Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Беларусь Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён М.В.Мясникович айлчилж байна. Хотын төвд замын цагдаа нар нэлдээ гарч хөдөлгөөнийг зохицуулж байна. Зохицуулах ч гэж дээ хүндэт зочноо түгжрэлгүй зорчуулахаар замын зарим хэсгийг чөлөөлж өгч байна. Мэдээж зочноо хүндэтгэж, зам тавьж өгөлгүй л яахав, манайхан чинь угийн зочломтгой, нэр төрөө эрхэмлэдэг улс. Гэхдээ нэгийг зохицуулах гээд нөгөө хэсгээ чирдэг муухай “зангаа” гээмээр юм. Төрийн өндөрлөг, хүндэт зочдын хөлд жирийн иргэд үрэгдэж, хайран цагаа зам дээр алдаад байна шүү дээ.
.
Урд орой л гэхэд Беларусийн төлөөлөгчид ирж байна гээд хотын замд хааш нь ч хөдөлгөлгүй 30 минут таг зогсоов. Машин байтугай явган хүнээ төв замаар явуулахгүй хашчихдаг юм байна. Учир явдлыг асуувал гадны зочин ирж байгаа, дээрээс үүрэг өгсөн гэх хариултыг цагдаа нар өгч байв. Зочноо хүндэлж болноо. Гэхдээ л өчигдөр арай л дэндүү байсан. Зочдынх нь явах цуваа ирээгүй байхад 30-40 минутын өмнө замын болон явган хүний хөдөлгөөнийг хаачихдаг байгаа. Тэр цуваа чинь ирэх болоогүй бол хэдэн ч гэсэн хүн, машиныг явуулж болдоггүй юм уу гэх иргэдийг үгийг тоож байгаа ч хүн алга. Дээрээс үүрэг өгсөн, бид үүргээ л биелүүлж байна гэх цагдаа нар. Нээрээ арай л дэндүү. Тийм л их хүндэтгэл үзүүлэх гээд байгаа бол цуваа явахаас 2-3 минутын өмнө замыг чөлөөлж болноо доо. Гэтэл бүхэл бүтэн 30-40 минут шүү. За машинтай нь зогсч байлаа гэхэд явган зорчигч нь явж болноо доо. Нэг улсын ерөнхий сайд ирлээ гээд иргэдээ явуулахгүй худлаа ярьсан хүнд цаг хашиж байгаа юм чинь түүнээс илүү албан тушаалтан ирвэл орцноосоо ч цухуйж чадахгүй нь байна шүү дээ, ер нь.
:
Хичээлийн шинэ жил эхлээд хөл хөдөлгөөн нэмэгдэж түгжрэлийг цаг үе ирж байгаа нь үнэн. Гэхдээ нэг гийчин ирлээ гээд төв замаа олон цагаар хааж түгжинэ гэж байж боломгүй л санагдах юм. Ирсэн гийчин буцаж орсон бороо арилдаг гэдгээр тэр хүнтэй зочин нь явж л таараа. Цаашид ийм байдлаар зохицуулалт хиймээргүй л байна даа, үүрэг өгдөг дарга нараа.
:
Хүйтний улирал айсуй энэ цагт зориулалтын түгжрэлд олон цагаа үрмээргүй байна шүү. Машинтай нь яахав гэхэд хичээл сургуульдаа явж, тарж буй хүүхдүүд, автобус унаа хүлээсэн иргэдэд ямар байхыг ер нь бодолцдог болов уу. Иргэд бид өнөөдөр энэ мэтээс болж бухимдмааргүй байна.
.
Манайхан гадаадын туршлага гэж ярьж, дуурайх дуртай. Тэгээд ч төр, засагт ажиллаж байгаа эрхмүүд бүгд л гадаадын аль нэг оронд сургуульд төгссөн, мэргэжил дээшлүүлсэн гэж анкетан дээрээ бичсэн байдаг юм билээ. Төсвийн хөрөнгөөр гадаад улс орон руу найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, туршлага солилцох шугамаар байнга зорчдог. Ингэж зорчих үедээ замын хөдөлгөөн нь түгжирдэггүй арга туршлагаас нь ч бас мэдээд, “хулгайлаад” ирмээр юм. Хурдны давхар зам тавьж амждаггүй юмаа гэхэд иргэдээ бухимдуулаад байдаг түгжрэлээс нь салгах хэрэгтэй шүү дээ. Бээжинд томилолтоор явж байхад орчуулагч бүсгүй “Эрхмүүдээ одоо манай замын түгжрэлийн цаг эхэлж байна. Тиймээс битгий бухимдаарай, бид зорьсон газраа удахгүй хүрнэ” гэж зарладаг юм байна. Тэгэхээр нь өөрийнхөө хотынх шиг санаад зам дээр нь хоёр гурван цаг түгжрэх нь дээ гэж бодож байтал эндүүрсэн байж билээ. Бээжингийнхэн гэрлэн дохион дээр бага зэрэг саатан зогсохыгоо түгжрэл гэдэг юм билээ. Хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үед гэрлэн дохионы хугацааг бага зэрэг нэмдэг бололтой. Түүнээс бус манайхан шиг цагдаа нар нь нэлдээ гарч зам дагуу жагсаад, зохицуулаад байхгүй.
.
Цаг бол алт. Энэ алт шиг цагаа бид зам дээр түгжирч үрсээр байна. Үнэндээ нийслэлийн удирдлагууд замаа засч байгаа ч түгжрэлээ арилгаж чаддаггүй ээ. Цаг агаарын байдал, жилийн дөрвөн улирал, баяр ёслол, эсвэл гадаадын зочин гийчин айлчлан ирэхэд замын түгжрэл дээд цэгтээ хүрч, нийслэлчүүдийн бухимдлыг ч дээд цэгт нь хүргэх юм. Их хотын хөгжил дагасан асуудлын нэг гэж зарим нь зөөллөн тайлбарладаг ч үүнийг нь хүлцэн зөвшөөрмөөргүй байна. Миний эрх хүний эрхээр хязгаарладдаг. Төрийн өндөрлөгүүдийн эрх ч иргэдийн эрхээр хязгаарлагдана. Эрхээ эдэлсэн бол үүргээ ухамсарлах хэрэгтэй биз дээ. Эсвэл төрийн өндөрлөгүүд, хүндэт зочдоо угтаж, зорчуулдаг тусгай замтай болгомоор юм. Ингэвэл жирийн иргэд бид хөлд нь чирэгдэхгүй, зам замаа хөөгөөд явчихна. Түгжрэлд хүлэгдсэн Улаанбаатарчууд бид хэзээ энэ уянаасаа тайлагдах юм бол доо.
.
Эцэст нь хэлэхэд, нөгөө гурвыг Их тэнгэр дэх гэрээс нь Төрийн ордон руу ажилдаа ирэх, буцах үеэр болон гадны зочид төлөөлөгчид ирсэн үед төвийн замаар битгий л зорчоорой доо. Ганцхан буудлын хооронд хэдэн ч цаг түгжирч мэднэ шүү. Явган зорчигчид л гэсэн гадныхан ирсэн гэвэл бушуухан хүрэх зүгийнхээ тал руу зам гарч аль болох төв замаас холуур яваарай. Тэгэхгүй бол машинтай адилхан л цагдаагийн хамгаалалт дор түгжирч даарч хөрөхөөс эхлүүлээд юм юм л үзэх байх шүү.
.
Н.Энх