Уул уурхайн салбар албан ёсоор шангаа татсны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хаа байсан манжийн үед л хэдэн хятад, голланд, орос нөхдүүд сэм сэмхэн нүүрс, алт энэ тэрхэн ухаж байсныг эс тооцвол шүү дээ. Бүүр эзэнт гүрний үеийн төмрийн хүдэр ухаж нум сумныхаа зэв, тогоо шанага тэргүүтэнг хийж байсныг эс тооцвол Монголын газар шороог ухаж төнхөөд байсан юм тун ховор. Тэгэхээр энэ 90 жилээр огноолчиход нэг их буруутаад байх зүйлгүй. Эрдэнэтийг эс тооцвол тийм нүсэр ордыг ашиглаад байсан нь үгүй. Оюутолгой, Тавантолгой, Асгат гээд сүүлийн арваадхан жилд жинхэнэ баялгийн халуурал болсон. Амтай болгон л уул уурхайн, ашигт малтмал гэж бурдаг болсон. Ард түмний баатрууд ч олноороо төрөн гарч зарим нь УИХ-д тухтайхан суудлаа засах болов. Хөөрхий О.Дашбалбар агсныг газар шорооны төлөө тэмцэхэд зарим нэг нь шоолоод л сууж байсан. Харин өнөөдөр биелэлээ олж жинхэнэ ариун дайн дэгдээд байна. Дайсан нь хэн ч юм, баатрууд ч хэн юм учраа бүр олохоо болилоо.
6
Энэ өдрүүдэд Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын 11 дэх “ДИСКОВЕР МОНГОЛИА-2013” чуулга уулзалт болж байна. Уул уурхайгаас болж эдийн засаг нь хямраад байгаа энэ хүнд үед болж байгаагаараа энэ чуулга уулзалт онцлогтой. Өмнөх чуулганаар 20 гаруй орны мянга шахам төлөөлөгчид оролцож байсан бол энэ удаагийнх 500 хүрэхтэй үгүйтэй төлөөлөгч Хүүхдийн ордны бэсрэгхэн заалын гуравны нэгийг дүүргэсэн маягтай л сууж байна. ДНБ-ний 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь, экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг энэ том салбарт хөрөнгө оруулагчид гэхээр даанч чамлалттай. Асуудал хэр хүндэрсэн нь үүнээс бэлхнээ харагдаж байгаа юм.
6
Манайхан сайхан илтгэл тавьж байна. Сураагүй биш тархи угаадгаараа угааж л байна. Ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ л гэнэ. Ийм тийм арга хэмжээ авч хууль гаргалаа л гэнэ. Даанч хууль нь гууль болж цаасан дээр үлддэг болохоор гадныхан тэр бүрий сайн хандахгүй байгаа нь ярианы өнгөнөөс л тодорхой болж байх шиг. Тэд бидэнд итгэхээ больжээ. Нэг хууль гаргаад маргааш нь цуцлаад байхаар хэн юунд итгэх вэ дээ.
6
УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын шинэ хууль хэрхэн гарах вэ гэдгийг хүлээсэн хөрөнгө оруулагчид “Та нар хуулиа гарга, тэгээд мөрд. Бидэнд мөнгө байна. Гол нь хуулиараа баталгаажуул” гэж хүсч байна. Зөв. Хэн тэр их мөнгөө зүгээр л элс рүү цацчихаад халуун наранд ангаж үхэх вэ дээ. Харилцан ашигтай байхын үндэс сайн хууль, сайн хэрэгжилт дээр нь урт настай байх ёстой. Түүхий эдийн ханш буурч байгаа нь үнэн. Тэгтлээ их унаад байгаа юм алга. Төмрийн хүдэр, нүүрс, зэсийн ханш 20 орчим хувь буурах хандлага бий. Гэхдээ хөрөнгө оруулалтынхаа орчинг сайжруулаад экспортоо нэмэгдүүлчих юм бол энэ нэг их айж сандраад байх үзүүлэлт бас биш.
6
Оюутолгойн үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдсэнээр оны эцэст баяжмалын экспорт багагүй хэмжээгээр нэмэгдүүлчих боломж байна. Хагас жилийн байдлаар молибдены үйлдвэрлэл болон экспортын орлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 дөхүү хувиар нэмэгдсэн сайхан үзүүлэлт бас байна. Газрын тосны экспортын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар өссөн гээд нэрлэвэл боломж гарц харагдаад байгаа юм. Гол нь бид хууль эрх зүйн орчноо л боломжийн болгочихмоор байгаа юм. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлчих хэд хэдэн хуулийн төсөл яригдаж байгаа сурагтай. Хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар буурсан энэ цаг үед дуун дээр нь УИХ яаралтай хэлэлцэх нь чухал. Долоо хэмжиж нэг огтолж болно гэхдээ орсон борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй гэдгийн үлгэрийг санаж явбал илүүдэхгүй биз ээ.
7
Ашигт малтмалын түүхий эд дээр нэмүү өртөг шингээж гадагш гаргах нь улс гэрийн хөгжилд хэрэгтэй. Гэхдээ зогсолтгүй унаж байгаа эдийн засгийг өөд нь сэхээчих зүйл маань хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох л байна өнөөхөндөө. Эдийн засаг хямардаг хүнд хэцүү хүйтний улирал эхэлж байна. Одоо л дорвитойхон арга хэмжээ авахгүй бол мөдхөн сөгдөх нь байна шүү. УИХ-ын ээлжит бус чуулган л үүнийг шийднэ. Дисковери Монголия-гийн эргэн тойронд нэг иймэрхүү л байна даа. Маргааш хуралдаад л хөрөнгө оруулагч нар харьцгаана. Бид ямар эдийн засгийн прогнозтой үлдэх вэ гэдэг тун сонин шийдэлд хүргэнэ дээ.
6
Н.Бадамжав
Уншиж байна |