![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/1001-150x130.jpg)
Манай улсын гадаад орчин, дотоод нөхцөл байдалд өөрчлөлт гарсныг харгалзан 2010 оны 7 дугаар сард батлагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэн Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн найруулж, УИХ-аар 2011 оны 2 дугаар сард хэлэлцүүлэн батлуулав. Гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” хэмээн томъёолж, манай улсын гадаад бодлогын мөн чанар, агуулгыг тодруулав. Үзэл баримтлалд “Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого”, “Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого” гэсэн бүлгүүдийг шинээр нэмж тусгасан байна.
2.БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцов. ОХУ-тай найрсаг харилцаа тогтоох тухай анхны хэлэлцээр байгуулсан болон дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг хамтран тэмдэглэжээ.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-1.1-150x130.jpg)
Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол, Хятадын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар өмнө хүрсэн зарчмын тохиролцоог ерөнхий сайд нарын түвшинд нотолж, хамтарсан мэдэгдэл гаргасан нь манай гадаад харилцааны бас нэгэн онцлох үйл явдал болов. ОХУ-тай найрсаг харилцаа тогтоох тухай анхны хэлэлцээр байгуулсан болон дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг хамтран тэмдэглэв. Ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд А.И.Денисов 2011 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчлан хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын 2011 – 2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
3.“Гуравдагч хөрш” улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөв.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-2.1-150x130.gif)
Монгол Улсын “гуравдагч хөрш” улс орнуудын төр, засгийн тэргүүн нар - БНЭУ-ын Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг, Финландын Ерөнхийлөгч Тарьяа Халонен, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозэф Байдэн, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар болон бусад олон улс орны өндөр албаны хүмүүс манай улсад айлчлав.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хэлэн Кларк, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ноэлин Хэйзер, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Нобуко Хорибе, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэн нар манай улсад тус тус албан ёсны айлчлал хийв.
4.Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалах үүргийг хүлээн авлаа.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-3.1-150x130.gif)
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалах үүргийг 2011 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Литва Улсаас хүлээн авсан нь дэлхий нийтэд ардчиллыг дэмжих үйлст хувь нэмрээ оруулах, улмаар улс орны нэр хүнд, байр суурийг олон улсын тавцанд өргөх чухал ач холбогдолтой болов. Ийнхүү дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх энэ хөдөлгөөнийг нэр төртэй тэргүүлэх өндөр хариуцлага бидэнд ногдож байна.
5.Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-4.1-150x130.gif)
Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 2011 оны 10 дугаар сард Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-д айлчилж, НҮБ-ын өдөрт зориулсан монгол ардын язгуур урлаг, соёлын өв уламжлалаас дэлхий нийтэд сурталчилсан урлагийн тоглолтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн их танхимд анх удаа амжилттай зохион байгуулав. Ойд зориулан “Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Нээлттэй хаалганы өдөрлөг, 50 жилийн ойн маркийн нээлт (Улаанбаатар, Нью-Йоркт), гэрэл зургийн үзэсгэлэн (Улаанбаатар, Нью-Йорк, Женев, Бангкокт), Хүндэтгэлийн концерт, 100 асуулт хариултын уралдаан зэрэг олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Эдгээр нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхэн ач холбогдол, манай улсаас НҮБ-ын хүрээнд явуулж буй бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн талаар манай орны төдийгүй дэлхийн олон нийтэд таниулан сурталчлахад үр дүнгээ өглөө.
6.Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жил, Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэв.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-5.1-150x130.gif)
Эдгээр түүхт ойд зориулж манай эрдэмтэд, уран бүтээлчид, дипломатчид болон бусад хүмүүсийн хичээнгүй зүтгэлээр “Монгол Улсын гадаад харилцааны 100 жилийн түүхийн тойм 1911-2011”, “Монгол Улсын Гадаад харилцааны яам 1911-2011”, “Монгол Улсын дипломат албаны нэрт зүтгэлтнүүд”, -“Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд”, “Алтан аргамж”, “Монголын худалдаа 90 жил” гэсэн 6 ном, “Монгол Улсын гадаад харилцаа 100 жил” гэрэл зургийн цомог зэрэг ном, бүтээлийг туурвин хэвлүүлж, Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Сонголт, сорилго, замнал, ирээдүй” баримтат кино болон “Монголын худалдаа-Туулсан зам 90 жил” баримтат кино бүтээсэн нь онцгой тэмдэглүүштэй, үлдэцтэй ажлууд боллоо.
Түүнчлэн Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээний чансааг дээшлүүлж “Монгол туургатан-2011” олон улсын шатрын тэмцээн болгон анх удаа зохион байгууллаа. Гадаад хэргийн анхны сайд асан Чин Ван М.Ханддоржийн гэгээн дурсгалд зориулан хөшөө босгож, ойд зориулсан шуудангийн сери марк хэвлүүллээ. Яамны нэгж бүр нэг сарын бүтээлч аян өрнүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, уралдаан тэмцээн, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд гаргах, урлаг, спортын баяр зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Монгол Улсын гадаад харилцааны “Хөх ном”-ын ээлжит дугаарыг боловсруулан гаргав. Хилийн чанадад суугаа манай ДТГ-ууд суугаа улс орондоо олон төрлийн ажил зохиожээ.
7.Дээд, өндөр түвшний нийт 27 айлчлал, арга хэмжээг гадаадад амжилттай хэрэгжүүлж, манай улсын хоёр талын харилцаа өргөжин хөгжиж байна.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-6.1-150x130.gif)
Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарын гадаад улсад хийсэн нийт 27 айлчлал, арга хэмжээний бэлтгэлийг ГХЯ хангаж, амжилттай хэрэгжүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улс, ОХУ, АНУ, Украин, Ватикан, Итали, Хорват, ИБУИНВУ, Кувейт, Катарт айлчилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулган, Дэлхийн эдийн засгийн 41 дүгээр чуулга уулзалт, АОХН-ийн Сайд нарын бага хурал, НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн Холбооны 4 дүгээр форумд тус тус оролцов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Франц, Японд айлчилж, Олон улсын парламентчдын холбооны 125 дугаар ассамблейд оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт, АНЭУ, Сингапур, Австрали, БНСУ, БНХАУ-д айлчилж, Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Байгалийн эдийн засгийн чуулга, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн арга хэмжээ, Ардчиллын төлөөх Балийн IV чуулганд тус тус оролцов.
8.2011 онд манай улс НҮБ-ын гишүүн 12 улстай дипломат харилцаа тогтоов.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-7.1-150x130.gif)
Манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 45 улстай шинээр дипломат харилцаа тогтоох чиглэлээр ажилласны дүнд энэ онд Андорра, Гондурас, Доминика, Науру, Сент-Винсент ба Гренадин, Соломоны Арлууд, Коморосын Холбооны Улс, Тувалу, Өмнөд Судан, Малави, Самоа, Гамби улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурав. Чингэснээр нийтдээ 163 улстай дипломат харилцаатай болж, хоёр тал болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.
9.Олон улсын томоохон хурал, чуулга уулзалтуудыг эх орондоо амжилттай зохион байгуулаа.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-8.1-150x130.gif)
Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурлыг 10 дугаар сард, НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран «Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хөгжлийн бэрхшээлүүд» сэдэвт өндөр түвшний бодлогын зөвлөлдөх уулзалтыг 4 дүгээр сард, ЕАБХАБ-тай хамтран “Аюулгүй байдлын асуудалд цогцоор хандаж, нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд ЕАБХАБ болон түүний Азийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурлыг 5 дугаар сард, АХАИББХ-ын Байгаль экологийн хүрээнд итгэлцлийг бэхжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагчийн хувьд цөлжилттэй тэмцэх асуудлаар АХАИББХ-ын гишүүн орнуудын мэргэжилтэн экспертийн уулзалт семинарыг 9 дүгээр сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав. Мөн түүнчлэн Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулга уулзалтыг 1 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
10.Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт анх удаа 10 тэрбум ам.доллараас давж гарав. ”Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөлгөөн”-ийг зохион байгуулав.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111117-hudaldaa-150x130.jpg)
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт анх удаа 10 тэрбум ам.доллараас давлаа. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой алхмуудыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байна. Сүүлийн 30 жил тасалдаад байсан Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөлгөөнийг хот, хөдөөгийн 800 гаруй төлөөлөгч оролцуулан 2011 оны 11 дүгээр сард зохион байгуулав. Энэхүү зөвлөлгөөнөөр худалдааны салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж, УИХ, Засгийн газар болон улс төрийн намууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан зөвлөмж гаргав.
11.Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг ойртуулах асуудлыг үйл ажиллагааныхаа нэгэн үндсэн зорилт болгож, шинээр 5 Дипломат төлөөлөгчийн газрыг нээв.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/20111228-8-150x130.gif)
Монгол иргэд олноор суурьшсан зарим оронд ЭСЯ болон консулын төлөөллийг нэмэгдүүлэх, өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг ойртуулах үүднээс Италийн Ром хотод ЭСЯ, АНУ-ын Сан Франциско, Японы Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс – Гонконг хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Шанхай хотод консулын төлөөлөгчийн газар нээв. ГХЯ-ны зүгээс иргэдэд шуурхай үйлчлэх үүднээс Консулын газрын иргэдэд үйлчлэх танхимыг засварлаж, нөхцөл боломжийг нэмэгдүүлэв. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-г 2011 оны 7 дугаар сард эцэслэн батлав. Цахим мэдээлэл бүхий ялтастай дипломат, албан паспорт нэвтрүүлж эхлэв.