Сүүлийн 10 гаруй жилд сонгуулийн он тооллыг эс тооцвол хавар намрын улс төрийн синдром л гэж байснаас зуны гурван сардаа хотол олноороо бухимдаж, цухалдаад байсангүй. Учир нь зуны дэлгэр цагт найр наадам хэсдэггүй юмаа гэхэд сэтгэл санаа уужуу, улирлын онцлогоо дагаад харц тогтуун, цаанаа л нэг налгар тайван байдагсан. Гэтэл өнгөрч буй зун ард нийтээрээ сэтгэл санаа тийм ч тайван байсангүй. Хавар намрын хооронд орших дэлгэр зун цагийг сэтгэл санаа хийгээд эдийн засгаараа хямралтай угтаж, үдэв. Уг нь аль хавраас л Засгийн газрынханд мэдээлэл хийх бүрт нь инфляци өсч, бензинээс эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгааг асууж, сануулж, анхааруулж байсан. Ерөнхий сайд харин асуух бүрт “барааны үнэ багахан хэмжээгээр нэмэгдсэн, бид зөв ажилласан тулдаа их хэмжээгээр нэмэгдэх байсан үнэ ханшийг тухайн цаг үед нь зөв зохицуулалт хийж барьсан” гэж зөрж яриад байсан билээ. Засгийн газрын тэргүүний хувьд юмны үнэ багахан хэмжээгээр нэмэгдсэн мэт харагдаж байгаа бол ард түмний нуруун дээр энэ нь тэн тэнгээр хүндэрсэн ачаа юм. Одоо бүүр ачаагаа даахаа байгаад байна, бид. Ард түмний амьдралаас хөндий Засгийн газар гэж байдаггүй. Харин энэ засаг их сонин. Ерөнхий сайдаасаа эхлээд бүгд л түмнээс зөрж яриад байх юм. Эдийн засгийн байдал уруудах талдаа ороод байхад амьдрал дажгүй гэж Ерөнхий сайд зөрж яриад ард иргэдээ бухимдуулан сэтгэл санааны хямралд давхар унагаачихна.
6
Хоёр жил орчмын өмнө С.Баярцогт гишүүн Сангийн сайдаар ажиллаж байхдаа “та бүхэн жаахан тэвччих, 2013 он гарахаар манай улсын эдийн засаг бүүр халина. Эерэг эдийн засгийн илүүрхлээ бид зөв зохицуулах хэрэгтэй” гээд ярьж байсан нь ч эсрэгээрээ эргээд байна. Н.Алтанхуягийн Засгийн газар нэг жилийн хугацаанд ер нь юу амжуулав. Өнгөрсөн хугацаанд орон сууцны үнэ өсөхөөс гадна гэр хорооллыг дахин төлөвлөнө гээд газрын үнийг тэнгэрт хадаасан. Өнөөдөр шинээр гэр бүл болж байгаа залуус орон сууц байтугай хашаа байшин худалдан авах нь бүтэшгүй мөрөөдөл болжээ.
6
Иргэд өөрсдөө ногоогоо тарьж, гурилаа үйлдвэрлэж байгаа болохоор эрхбиш гурил, хүнсний ногооны үнэ хямд байгаа. Ирэх өдрүүдэд ч ургацын сар болохоор гайгүй хямдхан байх болов уу. Харин Засгийн газар үүнийг өөрсдийн хийсэн ажил мэт тариаланч, үйлдвэрлэгчдийн өмнүүр орж сурталчлаад байх шинжтэй. Улсынхаа нэрийг барин байж зээлсэн Чингис бондын зээлийн хүү ч талийж өгч байна. Харамсалтай нь бондын энэ их хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт оновчгүй байна гэдгийг эдийн засагчид хэлээд байхэд тоож буй хүн ч алга. “Тэнэгийн дотор уужуу” гэгчээр манай Ерөнхий сайд их өрнөөсөө огт айхгүй байгаа бололтой юм.
6
Хөрөнгө оруулагчид дайжсан энэ үед төр, засгийнхан хямралыг хэрхэн даван гарах гарцаа хайгаад л бодоод л байна. Гарцыг олох эсэх нь эргэлзээтэй ч юм шиг. Ийнхүү Засгийн газрынхныг ярилцаж байх хооронд намар хэдийнэ айлчлан ирж, хөгшид тэтгэвэр тэтгэмж хэзээ нэмэхийг хүлээж сууна. Учир нь найм, есөн сард тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэж Ерөнхий сайдын хавар амласан. Хугацаа нь болоод байна. Өнөөгийн байдлаас харахад тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэж үгүй л болов уу. Яаж эдийн засгаа тогтворжуулж, хүнд байдлаас зөв гарч чадах вэ гэдэг л чухал болоод байна.
6
Зам засварын ажлыг хурдан гүйцэтгүүлж байгааг эс тооцвол засгийн ажлын нэг жилийн тайланд нэмэх оноо тавих боломж даанч алга. Ямар Ерөнхий сайдыг Бурхан халдунд төөрсөн, Богд ууланд аяллын зам гаргасан гэж сайшаалтай биш.
6
Ер нь эдүгээ шинэчлэл энэ тэр гэхээсээ илүүтэй хаалга тогшоод буй хямралыг даван гарах л Н.Алтанхуягийн Засгийн газрын гол ажил болоод байна. Эдийн засгаа илүүрхүүлдэггүй юмаа гэхэд хямралыг аргамжих нь Засгийн газрын үүрэг билээ.
6
Н.Энхбат