Ирээдүйгээрээ бахархнам би
2013-09-01

 

Боловсролын шинэтгэл 4 буюу төгсгөлийн оронд

Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр. Улсын хэмжээнд 1 сая гаруй хүүхэд багацуул, оюутан залуус эрдмийн их далайгаас өөр өөрийн чадах чинээгээр хүртэхээр мэдлэг шавхан хөдөлмөрлөх цаг мөч тулаад ирлээ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 504 мянга 233 сурагч суралцана. Үүнээс нэгдүгээр ангид зургаан настай 54641 ангирын дэгдээхэй шиг үр хүүхэд маань суралцахаар Ерөнхийлөгчийнхөө заасан Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо сэдэвт хичээлд сууцгаалаа. Анхны хичээлээ Ерөнхийлөгчөөрөө заалгана гэдэг сонин л мэдрэмж төрүүлсэн биз ээ. Харин төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцах юм. Төр засаг тэдэндээ зориулж 1,7 их наяд төгрөг энэ жил төсөвлөсөн. Олон ч арга хэмжээг авч байгаа. Бас ч дутуу дулимаг зүйл ч их байна. Яахав аливаа зүйл сайн муу, алагтай цоогтой. Гэхдээ үр дүн чухал.

1

Монгол хүүхдүүдийн суралцах чадвар, ерөнхий мэдлэгийн төвшинг судлаад буцсан Английн Кембрижийн их сургуулийн профессор их сонин дүгнэлттэй тайланг гаргасан байх юм. Бахархал төрөх шиг. Хүүхдүүд маань матемартик, хими, физик, түүх, газарзүй, уран зохиол гээд ерөнхий мэдлэгийн төвшингөөрөө аль ч өндөр хөгжилтэй орнуудын сургуулийн багацуулаас огт дутахгүй харин ч илүү байсан гэнэ. Ялангуяа 1-8 хүртэлх ангийн сурагчид. Өөрөөр хэлбэл, суурь ерөнхий мэдлэгийг хөөрхий муу хэлэгддэг ч энэ багш нар хангалттай өгдөгийн ач тус. Ялангуяа хэл сурах авьяас нь мөнөөх профессорыг гайхшруулж орхисон гэнэ. Өөрөө монгол хэл сурах гэж бүтэн таван жилийг зарцуулсан ч олигтой сураагүй байхад нэгхэн жил англи хэл сураад эгээ л англи хүн шиг хоорондоо ярилцаж байхыг хараад ингэж гайхсан хэрэг. Тэгэхлээр манай бага, дунд боловсролын систем ок байгаа юм байна гэсэн бахархал төрлөө.

1

Нээрээ л дунд сургууль төгссөн ямар ч хүүхэд геометрийн дүрсүүд болон шугам зургийн байгууламжуудыг уншиж чаддаг, математик тригонометрийн томьёог мэддэг, уудаг ус Н20, хордуулдог нүүрстөрөгчийн утаа С20 гэдгийг мэднэ. За тэгээд чөлөөт уналт, таталцалын хуулийн томьёог аль нь ч самбарт гараад биччихдэг байх жишээтэй. Хөгжимд бол Бах, Бетховен, Чайковскийг намтар, бүтээлтэй нь нэрлэж, түүх газарзүйд бол Монголын эзэнт гүрэн хаанаас хаа хүртэл оршин тогтнож байсан, зургаан тив байтугай Өмнөд Америкийн баруун бөөрөнд газрын зураг дээр бүдэг бадаг тэмдэглэгдсэн Пасхи арлыг хүртэл зааж чадна. Дэлхийн хаанахын ч бага, дунд сургуулийн сурагчид ингэж нүүр бардам бултаараа нэрлэж чадахгүй гэдэгтэй би мөрийцөхөд ч бэлэн байна. Тэдний сургалтын систем өөр. Хүүхдийн ирээдүйн мэргэжлийг бүүр багаас нь тодорхойлж тэр чиглэлийн бүхий л мэдлэгийг өгөхийг чармайна. Сонгосондоо л сонгодог байх ёстой. Бусад нь заавал сурах албагүй гэцгээнэ. Кембриж, Харвардын гэсэн тодотголтой сургалтын систем чухам ийм л зүйл дээр хөрс сууриа босгодог. Манайд орж ирж байгаа нь ололттой ч монгол боловсролын гологдохгүй суурь дээр монгол онцлогоо хадгалж соёлолуулж чадвал энэ хүүхдүүд мөн чиг хол явна даа. Бага дунд боловсролыг залгуулаад угтан авч буй бүрэн дунд хийгээд дээд боловсролын систем үүн шигээ утга төгөлдөр байх ёстой. Чингэж гэмээн ирээдүй баталгаатай болно.

1

Шинэтгэл өчүүхэн зүйлээс л эхэлнэ. Сурагчид эх орон, үүх түүх, эцэг эхээрээ бахархах сэтгэгдлийг хүчтэй төрүүлэх сургалттай болчихвол аяндаа бүх зүйл цэгцэрнэ. Эцэг эхчүүд нь сургуультай хамтран ажилладаг болчихвол, сурагчид нэгэн анги танхим дотроо бие биенээ хүндэлж, чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөн хамтран ажиллаж сурвал, хичээлдээ явахдаа чин сэтгэлээсээ баярлан яарч, хичээлээсээ харихдаа сургууль дээр сурсан зүйлээ хэрэглэж үзэх гэж догдолдог  болчихвол  бид хурдан өөрчлөгдөж хөгжинөө.Мэдээж шүүмжлэх зүйл зөндөө үүнийг бичигч би бээр Боловсролын шинэтгэл цуврал нийтлэлээрээ чадан ядан өгүүлсэн. Ирээдүйн эхлэлийн гарааны зурхайг зурдаг ийм сайхан гэгээлэг өдөр хар саарал зүйл бичихийг төвдсөнгүй. Бүх суралцагчиддаа эрдмийн их үйлс тань өөдрөгөөс өөдрөг байх болтугай хэмээх ерөөлөөр Боловсролын шинэтгэл цуврал нийтлэлээ өндөрлүүлж байна. Сайн үйлс дэлгэртүгэй. 1 Н.Бадамжав    
Shuud.mn
Сонин хачин
Бадамжав:
Ийм сайхан нийтлэл бичсэн нөхөр Бадамжавыг Төрийн шагналд нэрийг нь дэвшүүлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
2013-09-02
баагий:
Бадамжав гуйа таньд их баярлалааа...ойрд ийм гэгээлэг сэтгэл сэргээсэн нийтлэл уншаагүй..их сайхан байлаа
2013-09-01
nyamaa:
bi ch bas baharhaj bna duu naraaraa bas bagsh naraaraa
2013-09-01
өжэнгшүл:
Ямар сайхан нийлэл вэ? Ийм гэгээлэг нийтлэл сэтгүүл зүйд дутагдалтай байгаа шүү
2013-09-01