![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/index65.jpg)
Ерөнхий боловсролын дунд сургуулиудын татаасны асуудал эцэг эхчүүдийн нуруунд багагүй ачаа үүрүүлдэг. Өдөр болгон шахуу "гуйлга" гуйлгуулан ийм ч юм, тийм юм авчир гэх тамгагүй тушаалыг багш нар хүүхдүүддээ өгдөг аж.
Гэсэн ч эцэг эхүүдийн тухайд хүүхдүүдээр дамжуулан гуйлгуулсан зүйлсийг өгөх нэг хэцүү өгөхгүй байх бас нэг хэцүү даваатай тулдаг гэнэ. Өрхийн орлого бага, боломжгүй айлын эцэг эхчүүдэд эдгээр татаас нь бас нэгэн ачаа, дарамт болдог бөгөөд "Өгөхгүй бол хүүхэд дарамтанд орно" гэсэн айдастай байдаг учраас өгөхөөс өөр аргагүй байдалд орж үг дуугүй л өгсөн үүрэг даалгаварыг нь биелүүлдэг байна.
Тэгэхээр айдас хүйдэст автсандаа сургуулийн зүгээс ирэх татаасыг өгөөд явах уу, аль эсвэл энэ асуудлыг зохих түвшинд нь ярьж татаасны асуудлыг цэглэх үү гэдэг чухал юм.
Саяхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн гуравдугаар бага сургууль буюу 83 дугаар сургуулийн 5-ын з бүлгийн багш н.Эрдэнэбаяр ангийнхаа хүүхдүүдэд дараах үүргийг өгчээ.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/422.jpg)
Хүүхэд тус бүр гар нүүрний алчуур, 00-ын цаас, гар нүүрний болон барааны саван, угаалгын нунтаг зэргийг авч ирэхийг үүрэгджээ. Урьд жил энэ ангийг Оюунчимэг гэх багш удирдаж байсан ба мөн л хичээлийн шинэ жил эхэлснээс хойш л дээрх татаасыг хүүхдүүдээс татсан байдаг. Харин гар нүүрний алчуурын оронд гал тогооны алчуур авчирсан хүүхдийг “Муу алчуур авчирлаа” хэмээн аашилж байсан гэх. Түүнээс гадна 00-ын цаас авч ирэхдээ 450 төгрөгийн орос цаас, 500 дээш төгрөгийн үнэтэй скоч хэмээн үнэтэй чанартай зүйл авч ирэх үүрэг даалгавар өгчээ. Эдгээр даалгаварыг хүүхдүүдэд өгснийхөө дараа ангийнхаа гурван цонхыг дулаалахаар болж хүүхэд тус бүр нэг метр цагаан даавуу, гурван ширхэг зүссэн пролон зэргийг авчир хэмээжээ. Эдгээр даалгаврыг гүйцэтгэдэг анги нь 40 хүүхэдтэй. Тэгэхээр 40 хүүхдийн 40 метр даавуу, 120 ширхэг зүссэн пролоноор ангийхаа гурван цонхыг дулаална гээд бодоод үз дээ.
Үүгээр энэ ангийн “тамлалт”-ын татаас дуусахгүй. Уг ангид н.Янжинлхам гэх багш тооны хичээл ордог бөгөөд “Хөтөлбөрөөс гадуур” хүүхдүүдээс мөнгө сааж сурсан нэгэн. “Хөтөлбөрөөс гадуур” гэдэг нь ч учиртай. Тус сургуульд математикийн сонгоны анги бий. Тэгэхээр энэ чиглэлийн секц, дугуйлан хичээллэж болохгүй журамтай. Гэсэн тооны багш хичээлээс гадуур сонгон хичээллүүлжээ. Гэхдээ төлбөртэй. Бүтэн жилийн турш сонгонд суух бол 160 мянган төгрөг төлнө. Харин боломжгүй хүүхдүүд нь сараар эсвэл улирлаар сууж болно гэх боловч түүний тавьсан болзол хатуу. Энэ нь “Хэрэв гайгүй сайн сурдаг хүүхдүүд олимпиадад оръё гэж бодож л байвал сууна шүү. Суухгүй хүүхдүүдийг олимпиадад оруулах” хэмээн дарамтласан байдаг. Үүнээс гадна “Энэ сонгон хичээллэж байгаа гэдгийг хэнд ч хэлж болохгүй” хэмээн хатуу үүрэгджээ.
Сургуулийн зүгээс ирэх дарамт, татаасны асуудал үүгээр цэглэхгүй. Бас хэвлэл захиалганы ТАМЛАЛТ ирнэ. Болсон болоогүй, сонин сэтгүүл, үг бөглөх номонцор зэргийг хүүхдүүд шахалтаар авна. Энэ нь мөн л багшийн орлоготой холбоотой. Тодруулбал, 6500 төгрөгийн үнэ бүхий сонинг захиалуулбал, захиалга тус бүрээс 1000 төгрөгийн урамшуулал авна. Тэгэхээр 40 хүүхэдтэй ангийн багш 40 мянган төгрөгийн урашуулал авч дээр нь сонин дээр ангиараа гарах боломжтой болно.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/images57.jpg)
Үүнээс гадна ном зарах жижиг сажиг "халтуур"-ыг их хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг хэдэн янзаар хэвлэгдсэн байх бөгөөд багш нар "эмзэг" бүлгийн гэх тодотголтой цөөн хэдэн хүүхдэд сургуулийн зүгээс номыг нь олгох бөгөөд үлдсэн боломжийн амьдралтай гэсэн хүүхдүүдийг номоо худалдан авахыг зөвлөдөг нь нийтлэг үзэгдэл. Гэхдээ өмнөх жил нь үзэж байсан номын дараа жил үзэхээ больдог гэмтэй. Тодруулбал урд жил үзэж байсан номын дараа жил анги дэвшин суралцаж байгаа хүүхдүүдэд дамжуулан үзэх боломжгүй. Учир нь программ таарахгүй гэсэн шалтгаанаар заавал тэрний номыг үзэх ёстой. Номын санд цөөхөн ирсэн байгаа авсных нь зол, алдсаных нь хохь хэмээн шахаж шаардаад л боруулчихна. Энд хяналт тавих эзэн үгүй. Үнэхээр хэн нэгнийх нь ном боловсролын стандартад тохироод бусдынх нь тохирохгүй байгаа юм бол нэгдсэн журмаар цэгцлэх хэрэгтэй. Гэвч өдгөө энэ асуудал хүрээнээсээ хальж хэсэг бүлэг хүмүүсийн бизнес эрх ашиг боон хувираад хэдэн оныг үдсэн ч энэ асуудал улам л газар авч хөгжснөөс бус эмх цэгцтэй болсонгүй.
Тэгэхээр боловсролын салбарт буй ТАМЛАЛТЫН ТАТААСЫГ цэглэхгүй бол жил ирэх тусам хүрээгээ тэлж хүүхдүүдээ дарамтласаар байх нь. Ажилгүйдэл, ядуурал үнийн өсөлт гээд болж бүтэхгүй бүхэн нүүрлэсэн энэ нийгмийг залж залруулах ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж буй энэ байгууллага нэр цэвэр, мөр бүтэн байгаасай.
Ж.Хулан