![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/aa80b6642bd45aa0great-600x410.jpg)
Баярлалаа, бас дахин баярлалаа, дахиад л баярлалаа...Ер нь баярлалаа гэдэг үгийг эцэс төгсгөлгүй хэлдэг хүмүүс бол Есүс Христэд итгэгчид. Тэд эзэндээ баярлахаас гадна бүх л хүмүүст баярлаж талархаж явдаг “өөдрөг” үзэлтэй хүмүүс.
Харин тэдний дагалдан баясагчид буюу мэдэн будилагчид ч гэж болох нөхдүүд Улаанбаатарт төдийгүй Монгол даяар бий болов. Гэхдээ Монголчууд тэдний харамгүй хэрэглэдэг "Баярлалаа"-г бус баярыг нь хуулбарлав. Зөвхөн 12 дугаар сар гарснаас хойш шүү дээ. Тодруулбал, шинэ жилийн баяраа тэмдэглэхээр зэхэж гэр орон, албан байгууллага, гудамж талбайгаа чимсэн Монголчууд.
Уг нь Монголчууд бид бусдыг “хошгоруулдаг”-аараа алдартай. Бас чадвартай ч гэж болно. Гэтэл сүүлийн хэд хоногт “хошгоруулагчид” маань өөрсдөө “хошгорч” эхлэв дээ. Ер нь Монголчууд гадаадынханыг дууриаж жилдээ нэг удаа бүр цаашлуулбал хоёр ч удаа “хошгордог” уламжлалтай боллоо.
Энэ нь шинэ жилийн баяр. Яахав Орос ах нар Монголыг “эзэгнэж” байх тэр үед ах нараасаа сурсан Ёолк гэгч баярыг манайхан сурсан зангаараа Монголчилж “Шинэ жилийн баяр” болгон тэмдэглэсээр цөөнгүй оныг үдчихэж. Бас шинэ жилийн баярын мэнд хүргэе гэх үгээ “С Новым годом” ч болгоод амжсан.
Харин сүүлийн үед манайхан барууны соёлыг нэвтрүүлж байна хэмээн “хошгорч“ Орос ах нараасаа хуулбарласан “С Новым годом”-оо “Merry Christmas”-аар сольж амжив. Гэхдээ хээгүй хэнэггүй нь дэндсэн манайхан энэ үгийн учир утгыг нэг их чухалчлахгүй харин шинэ жилийнхээ баярыг “глобалчлсандаа” хөөрч, “Merry Christmas”-ийг газар авахуулав.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/441.jpg)
Гэхдээ дээр дурьдсанчан манайхан Христчдийг “хошгоруулаад” байгаа ч юм уу, өөрсдөө “хошгороод” байгаа юм уу бүү мэд. Ямартай ч миний мэдэх “Ёолк”-ныхоо гацуурыг “Merry Christmas” гэх бичиг бүхий чимэглэлээр чимж бас болоогүй “Merry Christmas”-ийн баярт хүрэлцэн ирэхийг урья хэмээн урилга тараасан байх юм. Харин зарим айлууд цонхон дээрээ улаан өмсгөлтэй өвгөний зураг бүхий чимэглэлийг наасан нь мөн л “Merry Christmas” гэсэн бичигтэй байх ердийн үзэгдэл.
Харин дунд сургуулийн сурагчдын хувьд шинэ жилийн баярт зориулан зурж байгаа зураг нь мөн л цаа буга хөлөглөсөн улаан өмсгөлтэй өвгөн. Бас улаан өмсгөлтэй цасан охид. Зурагныхаа дээд талд мөн л “Merry Christmas” гэх үгийг бичиж бас хажуугаар нь шинэ жилийн баярын мэнд хүргэе гээд бичээд амжиж. Бас “Happy New Year”-ийг мартаагүй. Харин биднийг багад хамгийн ихээр хэрэглэдэг байсан “С Новым годом” сураггүй болжээ.
Дээрх асуудлуудаас бүр ч долоон дор юм цэнхэр дэлгэцээр гарч байна аа. Энэ нь бизнесийн байгууллагуудын реклам. Тэд шинэ жилийн баярыг тохиолдуулан хямдрал зарласан бас урамшуулалтай бүтээгдэхүүнээ зад рекламдаж байна. Гэтэл рекламныхаа “шум” болгон нөгөө гайхал “Merry Christmas”-ийн дууг тавьчихсан байх юм. Тэгсэн мөртлөө Шинэ жилийн баярын урамшуулалтай хямдрал зарлаад байдаг. Цаана нь Христийн төрсөн өдрийн дуу яваад байдаг. Ёстой л нөгөө хошин урлагийн жүжигчин Хүрлээгийн уншдаг “Эргэлзээ” гэх шүлэг шиг.
Манайхан, Христийн төрсөн өдрийг тэмдэглээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, Монголчууд бусдыг “хошгоруулаад” байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, Христийн төрсөн өдрийн дууг шинэ жилийн дуу болгоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг, Зул сар тэмдэглээд ч байгаа шиг, үгүй ч юм шиг, Зулын сар болгоод ч байгаа юм шиг үгүй юм шиг. Сүүлдээ бүр толгой эргэж гүйцлээ.
Урд хөршөөс ирдэг цагаан хүрээтэй улаан өмсгөл нь Санта гэж нэрлэдэг өвөөгийн өмсгөл. Энэ өвөө 12 дугаар сарын 25-нд бэлгээ тараадаг. Сантагаар бэлэг хүргүүлж 12 дугаар сарын 25-нд тэмдэглэдэг энэ баяр шинэ жилийн баяр ч биш, Зул сарын баяр ч биш Христийн төрсөн өдрийн баяр. Тодруулбал, Есүс Христийн төрсөн өдрийг загалмайтнууд тэмдэглэдэг .
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/index57.jpg)
Харин Монголчууд бидний хувьд 12 дугаар сарын дундаас хойшх үеийг гадаадынхны тэмдэглэдэг “Зул сарын баяр” биш “Зулын сар” гэж нэрлэж болно. Яагаад гэвэл Богд зонхов багшийн их дүйчин өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 25-ныг “Зулын 25” хэмээн тэмдэглэдэг. Тодруулбал, Богд Зонхова бурхан багшийн гаргасан сургаалд шинэчлэлт хийсэн бөгөөд түүхэнд 2 дахь бурхан багш гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд Өвлийн тэргүүн сарын шинийн 25 -нд таалал төгссөнийг нь их хөлгөний шашинт орнуудад “Зулын 25” хэмээн тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ өдөр нь 12 сарын хэдэнд ч тохиож болдог. Өөрөөр хэлбэл жил бүр тогтсон нэг өдөрт биш өөр өөр өдөр тохиодог гэсэн үг. Тиймээс Монголчуудын хувьд Зул сар бус Зулын 25 гэхэд буруудахгүй.
Харин Орос ах нараас хуулбарласан Ёолк буюу Шинэ жилийн баяраар дун цагаан өмсгөлтэй цагаан цэнхэр өнгийн нөмрөгтэй Өвлийн өвгөн бэлэг тараадаг. Бид Грегорийн он тооллын шинэ жилийн баярыг Рим цаг тооны бичгийн нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэдэг энэ соёлыг Орос ах нараас хуулбарласнаас хойш ийм л өвөөтэй байсан билээ. Энэ өвөөгийн дагуулан явдаг цасан охид нь улаан бус цасан цагаан өнгийн өмсгөлтэй.
Тэгэхээр манайхан Есүс Христийн “Санта”, Оросын “Дед мороз” Өвлийн өвгөн аавдаа бэлэг захиалах уу, аль эсвэл Богд Зонховагийн дүйчин өдөр зул барьж буян үйлдэн энэ өдрийг тэмдэглэх үү гэдэг нь тухайн хүний бүрэн эрхийн асуудал юм. Юутай ч 12 дугаар сард тохиох баяруудын ялгаа нь ийм байна.
Христийн Санта Клаус Христмасын баяраар бугатай чарга хөлөглөн нисдэг. Тэрээр айлын яндангаар гэрт нь орж, өлгөсөн оймсонд авч ирсэн бэлэгээ нууцаар хийгээд гарч явдаг гэх домогтой. Түүнд бяцхан анахай нар тусалдаг бөгөөд гэр нь Хойд туйлд байдаг хэмээн үлгэрт гардаг. Тэд цагаан эмжээртэй улаан өмд, цамц өмсдөг.
Монголчууд бидний шинэ жил буюу Оросын “Дед мороз” өвгөн аав шинэ жилийн орой 3 морьтой чаргаа хөлөглөж, айл бүрийн хаалга тогшин зочилж, гэр бүлийн гишүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг. Тэр Цас мөсний оронд амьдардаг бөгөөд үзэсгэлэнт цасан охидтой. Өвлийн өвөө цагаан нэхий дээл өмсөж , цэнхэр өнгийн нөмрөг нөмрөн шидэт таягаа тулж явдаг.
Харин нөгөө л муу нэртэй луу данстай социализмын үеийн Өвлийн өвгөний хэлдэг “С Новым годом” нь “Happy New Year”-ээр солигдож араас нь “Jingle bells”-ын ая эгшиглэнэ. Заримдаа “Merry Christmas” гэх дуу эгшиглэх нь үнэхээр гайхалтай. Бөөн холион бантан.
Одоо шинэ жилийн гацуур мод, Христийн улаан өмсгөлтэй өвөө, Merry Christmas гэсэн бичиг бүхий чимэглэл, “Happy New Year” эсвэл “Merry Christmas”, шинэ жилийн баяр, зул сар, Ёолк гэсэн баяруудын алийг нь тэмдэглэж байгааг нь мэдэхийн аргагүй БАНТАН хаа нэгтээ болж байгаа байх даа.
Ж.Хулан