![12010202big1](http://www.shuud.mn/wp-content/uploads/2012/01/12010202big1-600x398.jpg)
Ерөнхий сайд С.Батболд шинэ оны ажлын эхний Хэнтий аймагт ажилласан. Монгол Улсын Засгийн газар энэ онд бага орлоготой өрх, гэр бүлийг дэмжихэд онцгой анхаарах зорилт тавьж байгаа.
Ерөнхий сайд хамгийн түрүүнд Өндөрхаан хотод байх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд саатлаа. Энд зүүн бүсийн аймгийн залуус голдуу суралцдаг. Мөн Оюутолгой төслийн захиалгаар ч мэргэжилтэн бэлтгэж байна. Өнгөрсөн онд энэ төслийн хүрээнд 90 хүн бэлтгэсний 60 нь ажилтай болжээ.
Гэхдээ Оюутолгой компани 6 хүнийг л ажилд авсан байна. Сургалт, дадлагын техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Ирэх есдүгээр сард өргөтгөлөө ашиглалтад оруулснаар 1200 хүүхэд суралцах боломж бүрдэнэ гэж байлаа.
Ерөнхий сайдын хувьд зүүн бүсийн сургалт үйлдвэрлэлийн төвийг тус аймагт байгуулахаар төлөвлөсөн нь биелж байгааг Ерөнхий сайд хэлж байлаа. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах шаардлага, боломжийг алдалгүй ашиглахын тулд мэргэжилтэй, чадвартай боловсон хүчнээ бэлтгэж, ажилтай болгосноор эдийн засгийн 20 хувийн өсөлтөө барина гэж байв. Идэр ес тачигнасан энэ өдрүүд байгаа ч орон нутгийн иргэд гүйцэтгэх засаглалын тэргүүний яриа халуухан болж байв. Ерөнхий сайд ч ямар нэг урьдчилсан төлөвлөсөн байдлаар ажиллахыг хүсэлгүй худалдааны төв, замдаа таарсан малчны хотонд саатаж ярилцаж байсан юм.
Өмнө нь иргэд амьдрал хүнд байгаагаа ярьж төрөөс тусламж дэмжлэг нэхдэг байсан бол сүүлийн жилүүдэд ажлын байр, бизнес эрхлэх боломж олгохыг илүү хүсэх болсон. “Өндөрхаан-Уул” ХХК-ийн байранд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзаж ярилцсан юм. Жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс дунд хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй гэр бүлийн хоёр залуу байлаа.
Тэд 10 гаруй жил ийм бизнес эрхэлж буй бөгөөд “Өндөрхаан-Уул“ ХХК тэдний түрээсийг 30 хувь хөнгөлдөг байна. Энэ гэр бүлийн эрхэлж байгаа бизнесийг бүх талаар дэмжиж, туслалцаа үзүүлэхийг “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн тэргүүн Ц.Ням-Осор болон аймгийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болгов.
Худалдаа эрхлэгчид Гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, Замын-Үүдэд гаальтай гэгдэх машинууд баяр ёслолын үеэр үнээ нэмдэг, зээл авъя гэхээр хүү өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг нь гол бэрхшээл гэж хэлж байлаа. Тэд мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т жижиг бизнес эрхлэгчид, малчдыг хамруулах боломж байгаа эсэхийг ч тодруулж байв.
“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд анх удаагаа, 50 ам.метр талбай бүхий орон сууц худалдан авах иргэдэд энэ жилээс 6 хувийн зээл өгөхөөр төлөвлөсөн. Ингэхдээ зөвхөн төрийн албан хаагч гэсэн ангилал зааг гаргахгүй, бүх иргэнээ хамруулна.
Шаардагдах хөрөнгийг “Хөгжлийн банк” болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Хэнтий аймагт барихаар төлөвлөсөн 128 айлын орон сууц бүх хүнд зориулсан орон сууц гэж Ерөнхий сайд хэлсэн. С.Батболд сайд дараа нь Баянхутаг сумын нутагт өвөлжилж байгаа Хэрлэн сумын III багийн малчин Г.Нарангэрэлийн хот айлыг зорилоо. Хэнтий аймагт энэ жил өнтэй сайхан өвөл болж, малын зоо тэнийж, малчдын сэтгэл санаа ч өөдрөг байна. Он солигдох мөчид нэг үнээ нь тугаллаж эр хөх тугал гаргасны дараахан Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирсэнд Сайн малчин Г.Нарангэрэл ихэд бэлэгшээн, зочдоо шинэхэн уурагаар дайлж угтлаа.
![12010201big4](http://www.shuud.mn/wp-content/uploads/2012/01/12010201big4-600x398.jpg)
Тэрээр 4 малчинтай. Тэднийгээ сард тус бүр 300 мянган төгрөгөөр цалинжуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, түлээ түлш, хоол хүнс гээд хэрэгцээтэй бүхнийг нь бэлдэж өгдөгөө хэлж байв. Мөн Ерөнхий сайдтай уулзаж ярилцахаар Г.Нарангэрэл малчныд малчид цугласан юм. Мэдээж тэдний ярианы сэдэв “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” хөтөлбөр байлаа. Төр, засгаас малчид, малчин өрхөө санхүү, үйлдвэрлэл, зах зээл гээд бүх талаар дэмжинэ.
Гагцхүү малчид үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд борлуулан, ашиг орлого олж байхын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв. Малчдын хувьд ч ченжүүдийн аманд орж байхаар хоршоод ажиллах боломж бүрдэж байна. Хамгийн гол нь төрийн бодлого малчны хотонд бүрэн хэрэгжээсэй гэж хүссэн. Ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүний шинэ оны анхны томилолт орон нутагт чамгүй ажил хэрэгч болж өнгөрлөө.