Кувейт улсад шатахуунаас өөр чанартай хэрнээ, үнэ хямд зүйл бас бий .Тэр нь алт. Алтны зах нь маш том. Хийц нь тун нарийн. Ер нь бол тус улсын иргэд алтаар гоёуул гоёсон шиг гоёдог хүмүүс байна лээ.
Лангуун дээгүүр нь зарагдаж байгаа алтан эдлэл нь нүсэр том. Бөгжийг заавал хоёроос дээш хосоор зүүнэ, алтан бүс, бүр балчир хүүхдийн соосог хүртэл өрөөстэй. Мэдээж эдэлж хэрэглэдэг болоод л тавьсан байж таараа. Үнэ тохирвол эрээний наймаачид шиг буучихдаг гэж байгаа. Онцлог нь англиар л ярих болно. Эртнээсээ л баян тансаг эдлэл хэрэглэлээр арабын ертөнц алдартай байсан.
Музейд тавигдсан эртний эдлэлүүдээс энэ нь нотлогдож байлаа. Сэлэм, дуулга, аяга, халбага гээд бүхий л эд хэрэгслээ алтаар хийн хэрэглэдэг байжээ. Цул алтан зооснууд, хутга, чинжаалнуудыг алтаар хийн есөн эрдэнээр чимсэн нь музейн үзвэрээс харагдсан юм.
Угийн л ийм тансаг хэрэглээтэй ард түмэн ажээ. Баячуудынх нь орж гардаг дэлгүүрт дэлхийн хамгийн үнэтэй зүйл зарагддаг. Элдэв янзын цаг, утас, хувцас хунар жинхэнэ брэндээрээ энд худалдаалагддаг. Хэдэн мянган динараар яригдана. Динар гэдэг нь энэ улсын мөнгөн тэмдэгт. Энэ улсын мөнгөн тэмдэгтийн өмнө хаданд гараад байдаг ам.доллар, евро ч ёстой үнэгүйдэнэ дээ.
3.7 доллартай нэг динар тэнцэх нь манайхаар 5000 мянган төгрөг гэсэн үг. Дэлгүүрээр нь ороод үзээд үнэ сонирхохоор нэг динар, гурван динар гэхчилэн харахад хямд мэт. Гэвч гурван динар нь 12 доллар манайхаар бол 15 мянган төгрөг. Хэтэвч нимгэн манай улсын иргэд ч нэг их зориод байх нутаг биш дэг ээ. Гэхдээ хаа газарт л байдаг арай хямд хар зах гэж байх юм. Сувенир, хувцас, гэр ахуйн бараа, хоол хүнс худалдаж авахад төвийн дэлгүүрээсээ хямд тусдаг юм билээ.