Ээлжит бус хуралдааны сураг сар гаруй хөвөрсөний эцэст намрын чуулган хуулийн хугацаагаа тулган эхэллээ. Ирцийн мэдээг харахад гурван гишүүн ажиг сураггүйгээр нээлтийн хуралдааныг тасалсан байлаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолыг барьж байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл уг тогтоол биелэсэнгүй. Тиймээс УИХ-ын 57 дугаар тогтоолыг хангаж Монгол Улсын хувь хэмжээг 50 хувьд хүргэхийг шаардсан шаардлагыг УИХ-ын 20 гишүүн Ерөнхий сайдад гардуулсан. Шаардлагынхаа хариуг нэхэж, сануулсан гишүүд намрын чуулганы нээлтийн үеэр “
Алдаатай Оюутолгойн гэрээгээ засагтун. 10-03” гэсэн сануулга бүхий цаасыг ширээн дээрээ тавьсан байлаа.
Ерөнхий сайд “болзоо”-ндоо ирсэнгүй
Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлсэн 20 гишүүн өнгөрөгч долоо хоногт шаардлагынхаа хариуг авсан ч асуудал шийдэгдсэнгүй. Ёстой л дайран дээр давс нэмэв гэгчээр зүйл болов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын гарын үзэг бүхий хариулт хаврын чуулганаар тавьсан гишүүдийн асуулгын хариултын хариугаа эв дүй муутайхан эмхэтгэсэн байж. Уг нь шаардлагаа Ерөнхий сайдад гардуулахдаа өмнөх асуулгын хариулт шиг зүйл хийхгүй байхыг сануулсан. Гэтэл ийм хариулт өгч байгаа нь УИХ-ын гишүүдийг үл тоон Хэрэг эрхлэх газрын даргаараа ийм хариулт өгч байна. Ерөнхий сайдыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн танхимын гишүүдийн хамт Төрийн ордын “Г” танхимд хүрэлцэн ирэхийг урьсан ч хоёр цаг гаруй хүлээлгээд ирсэнгүй. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааныг хийж буй тул энэ хуралдааны дараа уулзъя гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжилсан байлаа.
УИХ-ын 20 гишүүн улстөржөөд байна уу, Засгийн газар урвагч уу?
Үүнийг учир тайлагдалгүй байсаар долоо хоногт өнгөрлөө. Ямар боловч шаардлага хүргүүлсэн 20 гишүүн өөрсдийгөө ил зарлаж УИХ-ын тогтоол биелээгүй гэдгийг баримт түшиглэн тайлбарлаж байна. “Айвенхоу майнз” компанийн хувьцаа дэлхийн үнэт цаасны зах зээлд ямар шалтгаанаар ханш нь буурч, өсч байгааг дэлхийн хэвлэлийн агентлагуудын мэдээллийг түшиглэн тайлбарлаж байх юм. Харин шаардлага хүлээж аваад сар гаруй болж байгаа Ерөнхий сайд эрхэм түшээдтэй нүүр тулж уулзалгүй ингэж гэдийнхийн учир юу вэ?
Ингээд пүрэв гаригт Үндэсний аюулгүй байдлын гишүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нартай хамтран уулзалт ярилцлага хийсэн. Мэдээж сэдэв нь сүүлийн үеийн асуудал болоод байгаа Оюутолгойн гэрээ байв. Уулзатын үеэр яригдсан асуудал өнөөх шаардлага хүргүүлсэн 20 гишүүнд таалагдсангүй. Учир нь 57 дугаар тогтоол биелэсэн, улстөржилт Монгол Улсын эдийн засагт муугаар нөлөөлж дэлхий дахин нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйлдэл болж байна гэсэн өнгө аясыг гаргасан юм. Тухайлбал, УИх Хурлаас гаргасан тогтоолтой хэрхэн нийцүүлэхтэй холбоотой асуудлыг тавьсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д заасны дагуу хөрөнгө оруулагч тал Монгол Улсын тавьж буй асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. “Энэ төсөл бол Монгол Улсын бүтээн байгуулалтын том төсөл юм. Бидний хамтарсан бүтээн байгуулалтын төсөл. Энэ төсөл маань эдийн засгийн хувьд, санхүүжилтийн хувьд тасалдахгүй, үргэлжлээд бодитой үр дүнгээ ирэх жилээс эхлэн Монголын ард түмэнд өгөх ёстой” гэж. Тэгэхээр энэ ажлыг бид зогсоохгүй байх, үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хөрөнгө оруулагч тал “Яг одоо энэ асуудлаар тохиролцоо хийх боломжгүй байна” гэсэн. Бид Монгол Улсын эрх ашиг, Оюутолгойгоос авах үр өгөөжийг яаж нэмэгдүүлэх, энэ бүтээн байгуулалтыг дагасан дэд бүтцүүд хэрхэн бий болгох асуудлуудыг тодорхой дурьдаж оруулсан. Монгол Улс асуудлаа бичгээр хоёр талын тохиролцооны хэлбэрээр хөндөж тавих боломжтой. Үүнийг гэрээний заалтын дагуу аль ч тал нь бичгээр харилцан ярилцах боломжтой гэдгийг тодотгосон мэдэгдлийг хийж Засгийн газар хөрөнгө оруулагч талуудтайгаа тохиролцож байгаа. Энэ хамтарсан мэдэгдлийг УИХ-д, олон нийтэд танилцуулна гэж байв. Ингээд маргааш нь Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз, Рио Тинто компанийн хамтарсан мэдэгдэл гарсан юм. Энэхүү ярилцлага, мэдэгдэл шаардлага өгөн Монгол Улсын эрх ашиг гэж байгаа 20 гишүүнд мөн л таалагдсангүй. Харин ч Энэ Засгийн газар Монгол Улсынх бус гадаадын компанийнх гэдгээ харууллаа. УИХ-ын гаргасан шийдвэр буюу 57 дугаар тогтоол нь Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн байж гэж байна. Ингэж хандаж байгаа бол бид илүү чанга дуугарч, ард түмэнтэйгээ хамтран тэмцэх болно гэлээ.
Ц.Ургамал