Н.Алтанхуяг даргын хоншоортой мэдэгдэл үргэлжлэх нь
Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах бодолтой байгаагаа мэдэгдэж удахгүй хуралдуулах гэж байгаа Үндэсний зөвлөлдөх хороогоороо хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн. Харин сүүлийн үед ҮЗХ-нд нөлөө бүхий МоАХ, МҮДН, Ардчилсан хүчний холбоо, Нэг ардчилал клуб хүч хавсайдан намын даргаасаа нүүр бууруулаад байгаа. Алтангадасын үе дуусч байгааг байн байн сануулж намын даргад итгэл үзүүлэх эсэхээр ярилцах хэрэгтэй гэж ил тод хэлэх болсон. 2012 оны сонгуульд Н.Алтанхуяг даргатай оролцвол ялагдана гэж үзэж байгаа гишүүдийн тоо эрс өссөн. Ийм нөхцөлд гадаад, дотоод орчинд нэр хүндээ өсгөх, Алтангадас болоогүй шүү гэснийг сануулахаар хамтарсан Засгийн газраас манай нам гарах цаг болсон гэж мэдэгдсэн бололтой. Бөөн айдас дунд яваа тэрээр шуурга сөрж намдаа үнэнч гэдгээ харуулах гэж эцсийн нүүдлээ хийж байна. Түүний саналыг Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний хэд нь дэмжихийг мэдэхгүй. Ямар боловч намын даргадаа итгэхгүй байгаа дээрх фракцийнхан 160-ыг нь бүрдүүлж байна.
Тэгэхээр Н.Алтанхуяг дарга тэр хүмүүсийн сэтгэлийг эргүүлэхийн тулд их хүч гарах хэрэгтэй болж байна. Хамтарсан Засгийн газар байгуулах үеэс эсэргүүцэж УИХ дахь бүлгийн 27 гишүүний 15 эсрэг санал гаргаж байсан юм. Н.Алтанхуяг дарга ч улс орны эрх ашиг, улстөрийн тогтвортой байдал ярьсаар байгаад хамтарч ажиллах саналыг хүлээн зөвшөөрүүлж байв.
Тухайн үед буюу хоёр нам хамтран ажиллах гэрээ байгуулсан 2008 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө түүнд “бид сөрөг хүчин байна” гээд хэлчих хоншоор тутаж байсан гэнэ. Харин одоо “Манай нам хийвэл хийсэн шиг хийдэг, зангарагтай, хоншоортой эрийн цээнд хүрсэн” гэж хэлэв. Ийм гэдгээ гэнэт мэдсэн намын дарга эр зориг гарган хоншоортой зангинасан нь энэ. Түүний хоншоортой мэдэгдэл үүгээр дуусахгүй гэдгийг ч харуулав. Өнөөдөр ашигт малтмалын лицензүүдийг хэдхэн хүн хэрхэн худааж идсэнийг дэлгэнэ.
Ерөнхий сайд ҮЗХ-нд итгэл өгөв
Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд АН-ын удирдлагуудын зүгээс гаргаж байгаа мэдэгдэл, үйлдэлд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Улс төр хийх гэж бус улс орныхоо хөгжийн төлөө нэгдэж ажилласан. Олон ажлын ард гарч, олон ажлыг эхлүүлчихээд байхад замын дундаас буцаж байгаа нь ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг шиг зүйл болж байгааг хатуухан хэлэв.
Гэхдээ Ерөнхий сайдын хувьд Н.Алтанхуяг даргын үгээр асуудал шийдэгдчихгүй. Эцсийн шийдвэрийг гаргадаг ҮЗХ-ны 228 гишүүнийг эрүүлээр бодож ард түмнийхээ эрх ашгийн төлөө санал нэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа хэлж байна. Мөн 2008 оны есдүгээр сарын 12-ны өдөр байгуулж хундага тулгаж байсан үе, гэрээний зүйл заалтыг эргэн сануулаад авна лээ.
Уг гэрээгээр хамтран ажиллая гэхээр хөнжилдөө оруулчихдаг. Хоншоортой сөрөг хүчин байя гэхээр нь гаргаад явуулчихдаг амар хялбар заалтууд даанч байхгүй гэнэ. Тэгэхээр хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээр одоогийн танхим 2012 оны сонгуулийн үр дүнгийн дараа дараагийн парламент, гүйцэтгэх засаглал байгуулагдтал үүргээ гүйцэтгэж, улс төрийн тогтвортой байдлыг хангах хамгийн чухал үүрэгтэй байгааг ч хатуухан сануулсан.
Урд өдөр нь уулзаж саналаа хэлчихээд маргааш нь гэнэт намын удирдалагуудтай бид засгаас гарлаа. 2012 оны сонгууль энэ өдрөөс эхэлж байна. Бид ардчилсан засаглал байгуулна гэдэг мэдэгдэл хийж байгаа нь нэг тианхимд тохоо залган суусан нөхдөд нь таалагдсангүй.
Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр хаашаа эргэх бол
Тэд хамтарсан Засгийн газар байгуулах эцсийн шийдвэрийг гаргаж МАН, АН хамтран ажиллах гэрээг гэрээг үзэглэх гишүүдээ томилсон хүмүүс. Одоо шийдвэрээ дахин нягтлах, эргэж харах шаардлага гарч ирээд байна. Өөрийн намын дарга нь эргэлт буцалтгүй сална гээд гүрийчихсэн, МАН-ын дарга сайн бод гээд хугацаа өгчихсөн байгаа.
2008 оны сонгуулийн үр дүн, долдугаар сарын нэгний үймээний дараа гаргасан хоёр намын улс төрийн шийдвэр зөв байсан эсэхийг гурван жил гаруй шүүн яриад эцэслээгүй байна. Одоо үүнийг цаг хугцаанд даатгаж үлдээх нь.
Харин үймээнээр эхэлж хэлэлцээрээр үргэлжилж хундага тулгалтаар үзэглэгдсэн МАН, АН-ын хамтран ажиллах гэрээг ямар тохиолдолд цуцлахыг толилуулж байна. Гэрээний хамгийн сүүлийн хоёр бүлэгт энэ тухай дурджээ.
3. Намуудын хүрээнд:
3.1. Хамтын ажиллагааны хүрээний зарчмын зөрүүтэй асуудлыг зөвшилцөх зорилгоор Зөвлөлдөх хороог байгуулна. Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь намын бүлгийг төлөөлж 3, Засгийн газрыг төлөөлж 3, нийт 8 хүн нэг талаас оролцоно.
Энэ нь Ерөнхий сайдын Н.Алтанхуяг даргад сануулсан заалт байлаа. Зөвлөлдөх хороонд багтсан Э.Мөнх-Очир, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, Сү.Батболд, Х.Баттулга, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ц.Баярсайхан, Ц.Сэдваанчиг, Ц.Нямдорж нараас их зүйл шалтгаална. Тэдний дунд хамтарсан Засгийн газар тарах ёстой гэсэн байр суурьтай гишүүн бараг тэн хагасыг нь бүрдүүлж байна. Мөн дараагийн бүлэг болох Тавдугаар зүйлд бүр тодорхой дурджээ.
5.1. Энэхүү гэрээг МАХН-ын Удирдах Зөвлөл, АН-ын Гүйцэтгэх Зөвлөл дэмжиж баталснаар хүчин төгөлдөр болно. Гэрээг өөрчлөх буюу цуцлах саналыг МАХН-ын Удирдах Зөвлөл, АН-ын Гүйцэтгэх Зөвлөл тус тус дэмжсэн тохиолдолд авч хэлэлцэнэ.
5.2. Орон нутгийн хурлын 2008 оны болон Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН, АН дангаараа оролцох бөгөөд сонгуулийн үр дүн нь энэхүү гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй.
5.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно гэжээ. Одоо МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн эцсийн үзэглэсэн шийдвэрийг хүлээх үлдэж байна.