд угаартаж нас барсан хэрэг гарсан. Тодруулбал нэг гэр бүлийн 6-17 насны гурван хүүхэд ээжтэйгээ, нагац ах нь охинтойгоо нийт зургаан хүн нэг дор угаартаж нас барсан. Одоогоор угаарын хийнд хордсон эсэх шүүх шинжилгээний хариу гараагүй бөгөөд сарын дараа дүгнэлт нь албажих тухай мэдээллийг өнөөдөр /2025.02.06/ уг гэр бүлээс цор ганцаараа үлдсэн 18 настай хүү мэдээллээ. Гэр бүлээ алдсан хүү цэргийн алба хашиж байсан бөгөөд уг хэргийн дараа чөлөөгөөр гарч иржээ. Гэр бүлээ нэг дор алдсан хүүгийн сэтгэл зүй асар хүнд, шокийн байдалтай байгаа бөгөөд олон нийтэд болсон хэрэг явдлын талаар мэдээлэл өгч болохгүй гэж хамаатан, саднууд нь ятгасан ч тэрээр Монголын ард түмнээс дэмжлэг хүсч, хамтдаа үнэн мөнийг олж тогтооход нь туслаач хэмээж буй. Гэрт нь угаар мэдрэгч байсан хэдий ч ажиллаж байсан эсэхийг одоогоор мэдэхгүй байна гэсэн юм. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбогдуулан олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгч болохгүй хэмээн мэдүүлэг өгсөн хамаатнуудаар нь гарын үсэг зуруулжээ.
2017-2024 онд угаартаж нас барсан хүний тоо 779-д хүрчээ.
Өнгөрсөн онд нэг дор арван хүн угаартаж нас барсан. Тэднийг согтуу байсан гэх агуулгаар буруутгаж, асуудлыг намжааж байсан юм. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн цагаас хойш үй олон иргэд угаарын хийнд хордож нас барж буй. Гэвч нас барсан иргэдийн мэдээлэл статистик төдий болж, улстөрчид Засгийн газрыг огцруулах улс төрийн акц төдийгөөр ашиглаж байгаагаас бус иргэдийнхээ өмнө бөхийж, уучлал эрэн хариуцлага хүлээсэн нэг ч тохиолдол үгүй.
Уншиж байна |