![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2012/01/evluuleg.jpg)
Улстөрчдөд халуухан, иргэдэд жихүүдэс хурсан хүйтэн долоо хоногт өнгөрсөн. Шатахууны үнийн өсөлтөөс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өсч бизнес эрхлэгчид иргэдийнхээ халаасыг хайр найргүй сэгсэрч эхэлсэн.
Зуухны гал, тогоон дахь хоолыг нь инфляци идчихсэн үед иргэдийн сэтгэл яаж халуун дулаан байх билээ. Төрийн түшээдэд сэтгэл дотно үг хэлнэ гэж байхгүй.
Нэг үгээр хэлбэл иргэд торгуулийн суманд хуваарилагдаад байна. Ийнхүү галын шугамын хамгийн хэцүү цэг рүү иргэдээ хөөчихөөд түшээд нь бүтэн долоо хоногийн турш сайд нарын сандал ширээтэй зууралдлаа.
Долоо хоногт зууралдсаны эцэст дараагийн сайд нарыг ч томилсон юмгүй эхний ээлжийг чөлөөлснөөр дуусгавар болов. Хэвлэлийнхний хэлж заншсанаар дараагийн ээлжийнхэн хоолондоо ороход бэлэн болжээ. Гэхдээ тэдэнд зургаан сарын дотор хийх ажил хангалттай бий. Хагас бүтэн сайн, баяр наадам гэж амрыг харалгүй ажиллах шаардлагатайг өнгөрсөн баасан гарагт болсон жагсаал сануулсан байх. Улстөрчдийн хувьд халуухан, улаан нүүрэн дээрээ нэгийгээ мэлзтэл нь шүүмжилсэн өдрүүд байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр нэр дэвшиж буй болон халаагаа өгөх сайд нарыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр МАН-ын нэр дэвшигчдийг хатуухан үгээр далайлгаж нэг бүрчлэн нүүрийг нь шарсан. Мөн Засгийн газрын сайд нарын ажлыг хуулийг дагуу хүлээлцүүлэхийг Ерөнхий сайдад сануулсан.
Үүний дагуу Засгийн газраас АН-ын сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж нэг өдрийн дотор шийдүүлсэн. Ингснээр АН хамтралаас салж, МАН дангаар ажиллах болж тамга тэмдэгээ солилцсон юм. Энэ өдрөөс хамтарсан Засгийн газрын ажил дуусгавар болсон. Улстөрийн хүчнийхний дунд хэрүүлийн алим шидсэн нефть бүтээгдэхүүн импортлогчдод ч хатуухан буулт ирэв.
Засгийн газраас үгсэн хуйвалдаж, хууль бусаар олсон орлогыг нь хуураах буюу 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулахаар болсон. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийн шатахууны үнийг бууруулах боломжтой гэж үзэн компаниудад шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээр сарын 16-ны байдлаар бүх компанийн ШТС-д газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1500 төгрөг, АИ- 92 автобензиныг 1800 төгрөг, дизелийн түлшийг 1850 төгрөг болж, 35-50 төгрөгөөр буурчээ.
Түүнчлэн энэ сарын 16-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлагад өгсөн хариугаас харахад автобензин дизелийн түлшийг тус бүрд нь 20- 30 төгрөгөөр буулгахаар байдал ажиглагдаж байна. Ийнхүү шатахууны ханш эргээд буурч байхад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өссөн шигээ дагаад буусангүй.
Монголбанкнаас ойр ойрхон хийсэн валютын интервенци ч тус болсонгүй. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт өгсөн шаардлагынхаа хариуг авч чадаагүй МҮЭХ-ныхон энэ долоо хоногт дахин жагсаж гурван талт хэлэлцээр эхлүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ гэж байна.
Тэгвэл улстөрчид дангаар байгуулах Засгийнгазрын сайд нарын томилгоо, агентлагийн дарга нарын томилгоо гээд гал тогооныхоо ажилтай зууралдсаар шинэ долоо хоногийг үдэх шинжтэй. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногоос онцын өөрчлөлт, ахиц ажиглахгүй нь.