“Өнгөрөгч зун”
2013-09-02

Жил жилийн энэ сар биднийг оны төгсгөл рүү хөтлөх сүүлийн 3 сарын эхлэл байдаг. Хичээлийн жилийн нээлт хүүхэд багачуудын инээдээр өнгөлсөн 9 сарын 1-нээс хойшхи өдрүүд улс төр, эдийн засгийн сэдвээр халах юм.

.

Өнөөдрөөс бид өнгөрсөн зун гэж ярьж болох 6-8 сард улс оронд юу болоод өнгөрөв. Энэ хугацааны тойрогт үйл явдлыг тоймлон харснаар цаашид бид юуг хэлэлцэж шийдэх ёстой болох нь харагдах юм. Мэдээж, Засгийн газрын гялалзтал босгосон Чингис бонд өнгөрөгч зуны бүх ажил, амжилт ололтын “алтан бумба” болсон ба мөн шүүмжлэл зэмлэлийн хойд хар овоо болоод байгаагаас эхлэх ёстой.

.

Засгийн газар Чингис бондын 500 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, таван жилийн хугацаатай бондыг жилийн 4.125 хувийн хүүтэй авсан. Харин нэг тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 10 жилийн хугацаатай бондыг 5.125 хувийн хүүтэй авсан. Хүүг хагас жил тутамд нэг удаа төлөх бөгөөд эцсийн төлөлт 500  сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр, нэг тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тус тус хийгдэхээр байна. Эхний таван жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар, 2013 оны зургадугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.доллар төлөхөөр байгаа гэж зарлаж байлаа.

.

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая, Гудамж төсөлд 200 сая, “Шинэ төмөр зам” төсөлд эхний ээлжинд  200 сая , “Авто замын төсөл” буюу аймгийн төвүүдийг нийслэл хоттой авто замаар холбох нийт 1800 км авто замын ажилд 570 тэрбум хүртэлх төгрөгийг, Ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар, “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцийн асуудлыг шийдэх асуудалд 200 орчим тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Үйлдвэрлэлийг дэмжих төсөл. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Чингис бондын хөрөнгөөс 27.7 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн ба залгаад Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 45 сая ам.долларыг гаргана гэсэн.

.

Хэдийгээр энэ нь бүхэлдээ том бүтээн байгуулалт мөн боловч эдгээрт эргээд эдийн зэсгийн дэм болж шууд ашгаа өгөх төсөл бараг байхгүй гэж сөрөг хүчин шүүмжилж буй. Бүгд л хэтдээ үр дүнгээ өгөхөөс одоо сөхрөөд байгаа эдийн засагт зам дагуу тарьсан цэцгийн мандлууд, 4 замын уулзварууд болоод аймгийн төвүүдийг холбосон замууд ойрын ирээдүйд эдийн засагт ямар ч мөнгө өгөхгүй юм гэсэн шүүмжлэлийг Н.Алтанхуягийн Засгийн газар анзаарсан ч Чингис бондын мөнгийг ачсан галт тэрэг нэгэнт хөдөлсөн байлаа.

.

Энэ бүхний эцэст үрж ядсан Бондын мөнгөнөөс 345 сая ам.доллар үлдэж байгаа гэж Засгийн тэргүүн мэдэгдсэн. Ерөнхий сайд долоо хоног бүр 30 минут бидэнтэй уулзаж байгаа ч Бондын хүү төлөлтийн талаар бол бараг дуугарахгүй байгаа нь сэтгэлд сэвтэй.

.

6-р сар. Ерөнхийлөгчийн сонгуультай байсан энэ сар ер бусын их өөдрөг мэдээгээр бялуурсан хийгээд шил шилээ дарсан бүтээн байгуулалтын нээлтийн туузанд хайчны ир мохсон дурсгалтай, гэрэл гэгээтэй өдрүүд их байлаа. Анхны Монгол шатахуун АИ-93 гарч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээжээр нь цуваагаа цэнэглэж анхны орлогыг нь оруулсан. Араас нь шил даран Засгийн газар хөрөнгө гарган Ипотекийн зээлийг эхлүүлснээ зарлалаа.

.

Арилжааны банкуудад иргэд 788.2 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт гаргажээ. Үүнээс одоогийн байлаар банкууд 14620 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, 412.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэн, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн гэлээ. Сүүлийн мэдээгээр арилжааны банкууд 3692 иргэнд 195.5 тэрбум төгрөгийн орон сууцны найман хувийн хүүтэй зээл шинээр олгосон гэж мэдэгдсэн.

.

Энэ зээлийн гарааны эхнээс зарим эдийн засагчид анхааруулж байсанчлан байрны нийлүүлэлт огцом өссөн эрэлтээ дагаж гүйцээгүйгээс байрны үнэ тэнгэрт гарч иргэдийг бухимдуулав. Засгийн газар энэ байдалд санаа тавьж барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл өгч, мөн барилгын зарим экпортын түүхий эд материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болгохыг дэмжиж Чингис бондоос багагүй санхүүжилт хийсэн ч энэ нь ирэх жилээс хаялгаа харуулах, эхлэл төдий шатандаа яваа ажил байлаа.

.

Хэдийгээр Засгийн газраас Ипотекийн зээлийг хэвийн үргэлжилнэ гэж байгаа ч цаашид байнга төсвийн зөрүүг нь Чингис бондоос өгөөд явах юм бол яваандаа эдийн засаг дийлэхгүй, өөр гарц олох ёстой гэж учир мэдэх хүмүүс сануулсаар байна. Ер нь энгийн ухагдхуунаар харсан ч нийлүүлэлт хэвийн болоогүй цагт байрны үнэ өссөөр байх юм. Энэ талаас нь Ипотекийн зээлийг сонгууль дагуулаад арай эрт зарлачихлаа гэх бодит шүүмжлэл бий.

..

Эрчим хүчний хомсдлоос биднийг гэтэлгэх найдвар тээсэн 5-р цахилгаан станцын газрын асуудал 8 удаа шав тавьсны эцэст өнгөрөгч зун шийдэгдсэн бол гүйцэтгэгч компани нь өнгөрөгч 7 хоногт тодрох шиг боллоо. Тендерт дэлхийн болон Монголдоо нэр хүндтэй 11 компани оргил булаалцалдаж “IP/Suez”, “Samsung консарциум” хоёр оргилийн бэлд хүрч чадсан байлаа. Ингээд эцсийн шатанд “IP/Suez” буюу “GDF Suez International power”, “Sojitz”, “Posco energy”, “New com” компанийн хамтарсан консерциум 3.6 жилийн дотор 1.2 тэрбум төгрөгийн зардлаар 450 мВт-ийн эрчим хүч, 587 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС барихаар боллоо.

.

Гэхдээ “Samsung консарциум” асуудлыг дахин тавьж, шалгаруулатад эргэн харах зүйл байгаа гэж гомдоллож байгааг энд дурьдах ёстой байх.

.

Улс төрийн хүрээнд МАН бага хурлаа маш тайван замаар хийж, бөөн бужигнаан хүлээн уйдсан байсан хүмүүсийн урмыг хугалсан. Товчхондоо энэ намд шинэчлэл хэрэгтэй гэхдээ үүнийг хэн нэг даргаа огцруулж зайлуулах замаар бус өтөх шахсан дүрмээ шинэчилж өөрчлөхөөс эхлэх ёстой гэдэг дээр санал нийлсэн болов уу гэж хэлж болохоор байгаа.

.

Экс болсон цагаасаа олны анхаарлын төвд байсаар ирсэн МАХН-ын дарга  Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж эрх чөлөөт иргэн болов. Одоо биеэ илааршуулж байгаа түүнийг эргэн улс төрд ирэхийг хүлээж байгаа хүмүүс ч байгаа, бүү үзэгд гэх хүмүүс ч байгаа. Ямартай ч парламентад суудалтай, Засгийн газарт багтдаг МАХН-ын дарга ажлаа бодитойгоор хийж эхэлснээр улс төрд зарим нэг цочмог хөдөлгөөн бий болж болохыг үгүйсгэх аргагүй юм.

.

Залгуулаад найрын найман сарыг халаасан гол үйл явдал болж ноён доллар суга өсч, манай эдийн засагт тогтворгүй, хямралын байдал бий болсон шуугиан дэгдлээ.Наадмаас өмнө бага багаар өсч байсан доллар суга өсч 1600-г тулж үзлээ. Үүнд манай улсын гол түүхий эд нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасан, валютын нөөц багассан зэрэг шалтгаанууд дурьдагдаж байснаас Рио Тинтогийн зүгээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоосон нь доллар өссөн гол учир шалтгаанаар нэрлэгдэв.

.

Энэ тойрогт ганц Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссонд ч бус ерөөсөө гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа чангалснаас болж хөрөнгө оруулагчид доллараа халааслаад манайхаас гарч явсан нь өнөөдрийн эдийн засгийн хямралын нэг гол шалтгаан болсон гэж ярьж байна. Мөн өнгөрсөн хугацааны сонгуулийн эдийн засгийн гай түйтгэр одоо гарч өнөөдөр эдийн засагт орсон цент бүр өр дарж буцаж гараад байгаа талаар Ерөнхий сайд ил шулуун мэдэгдлээ.

.

Сонгуульд гарахын тулд бөөн өр зээл тавьж бэлэн мөнгө тараасан ба энэ популист амлалтынх нь горыг иргэд эдэлж, амьжиргаа нь уруудаж, улс өдөр шөнөгүй өр дарж, хүү төлж суугаа бололтой. Товчхондоо, бид өнгөрсөн хавраас зуны туршид Чингис бондын хэдэн төгрөгөөр төсвийн алдагдлаа нөхөн амь зогоож байгаа нь тодорхой боллоо.

.

Эдийн засагт зэрэг зэрэг үүссэн энэ олон дарамт шахалтаас гарах хамгийн ойрын гарц бол Оюутолгойн төслийг цааш явуулах, хөрөнгө оруулалтын хуулиа яаралтай эргэн харж өөрчлөлт оруулах замаар хөрөнгө оруулагчдыг татах, үүний наана төсвийн тодотгол хийх гэдэг дээр эдийн засагчид хийгээд улстөрчид санал нэгдэж байх шиг байна. Гэхдээ энэ бүх үйл явц нь эцсийн дүндээ манай улс уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа өөрөөр авч явах талаар тун нухацтай авч үзэх болсныг хэлж өглөө.

.

Дээрх нэгэн зуны тоймоос харахад налгар намрын 9-р сар халуун байх нь харагдаж байна. Ээлжит бус чуулганаас гарах олон шийдвэрээс хамаарах хүлээлтүүд бөөгнөрсөөр.

Ойрын хэдэн өдөр сургууль цэцэрлэг зэрэг “гэр ахуйн” ажилдаа түр ороогдсон Засгийн газрыг улс орноо эдийн засгийн хямралаас хэрхэн авч гаргах вэ гэсэн том асуултаар улам бөхийлгөх хатуухан өдрүүд хүлээж байна.

.

Эдийн засгийн байдал хүндэрсэн, сөрөг хүчин дуу орсон, мөн АН дотроосоо толхилцож, хоёрдох ээлжийнхнийг хоол унданд оруулах тухай ярьж эхэлсэн зэрэг улс төрийн хүрээн дэх халалт нь энэ намрын синдромыг эхлүүлэх хангалттай цэнэгийг хуримтлуулаад байна.

.

Ээлжит бус чуулгантай, Төсвийн тодотголтой, Засгийн газрыг огцруулах мэдэгдэлтэй, сөрөг хүчний намын их хуралтай, үнийн өсөлтийн дарамттай зэрэгцээд Оюутолгойгоо харамлахын хэрээр хазуулсан хэвээрээ чангахан намрын шилийг харж, хахир  өвлийн тэвэрт орох нь дээ бид.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Mr Baagii:
Ерөнхий сайдаа Нэгэнт Оюу толгойн асуудал ийм хэмжээнд хөндөгдөж Монголчууд үүнээс хохирсон нь үнэн юм чинь гэрээг дахин нягталж энэ хямралаас улс орныхоо хожим хойчид хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй бишүү
2013-09-02