![7f2ag1vk](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/7f2ag1vk.jpg)
Томоохон өр төлсөн долоо хоногт байлаа гэж зарим мэдээллийн эрх сурвалж дурдаж байна. Монгол улсын гуравдагч хөрш, европ дахь хамгийн гол түнш орон ХБНГУ-ын канцлер, хатагтай Ангела Меркелийн айлчлалын үеэр Улаанбаатар хотын ус ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай баримт бичиг, Эрдэнэс МГЛ Төрийн өмчит компани Сийменс компани, Дойче банк болон ББМ-Оперта компанитай хамтран ажиллах тухай гэрээнүүд, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн Сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.
Хатагтай Ангела Меркель ХБНГУ-ын эмийн үйлдвэрлэгчдээс хүүхдийн цусны өмөнүүгийн эмчилгээний протоколд ордог өндөр чанарын ховор эмүүдийг шууд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол улсын цэргийн бие бүрэлдэхүүнийг орчин үеийн зэвсэг, техникээр хангахад материаллаг тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ амаллаа. Нэлээд эртнээс төлөвлөгдөж, яригдаж байсан ч гэлээ Үндэсний авулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурцыг суулагдсаны дараахан болж байгаа нь бас нэг сэжиг, ажигийг дагуулна. Түүнийг суулагдан эх орондоо ирэхэд ямар үнээр суллуулсан, ХБНГУ-д монголчууд юугаа өгөх бол гэсэн таамаг тэнүүчилж байсан. Ерөнхийлөгчийг Сэлэнгэ, Дарханд ажиллаж иргэдтэй уулзалт хийхэд энэ тухай асуулт байнга дагалдсан. Тэр бүрт “Энэ бүхний учрыг олон жилийн дараа мэдэх болно” гэсэн ганцхан хариултаар буцаасан билээ.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/10/11101301big3-600x448.jpg)
Газрын ховор элементийн нөөц сайтай орны нэгт тооцогдох болсон Вьетнамд хатагтай Ангела Меркел хоёр хоног саатаж, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах талаар яриа хөөрөө хийсэн. Тэндээсээ шууд манай улсад айлчилсан нь түүний айлчлалын замыг Монгол түүш зүгээр ч нэг татаагүй гэх. Энэ бүгдээс харахад монголчууд асар их үнэтэй өр төлсөн байхыг үгүйсгэхгүй.
Сонголтгүй хууль
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг парламентаар хэлэлцэж эхэллээ. Энэ долоо хоногт эцэслэн батална гэж төлөвлөж байгаа. Эрх барьж байгаа хоёр намын тохиролцож чадаагүй байгаа асуудлыг үлдээж бусад зүйлийг чуулганы танхимд оруулж ирлээ. Мөн санал хураалтыг шударга явуулах техникээ сонгочихлоо.
Сонгуулийн ерөнхий хорооныхон парламентын шийдвэрийг хүлээж дийлэлгүй, цаг хугацаандаа шахагдаад ийм сонголт хийсэн гэдгээ учирлаж байсан. МАН-ын бүлэг 48/28 хэмээх мажоритари давамгайлсан холимог хувилбарыг санал болгосон. Үүнээс цаас газар үгүй гэдэг шиг өөр тооны тухай ярихгүй гэдгээ ч хэлсэн. Нэг гэрт толгой холбон суугаа АН-ын хувьд саналыг хүлээж авах эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Өнөөдөр хуралдах бүлгийн хуралдаанаар нэгдсэн санал гарах учиртай. Бүлгийн зарим гишүүдийн хэлж буйгаар МАН-ын бүлгийн хувилбарыг хүлээж авах боломжгүй байгаа гэж байна.
Тэгвэл хуульч С.Нарангэрл “УИХ-ын сонгуулийн хуулийг батлах цаг хугацааны хувьд боломжгүй болж байна. Ийм байдлаар үргэлжлэхэд 2012 оны сонгууль хуучин тогтолцоогоор явна” гэж өөрийн ажигласан таамгаа хэлсэн. Сонголт хийж болдоггүй хуулийн төсөлтэй УИХ нүүр тулчихаад сууж байна.
Нефтийн хомсдолоос гарах ээлжит оролдлого
Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах тухай асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Тогтоолд Засгаас ямар нэгэн санхүүгийн баталгаа гаргахгүй гэдгийг тодорхой тусгахаар боллоо.
Энэхүү үйлдвэр нь хоногт 44 мянган баррель буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд жилд 1,7 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна. Мөн үйлдвэрлэсэн бензин шатахуун нь олон улсын хэмжээнд дээд зэрэглэлийн чанарын стандартыг хангасан, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй экологийн давуу талтай юм байна.
Энэ шийдвэр мөн л ХБНГУ-ын канцлерын айлчлалын мөнө гарсан. Уг үйлдвэрийг герман технологиор болохоор тус улстай хамтран ажиллах аж.
Ц.Ургамал