Бөглөрлөөс” бөөндөж” гарах арга-2
Нийтийн тээвэр улам бүр биднээс холдож байна. Такси ховор, мөн төв зөм дээрээс хүн авахгүй болж. Оюутан, сурагчид, ахмадууд гээд хөлтэй бүхэн дор бүрнээ ажилтай болж хөнгөлөлттэй үнийн үнэмлэх, картаа үзүүлэн автобусаар зорчих тул нийтийн тээвэрт багтаж суух нь улам л бэрх болж байна. Тэр дундаа өөрөө унаатай байж нийтийн тээвэрт суувал бараг л ад үзэгдэх юм.
.
Одоо яах вэ. Дугаарын хязгаарлалтаар нийт машины 50 хувь биш, 30 хувийг л зогсоож байгаа нь өнгөрсөн хэд хоногт бараг л батлагдлаа. Учир нь хотынхны энэ хориглох, хязгаарлах арга хэмжээг андахаа больсон иргэд боломжтой нь хоёр машин, боломжгүй нь нөөц дугаартай болчихсон шиг байна. Энэ нь саяхны хязгаарлалтаар хөдөлгөөн төдий л сайн сийрэхгүй байгаагаас харагдсан болов уу.
..
Одоо машинаа тавиад нийтийн унаагаар явмаар байна, даанч автобус үнэхээр хэцүү гэж гомдоллож байгаа тодорхой хэсэгт зориулсан үйлчилгээ бий болгомоор.
Буухиа гэх үү, люкс буухиа гэх үү тийм автобусны үйлчилгээний талаарх нэг мөрөөдөл байна. Хотын гол чиглэлийн замууд, терминал уулзваруудаар дайран өнгөрөх тохь тухтай хэдэн том автобус явж байх юм. Үнэ нь очих газраасаа хамаараад 1000-1500 төгрөг гэнэ.
.
Зорчигчид нь зөвхөн урд хаалгаараа орж суух ба 15 минутын зайтай ирж, тодорхой цагаар явах. Харин харьцангуй “үнэтэй” тул зөвхөн сонгосон, бололцоотой хүмүүс энэ автобусанд сууж харагдана.
.
Би гэдэг хүн 7 буудалд байх гэрээсээ Зайсанд байх ажил руугаа ая тутай зорчихоор “Lux bus”-ийг сонгон суух юм. Ажил маань 9 цагт цуглах тул би гэрээсээ 07:50-д гарч 08:00 цаг гэхэд буудалд дээрээ ирэхэд өнөөх “Lux Bus” ирчихсэн зогсч байх юм. Үнэ 1500 төгрөг ороод суухад тохьтой, зааланд нь гоё үнэр сэнхийн мэдрэгдээд л аятайхан гоё ая эгшиглээд л, үнэн “nice” сэтгэгдэл төрнө. Элдэв карт хөнгөлөлт үйлчлэхгүй тул янз бүрийн дэггүй нөхдүүд чихэлдэхгүй. Хараал зүхэл алга. Бөглөөнөөс шалтгаалан 5-10 минутын зөрүүтэй явах ч ерөнхийдөө цагаа барьж явсаар тогтсон буудлуудад зогсч Зайсангийн буудалд дээр 08:40-08:50 гэхэд очих юм.
.
Энэхүү автобус тухайн чиглэлдээ 06:00-22:00 цаг хүртэл хоорондоо 20 минутын зайтайгаар явдаг байх ба хаана ямар буудал дээр солбиж зогсох зэргийг нь хотын тээврийн мэргэжилтэн, мэргэшсэн ажилтнууд нь нарийн тооцоод төлөвлөж гаргасан байна.
Одоогийн гудамжаар уралдах “Bus” компаниудын автобус лав биш. Их өндөр шаардлага стандарт хангасан ёстой Люкс автобуснууд байна. Өндөр түшлэгтэй сандалтай.
Бодвол иргэд ААН-үүд дээр шугамгүй, ажилгүй гээд сул зогсч байсан автобуснууд энэ үйлчилгээнд хамрагдсан бололтой.
.
Ёстой нөгөө орчин үеийн нийтийн тээврийн шаардлага, стандарт гэдгийг нь бараг л хангах дөхсөн автобус бий болсон төдийгүй хэдэн иргэн ажлын байртай орлоготой болсон байх юм.
Сайхан цэмбэгэр автобус оруулж ирээд шугам чиглэл байхгүй зарна, түрээслүүлнэ гэсэн хүн зөндөө л байсан, энэ үйлчилгээнд хамрагджээ.
Ийм нэг мөрөөдөл байна.
.
Мөнгө төлөхгүйн зоргоор мөрөөдсөнгүй. Ажил болговол болмоор санагдсанд ийн буулгалаа. Мэргэн уншигчид шүүн тунгааж санал эргэлзээгээ хуваалцана биз.
Энэ автобусаар сонгон үйлчүүлсэн хүний хувьд Такси барьснаас нэг их ялгаагүй. Цэлгэр зайтай хүн бүр суудалтай, тохитой цэвэрхэн цагаараа явна. Цөөхөн зорчигчтой ая тухтай соёлтой үйлчилгээтэй. Үнэтэйгийнхээ хэрээр үйлчилгээтэй гэсэн үг. Эдийн засгийн хувьд алдагдалтай эсэхийг нь сайн тооцох ёстой биз.
.
Ямартай ч ийм нэг цэлийсэн автобус буудалд дээр зогсож байвал би л хувьдаа машинаа орхиод 1000-1500 төгрөгийг харамсах юмгүй өгөөд сууна. Учир нь би машинтайгаа ажил гэр хоёрын дунд явлаа гэхэд 3000 төгрөг байтугай л бензин шатаана. Дээр нь бөглөрч түгжирч “нервтэх” учраас.
Өдөрт 10000 төгрөгөөр бензин хийдэг хүмүүс 3000 мянгын зардал гарган ном сонин уншингаа, ажлаа төлөвлөнгөө, утсаар ярингаа хотын бөглөөг дээхнээс автобусны цонхоор харж мушийсхийн явж, ойрхон буудлаас дэгдээд ажилдаа очиход “кайф”-тай биш гэж үү.
.
Өнөөх метрогоор газар доогуур галзуу хулгана шиг хурдлах хүртлээ яахав, зам дээгүүр жаахан тансаглаж зорчиё л доо..
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээ л биз... “Lux bus” гэж ийм нэг автобус байвал байх л юм.
.
Б.ШҮХЭРЧ