![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/1235-600x365.jpg)
Төсөв батлахаар УИХ-ын гишүүдийн амбиц сэргэж бичиг цаас, санал дүгнэлтээ барин дайрчих шахан гүйлдэнэ. Тойрогтоо ахиухан мөнгө хуваарилуулж сонгогчдоосоо оноо авах гэсэн гишүүдэд жил бүрийн энэ л өдөр хамгаас чухал.
Ирэх оны төсөв сонгуулийн өмнөх жил болохоор бусаас онцгой, илүү ур ухаан, хор найруулалт шаардсан байх нь гарцаагүй. МАН, АН-ын төсвийн зөвшилцөх ажлын хэсэг сүүлийн 14 хоног хуралдаж Засгийн газраас оруулж ирсэн төслийг хэрхэн танах, хуваарилалтыг хэн хэндээ ашигтай байдлаар яаж өөрчлөх талаар толгойгоо гашилган байж гарц олсон. Энэ нь төсвийн урсгал зардлыг 1,1 их наяд төгрөгөөр танасан.
Мөн Засгийн газрын гишүүд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас үр ашиггүй хөрөнгө оруулалт болон зардлыг нь нэлээд танасан. Хэрэв энэ таналтыг тооцвол 1,1 их наяд нь 160 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх байлаа. Төсвийн төслийн усыг шахах үүрэг хүлээн хоёр намын бүлгийн ажлын хэсэг сонгогчдод төсөв танасан, гишүүдэд тойрогт нь ахиухан хөрөнгө хуваарилсан гэх давхар гавьяаг эдэлж байна.
Өнгөрөгч баасан гаригийн шөнө Төсвийн байнгын хороо, УИХ-ын чуулганыг хуралдуулан байж ажлын хэсгийг дүгнэлтийг дэмжиж орхив. Ёстой чоно борооноор гэгчээр юм болж байна. Энэ хурал эхлэхийн өмнөхөн УИХ-ын гишүүд тойрогтоо хуваарилдаг мөнгө нь тэрбум байснаа гурван тэрбум болсон гэх яриа Төрийн ордноор тэнүүчлэх болов. Энэ талаар өөрсдөөс нь асуухаар тодорхой хариулт өгчих хүн олдохгүй дэмий баахан булзааруулах. Хэнэггүй нэг нь тойрогтоо хоёр тэрбумын хөрөнгө оруулалтын санал гаргасан гэсэн.
Нэг тойргоос сонгогдсон гишүүд хамтарч байгаад саналаа нэгтгээд өглөө гэж суув. Үнэхээр төсвийн байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж ирэн зарим хөрнгө оруулалтын нэр, томъёоллыг өөрчлөх гэсэн саналыг багцаар нь дэмжих эсэхээр санал хурааж гишүүдийн өгсөн хөрөнгө оруулалтын саналыг дэмжиж орхив. Хуралдааны дараа Сангийн сайдаас гурван тэрбумын талаар тодруулахад “Гурван тэрбумын асуудал байхгүй. Хөрөнгө оруулалтын зардлын нэр томъёоллыг өөрчилсөн зүйл байгаа” гэлээ.
Гишүүдийн болон Сангийн сайдын булзааруулаад байгаа хөрөнгө оруулалтын задаргааг хүргэж байна. Жалга довоор нэг зуун зуун саяар нь тараасан төсвийн хөрөнгийг нэгтгэж томоохон бүтээн байгуулалт хийсэн бол улс орны чанартай байх байлаа.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/12345-600x378.jpg)