Би нэг төрж барьж үзмээр байна. Тусгай хангамж эдэлж бие хамгаалагчдаар тойруулан хэвлэлийнхнээр хүрээлүүлж, гадаадаар байнга аялан хүндэт харуулын өмнүүр ихэмсэг алхах гэсэндээ бус өрх айл гэж үзээд улсыг нэг хэсэгхэн удирдаад үзье гэж бодсон юм.
7
Удирдья гэсэн шүү тэрнээс биш ард нийтэд бүх юмыг нь зааж хэлж өгч, зах зээлд юмных нь үнийг тогтоож бүх юманд нь хутгалдья гээгүй шүү.
За тэгээд, юун түрүүн юу хийх вэ гэж үү...
6
Зах зээл гэж юманд орохын өмнө байсан өнөөх социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, нэг намын төвлөрөлтэй төрөөс энэ улсыг салгаж авах ажлаас эхэлнэ ээ. Юу солиороод байгаан гэж үү, харин та нар юу солиороод байна, харахгүй байна уу, манайх чинь аль хэдийнэ социалист төр болчихоод байна. Улс төрийн товчоо нь Засгийн газар.
6
Мэдээж сонгуулиар олонхийн санал аван танхимаа бүрдүүлсэн энэ тэр гээд баахан юм ярих л байх. Хэлбэрийн хувьд тийм байх, харин агуулгын хувьд энэ нам сөрөг хүчингүй дангаар ноёрхох Улс төрийн товчоотой тун ойрхон болоод байна. Эдийн засаг унаад хямраад байна гэж юм багцаалдаг хүн бүхэн л хэллээ.
6
Хариуд нь ёстой тийм юм байхгүй, манай Засгийн газрын бүтээн байгуулалтыг бүдгэрүүлэх гэсэн үл бүтэх нөхдүүдийн яриа байна гэж бүх хэвлэлээр тархи угаалт хийж байх жишээтэй. Социализмийн үед бидэнд тогтмол цалин өгдөг байлаа. Үүний оронд бид саяхныг хүртэл сар бүр 20000 төгрөгийн амлалтын цалинтай байлаа. Оюутнууд стипент гэж цалин авдаг байсан бол одоо 70000 төгрөг авч байна. Удахгүй 90.000 болно гэсэн.
7
Автобусны үнийг төр л барьж байна. Уг нь зах зээлийн жамаараа бол 600 төгрөг болж байж нэг юм ашигтай ажиллах юм уу, үгүй юм уу, бөөн алдагдал.
Тэгээд угаасаа ашиггүй ажиллаж байгаа болохоороо уураа бидэнд гаргаж яг л социализмийн үе шиг аймаар үйлчилгээ, хатуу хахир харьцаатай, хог шороо нь боссон заал нь хэвээрээ ...
7
За энэ мэт зүйлийг жижиг асуудал гэж алгасья.
Төрийн оролцохгүй ажил гэж байхгүй болж, зэрэгцээд төрийн өмчит компани гэж тоймоо алдсан газрууд байна гэнэ. Ашигтай ажиллана гэж хэзээ ч байхгүй мөртлөө дарга түшмэдүүд нь тэнгэрийн дээр гартлаа баяжиж гадаадад л амьдарна гэж томорно. Бүх үеийн дарга нараа хөлжүүлж баяжуулсан хэрнээ өөрөө хоосорч алдагдалд орж байдаг нэг ийм төрийн өмчит гэх компаниудын тоо буурах байтал эсрэгээрээ нэмэгдсээр. Дарга нарынх нь энэ байгууллагаа авч явж ирсэн хандлагыг харахад яг социализмийн үеийн улсын өмчийг шамшигдуулах, хулгайлахтай агаар нэг.
7
Мах нөөцлө гэхээр садангийнхаа сүргийн хамгийн туранхай малын махыг хамгийн үнэтэй ханшаар аваад хагасыг нь муудсан гэж актлаад мөнгийг нь гэр бүлдээ шахаад бүгдээрээ тасарсан амьдралтай нэгэн болчихно.
7
Утааг багасга гэвэл баахан хуурамч айлын хаяг бүртгэл үүсгээд бөөн зуух өгсөн гээд мөнгийг нь арын халаасандаа хийчихнэ. Найдвартай нь дээр гээд хэл ам дарж дээд дарга нарынхаа ах дүү найз нөхдөд бас хүртээнэ. Энэ мэт жишээ тоочиж бичих гэвэл эх оронч нэгнийх нь гол харлаж дотор нь муухайрч унана.
8
Мөн адил, хулгайлсан мөнгийг нь тооцож гаргах гэвэл сампингийн эрх гацаж, тооны машин төөрч хадуурч, ехел программ вирустсэн мэт болж энэ дүнг танихгүй байна гэх биз. Энэ хэдий хэтрүүлэгч гэсэн үнэнд ойрхон.
8
Сааль сүү нь шавхагдашгүй гэх Эрдэнэт үйлдвэрийг гэхэд жинхэнэ шавхаж өгсөн байгаа тухай дээр олонтаа ярилаа. Эрдэнэтийн нэг агуулахад нь гэхэд 48 тэрбум төгрөгийн үхмэл хөрөнгө хэвтэж байсан гэж байгаа. Яг л социализмийн үеийн скалад гэдэгт хэзээ юунд ашиглах нь мэдэгдэхгүй баахан сэлбэг тоног төхөөрөмж байсаар сүүлдээ зэвтэй төмөр болдогтой адил.
7
За дараачаар нь Багануур ХХК гэсэн чинь 90 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй мөртлөө 70.5 тэрбум төгрөгийн өртэй байна гэсэн. Эднийх мөн л ашиглагдахгүй болсон 4 тэрбум төгрөгийн үхмэл хөрөнгө зоорьтой гэж байгаа.
6
Харин Шивээ-овоо гэдэг төрийн өмчит компани бол 1.9 тэрбум төгрөгийн үхмэл хөрөнгөтэйгөөрөө удаалж байгаа гэх. Цааш нь ухах юм бол Төрийн өмчийн 14 компани нийтдээ 50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байх бөгөөд энэ мөнгөөр 30 цэцэрлэг, 6-7 эмнэлэг барих боломжтой гэдгийг мэдэх хүмүүс нь тооцоод гаргаад ирсэн.
7
Нэр бүхий 14 компани тэрбумаас дээш төгрөгийн алдагдалтай ажиллаж хоорондоо өрсөлдөж байгаа ба энэ мөнгөнөөс бага, арай гайгүй алдагдалтай компани гэж арваас илүү гараад байгаа юм байна. Манай сайхан оронд төрийн өмчийн 90 гаруй компани байдгаас 70 хувь нь алдагдалтай ажилладаг аж.
8
Социализмийн үед социалист өмч гэх, үнэн хэрэгтээ хэний ч өмч биш эд байлаа. Хүн бүх бага балчраасаа эхлэн ...социалист өмчийн эс ширхэг бүрийг нандигнан хайрлаж хамгаалах ёстой... гэж сурталдах боловч хамгийн ихээр хулгайлан, шамшигдуулан тараадаг, хэний ч сэтгэл шингэдэггүй хөрөнгө байв.
8
Одоо цагийн төр засагт бол сонгуульд ялсан улс төрийн хүчин бүрийн заавал хийх, эрхэмлэн санах томилгоо бол төрийн өмчит компанийн захирлын томилгоо ба үүндээ үнэн өөрийн талын, өөд нь татах ёстой хүнээ томилох явдал юм гэдэг хэлбэртэй болжээ.
8
Үүнийхээ дараа сонгууль сурталчилгаа энэ тэрд гаргасан сул зардлаа энэхүү төрийн өмчөөс шахаа хийн гаргаж авах, ах дүү амраг садандаа хөрөнгөжих бололцоо нээж өгөхөд ашиглан ясыг нь гартал мөлжинө.
Нэгэнт энэ нь улс төрд гарсан эрхмүүдэд ашигтай байгаа учир төрийн өмчийг аль болох их байлгаж, үүндээ улс төрийн нам, бүлэглэлийн нөлөөллөө байнга нэмэгдүүлж байх нь өнөөгийнхний том найруулгаар үргэлжилсээр байх төлөвтэй гэдэг нь үнэн болж таарч байна.
8
Эргээд эхний санаагаа дахин хэлэхэд, би төр барьж үзмээр байна.
Агуу сэтгэгч суут удирдагч байлаа гээд, би ямар хаант засгийн үед байгаа биш ганцаараа төр барина гэж юу байхав.
Зүгээр л төрийн өмчит компаниас төрийн өмчийг салгаж авч, хувьчлахын төлөө, хэн нэгний сэтгэл шингээсэн компани болгож зах зээлийн жамаараа явахыг нь харахын тулд хэсэг хугацаанд төрийн эрх үүргийг нэг авч үзмээр байна.
8
Ийн хүсэхийн учир нь төрийн савраас түмний өмчийг салгаж авч хүсэл зориг бүхий ганц хүн нь та, бас би байж болох юм. Учир нь та бидэнд улс төрийн хамааралгүй, ямар нэг бүлэглэл мафийн гарт биш, санаандгүй гарч ирсэн болохоор цагаахнаар төрийн өмчийг хувьчилж түмэнд нь өгчихөж магадгүй юм. Гэхдээ төр барих энэ эрх боломж ганц олдвол асар хурдан санаснаа хийгүй бол амжихгүй. Учир нь юу вэ гэж үү, энгийн ойлгомжтой шүү дээ.
9
Манай улстөрчид “мань”-тайгаа тун хурдан тулж ажиллаж “Төрийн өмчийг төрийн хүний гарт байлгах”-ын ухаанд сургаж амтад нь оруулчих юм. Үгүй дээ л таны дүү, магадгүй эхнэрийн тань охин дүүгийнх нь нөхөр болох хүн ирж, төр барьж байгаагийн хэрэг юу билээ, төрийн өмчит компаниа л ганц жил өгчих гэж шуудхан шаналгах байх. Чиний хармаанаас идэх гээгүй байна, төрийн хишгийг хүртэх гэж байна гээд л эхнэр чинь дэмжиж шахахад та нэг цааргална, хоёрдохоо бол хэцүү дээ тэгсгээд зөвшөөрнө.
9
Тийм болохоор төрийн өмчийг хувьчлахын тулд хэсэгхэн зуур төр барих гэсэн юм ... Товчдоо бол социалист өмчийг хувьчилж эзэнтэй болгох гэсэн юм л даа.
8
Б.ШҮХЭРЧ