![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/index52.jpg)
Хэдхэн сарын өмнө цунамид өртөж аюулын харанга дэлдсэн Япон улс гамшгийг гэтлэх болоогүй бололтой. Газар хөдлөлт, цунамийн улмаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцын I ректор дэлбэрсний улмаас цацраг идэвхт бодис алдагдаж Япон ард иргэд төдийгүй дэлхийн дахинаа аюулын харанга дэлдэх дээрээ тулаад байна.
Уг нь Японы Засгийн газар Фүкүшимагийн ойр орчмын газрыг аюултай бүс болгон хүн мал ойртуулахгүй байгаа хэдий ч цацраг идэвхт бодис хүрээгээ тэлсээр байгаа юм. Хэдэн сарын өмнө Японы зарим хотуудад худалдаалагдаж байсан үхрийн махнаас цацраг идэвхт бодис илэрч уг махыг устгаж, мах худалдаалж буй бүх дэлгүүрүүд шинжилгээнд хамрагдсан юм. Гэтэл үүний дараа цагаан будааны талбай тэр чигтээ цацраг идэвхт бодисоор хордсон нь "жинхэнэ" аюулын харанга байв.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/medical_bl.jpg)
Тэгвэл саяхан Японы “Мейжи Холдингс” компанийн хуурай сүүнээс цези-137 хэмээх цацраг идэвхт бодис илэрсэн байна. Тиймээс уг сүүг худалдаанаас буцаан татаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлийн хуудас "чимэх" боллоо.
“Мейжи Холдингс” компанийн үйлдвэр Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас 320 км-ийн алсад байдаг ч цунамийн улмаас тус улсын зүүн хойд нутгаар цацраг идэвхт бодис тархсан юм.Түүнчлэн ус, далайн гаралтай бүтээгдэхүүн, ургамалаас ихээхэн илэрч байгаа хэдий ч мэргэжилтнүүд цацраг идэвхт бодисын тархалтыг зогсоож чадахгүй байгаа аж. Нэгэнт байдал ийм болсон учраас Европын зарим орон Японоос далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хатуу хориглосон байна. Харин зарим улс Японоос орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг тусгай багажаар шалгаж үзсэний дараа аюулгүй бол хилээрээ нэвтрүүлж байгаа аж. Энэ мэтээр дэлхий дахинаа Японы цацрагийн аюулаас сэрэмжилж байгаа ч манай улсын тухайд зөвхөн автомашины асуудал л яригдаж байна.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/index54-150x131.jpg)
Өнгөрсөн наймдугаар сард Японоос орж ирсэн хэдэн хэдэн машинаас зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү цацраг идэвхт бодис илэрсэн юм. Гэсэн ч уг машинуудыг угааж цэвэрлээд эздэд нь буцааж өгснөөр энэ асуудал цэглэгдсэн. Харин үүний дараа дахиад л цацраг идэвхт бодис бүхий машин орж ирсэн боловч мөн л ариутгал цэвэрлэгээний ажил яригдаад л асуудал намжмал байдалтай боллоо.
Харин хамгийн сүүлд манайхны гаргасан шийдвэр нь цацраг идэвхт бодис бүхий машинуудыг хилээр оруулахгүй гэсэн хориг байв. Болж байна. Гэхдээ тус улсаас орж ирж буй бусад бараа таваар, хүнсний зүйлс ямар шалгуураар хилийн дээс давж байгаа нь тодорхой бус. Ямартай ч Японоос ирсэн хүний ачаа тээшнээс цацраг идэвхт бодис илэрсэн юм.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/12/images44.jpg)
Тэгэхээр Япон Монголын хооронд жим гартал явж ирсэн бараа бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөөтэй эсэх, аюулгүйн баталгаатай эсэхийг Монголчууд бид өөрсдөө хянаж, цагдаж байж хэрэглэхгүй бол цацраг идэвх бодис айл бүрт хүрэхгүй гэх баталгаа алга. Ямартай ч Японы бараа бүтээгдэхүүнээс болгоомжилж байхгүй бол хэлж биш хийсч ирэх бололтой.
Дашрамд хэлэхэд Цези-137 хэмээх бодис 30 жилийн хагас задралын үетэй бодис аж. Энэ нь тухайн хэсэг бүлэг элементийн хагас нь задарч дуусах хугацаа бөгөөд тухайн элементийн амьдрах насыг илэрхийлдэг хэмжигдэхүүн гэнэ. Хэрэв хүний биед орвол булчин дээр наалдаж цуглардаг шинж чанартай бөгөөд биед цугларснаар үхэлд ч хүргэх аюултай аж.
Ж.Хулан