![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/images220.jpg)
МХЕГ- аас бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд энэ оны 2-3 дугаар улиралд шалгалт хийжээ. Шалгалтаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд, нөхөрлөлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хуулийн хэрэгжилтийг шалган зөрчлийг тогтоож, хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийг хүчний байгууллагатай хамтран тараах, зөрчилтэй нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоож зөрчил арилгах тухай албан шаардлагуудыг өгсөн байна.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд, нөхөрлөлүүдэд “Газрын тухай”, “Усны тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль тогтоомжууд, дүрэм, журам, норм норматив, стандартыг сурталчлан шалгалтаар илэрч буй зөрчлүүдийг танилцуулан цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж, зөвлөгөөнийг Увс, Говь-Алтай, Хэнтий, Булган аймгууд зохион байгуулсан байна.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын өнөөгийн байдал, Монгол улсын хэмжээнд 17 аймгийн 49 сумын нутагт бичил уурхайн аргаар ашигт малтмал олборлож байгаа 61915 иргэд, 101 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар дараах нийтлэг зөрчил дутагдал илэрч байна. Үүнд: Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 заалтыг, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэд орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ хийлгүйгээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 11 дэх заалтыг тус тус зөрчсөн байжээ.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/index127.jpg)
Мөн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож болох тухай дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагад хүсэлт тавьж шийдвэрлээгүй байхад орон нутгийн Засаг дарга “Үүртийн наран” ХХК, “Их сорилтод од” ХХК, “Есөн эрдэнийн хишиг” ХХК, “999 gold” ХХК-иудтай гэрээ хийж ашигт малтмал олборлуулж байгаа нь Монгол улсын Засгийн газрын 308–р тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын3.3, “Ашигт малтмалын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах заалтыг, Баянхонгор аймгийн Баян-овоо сумын ИТХ-ын тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулах зориулалтаар газар олгох шийдвэр гаргасан боловч тогтоолоо баталгаажуулаагүй, эрх бүхий төрийн захиргааны байгууллагад бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргуулах тухай хүсэлт тавьж шийдвэрлэлгүйгээр 36 нөхөрлөлтөй хоёр талт гэрээ байгуулсан нь Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.3, 5.5 дахь заалтыг зөрчсөн бана.
Түүнчлэн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, газар, ус ашиглах гэрээг сумдын засаг даргатай байгуулж төлбөр төлдөггүй, нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 11.1.4, 11.1.9 заалтыг, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн нөхөрлөлүүд олборлолтын үйл ажиллагаандаа 500см3-ээс дээш багтаамжтай дотоод шаталтын хөдөлгүүр бүхий механизмыг ашиглаж байгаа нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.10 дах заалтыг тус тус зөрчсөн байжээ.
Тиймээс 1500 иргэнийг албадан тарааж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа 16 нөхөрлөлийн үйл ажиллагаа бүрмөсөн болон түр зогсоох арга хэмжээ авч, 2.250.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан байна.
Шалгалтаар илэрч буй зөрчлөөс харахад “Ашигт малтмалын тухай хууль”, “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилт, аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын тавьж байгаа хяналт туйлын хангалтгүй байгаа төдийгүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нь нэн даруй шийдвэрлэх шаардлагатайг шалгалтын дүн харуулж байна.