Улс нь задарч эзэнгүй болсон орост шилжилтийн үед юм юм л болж байсан нь түүх болон үлджээ. Төрийн асар их өмч үйлдвэр заводууд эзэнгүйдэн тоногдож, үүн дээр нь “сайн ажилласан” олигархууд бий болж нийгмийн огт өөр, шинэ баячуудын давхарга бий болснийг “шинэ оросууд” гэж нэршсэн. Эдгээр олигархууд эх орондоо их юм хийсэн гэдэг, бас их гай ч тарьсан гэдэг.
1987 онд М.Горбачев улсын өмчийг хувьцаагаар дамжуулан хувьчлах гэх эхлэлийг тавьсан билээ. Ингээд л новый баатрууд маань мэндэлсэн. Александр Смоленский, Юрий Лужков, Анатолий Чубайс, Михаил Ходорковский, Борис Березовский, Владимир Гусинский, Роман Абрамович гээд дэлхийд танигдсан “новый”-чууд. Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын толгой хэсгээр морилдог Оросын тэргүүн баячууд "Олигархиуд" гэдэг номонд бичигдэж, шинэ оросууд гэсэн нэршлийг бий болгосон. Энэ орос баатруудын маань түүх бидэнд дууриал болж ирсэн гэхэд хилсдэхгүй.
1
Бүтэн өнчин өссөн Роман Абрамович нь 1980-аад оны дунд үе гэхэд 1 өрөө байранд эхнэр дагавар охины хамт амьдарч байсан. 2005 онд түүнийг Forbes сэтгүүл Оросын тэргүүн баянаар тодруулсан. Дэлхийн хамгийн баян 20 хүний жагсаалтад дээгүүр морилсон түүний хөрөнгө нь 15 тэрбум евро гэж тоологдоно. Лондоны хөл бөмбөгийн Челси клубын хувьцааны 50,9 хувийг 98,6 сая доллароор буюу 59,3 сая фунт стерлингээр худалдаж авч тэр даруйдаа 80 сая фунт стерлингийн өрийг нь дарж европын онгироо баячуудын хандыг дарж байв. Абрамовичийн 115 метр урт, нисдэг тэрэг буух талбайтай дарвуулт завь, "Боинг-767" онгоцных нь зургийг өнөөх хуучин оросууд нь сонссон ч үл итгэнэ.
\
Ельциний гэр бүлийн мөнгөний нярав гэж оросуудад нэрлэгдэж байсан Роман Абрамович Борис Березовскийн хамт "Сибнефть" компанийг ердөө 100 сая доллароор Оросын засгийн газраас худалдаж авч байсан бол найман жилийн дараа Оросын засгийн газрын эзэмшил дэх "Газпром" компанид 13 тэрбум доллароор арилжсан.
Михаил Ходорковский. Бараг л бүх насаараа Оросын төрд ямар нэг газрын дарга хийсэн энэ эрхмийг 2002 онд Forbes сэтгүүл Оросын тэргүүн баянаар, 2003 онд дэлхийн тэргүүн 20 тэрбумтны жагсаалтад оруулсан. 1994-1995 онд Оросын 100 гаруй үйлдвэрийн хувьцааг худалдаж авсан байдаг. 1995 оны сүүлээр дэлхийд дөрөвт Оросдоо хоёрт ордог “ЮКОС” нефтийн компанийн хувьцааны 78 хувийг өөрийн болгож чадсан. 1993 онд ОХУ-ын түлш эрчим хүчний сайдын орлогчоор ажиллаж байсан түүнд энэ нь тийм хэцүү зүйл биш байсан гэдэг.
Борис Березовский. Цагтаа Кремлийн загалмайлсан эцэг гэгдэж байсан тэрээр Оросын машины зах зээлийг тэр чигт нь атгаж байсан.
Гусинский. Тэрээр Орост хамгийн орчин үеийн банк, хэвлэл мэдээллийн эзэнт гүрэн түүний гарт байжээ.
Путин дахин хуваарилалтийг хийж, олигархуудыг базахдаа тэдний учрыг хэрхэн олж, торны цаадах араатан болгосныг бид мэднэ.
1
Шинэ оросууд дунд өөр янз бүрийн л төлөөлөл бий. Хөдөөний нэгэн тариачин эр “Новый” болж баяжин хуруу зузаан алтан гинж зүүчихсэн, мисс хүүхэнтэй гэрлэж шилэн хауст амьдарч чадаж байлаа.
Түүнд эд хөрөнгө найз нөхөд хүрээлэл, нэр төр бүгд л байлаа. Гэхдээ л түүнийг өнөөх элит баячуудын хороолол дотроо алхаж явахад нь ил далд шоолонгуй инээвхийлэх харц дагасаар л байж.
Мань эр гайхсаар, хожим түүнд юу дутаад байгааг ойлгожээ. Тэр бол боловсрол эзэмшээгүй нэгэн байлаа. Дунд сургуульдаа тэгсхийж аргалж зүүгдэж яваад шууд тосгондоо тракторч болсон. Тэгсгээд нийгэм задрахад хувьчлалд орж хэдэн найздаа хамгаалагч болж зөв шахаа наймаа хийсээр мөнгө нь өсөөд ирэхээр нь хэд хэдэн хувьчлалд орж үзээд нэг мэдсэн нэг их олон үйлдвэр обьекттой болчихож, залгаад саятан болов.
1
Мөнгө дагаж бяр нэмсээр өнөөх алтан Москвад ирж баячуудын хороололд хамгийн тансаг байшин авч суурьшив. Гэхдээ л мань эр энд нэг л идээшихгүй байлаа. Баян хүн дураараа л байх ёстой, юу хийх гэснээ хаана ч хийнэ гэж ойлгоно. Өнөөх элитүүдийн хороололдоо алхаж явтал морь хармаар болвол мань эр тэр хавьдаа нэг байшингийн булан руу айвуухан алхаж очоод гүйцэлдүүлнэ. Цоо шинэ байрандаа бүх цонхоо онгойлон өөрийн дуртай Цой-гийн дууг тэр хорооллоор нэг тавьж хавийнхныхаа анхаарлыг татаж тайвширна.
Уг нь тосгондоо ингэхэд бол бүгд л бишрэн харж гоё машиндаа суун суутал нь алмайран бөхөлзөнө. Харин энэ тэнэг хот хороолод манай хүнийг нэг л ойшоохгүй байлаа. Машинаа зогсоолын наах нь түр хаячихсан чинь нэг рок царайтай залуу шаардлага маардлага гээд олон юм яриад байхаар нь нэг алгадаад тавчихсан чинь бөөн юм л боллоо. Яахав баахан мөнгө өгөөд зүгээр л саллаа. Одоо бүгд л айсан болов уу гээд ажиглатал бас л тоож байгаа хүн алга. Бүр л гадуурхаад байх шиг. Хэчнээн арван хуруугаа алтаар бүрж, авгайгаа алмазаар гоёсон ч гэлээ тэр эр хөдөөнийхөөрөө л байж. Энэ нь өнөө элитийнхэнд хэтэрхий мэдрэгдээд байдаг байж.
Харин бизнес нь цэцэглэсээр ...нэг мэдэхэд ДУМ гэдэгт сонгогдоод ороотохлоо. Улс орныг хөгжүүлэх энэ тэр гээд яриад л байх мань эр эвшээн, ийм ядаргаатай юманд орох гэж яах гэж мөнгө төлдөг байна аа гэж гайхасхийнэ. Гэвч хуралдаа суусаар, хөрөнгө нь өссөөр... Хожим тэрээр нөлөө бүхий мафийн бүлэглэлийн толгойлогч руу “салаавч” өгч басамжилсаныхаа дараа их удалгүй авто ослоор мөнх бусыг үзүүлсэн байдаг.
1
Харин хөрш Монголд нь бүүр хойно “Новый”-чууд бий болжээ.
Хамгийн партизан нь бүр анхны Эрээн-Бээжингийн хооронд хөдөлсөн ганзагачид.
Мөн Орос ах нартайгаа төстэй аргаар арай дээгүүр хөдөлсөн хэсэг бий. Цэнхэр, ягаан гэх тасалбарыг хоолгүй болсон хэддээ тарааж байгаад дараа нь түүнийгээ 2 шил архины мөнгөөр хамж цуглуулан, соц нийгмээс үлдсэн хэдэн үйлдвэр обьектийг үнэгүйдүүлж байгаад хувьчилж авч хөрөнгөжин “Шинэ”-чүүдийн эгнээг бий болгосон.
1
Өнөөх хувьчилж авсан байр байшингаа барьцаанд тавьж зээл гэдгийг тусгай хангамжаар авах давуур эрхтэй болсон. Тэгээд тэр бага хүүтэй мөнгөө нөгөө муу наймаачиддаа хэд нугалсан хүүтэй өгч байгаад баяжсан хэсэг. Дараа нь энэ мөнгөөрөө дахиад л “шинэ” болж чадаагүй хэдийгээ архиар угжиж, бэлгээр хахуулдаж байгаад УИХ-д орж, улстөрч болон тусгай нөхцлөөр баяжиж эхэлсэн овтой ч бас азтай ч нөхдүүд.
Гэхдээ Монголын анхны “шинэ”-чүүд энэ нийгэмдээ л анхны соёлын үрийг таригч болохоор элитийн хороололд элдвээр гоочлуулахгүй. Учир нь тэд өөрсдөө элитийн хорооллыг үүсгэсэн болохоор тэр.
1
Манай “шинэ”-чүүдийн нэлээд нь гэр бүлийн хүмүүжил, мэдээллийн давуу талтай буюу соц сэхээтнүүдийн хүрээлэлд багтаж байсан тул Оросоос цааш ганц алхаад үнэртэх хар тамхи байтугай л барууны амьдралыг гадарладаг байлаа.
Тэд улс төр хийсэн, өмч хувьчлал ч хийсэн, шинэ монголыг бий болгоход ч гар бие оролцон зүтгэсэн. Өнөөх л оросын олигархуудтай адил байгуулсан гавьяа ч ихтэй, хойш нь татсан гай ч ихтэй. Энэ бол элит гэгдэх “Шинэ Монголчууд” оройлон баяжсан хэсэг. Тэд одоо хүмүүсийн ярьдгаар тэнгэрийн амьтад болсон.
1
Одоо ч “шинэ Монгол”-чууд ар араасаа шинээр төрсөөр байна. Төрөөс төрсөн тэрбумтнууд, уул уурхайнхан, тендерийнхэн жоохон наашлаад ноолуурынхан, махныхан, нарантуулынхан гээд салбар салбараас “Шинэ”- чүүд төрсөөр байна.
Тендерийнхэн, төрийн албаныхан зэрэг сүүлд хөл дээрээ босч ирсэн шинэ баячууд ч яахав гадаадад голдуу газар, байшин авч ирээдүйдээ гарах нүхээ малтаж байна.
Төрөл бүрийн салбарт хүч сорих ноолуурын, машины, махны, долларын гэх мэт ченжүүд одоо голдуу л Зайсан тийшээ байшин авч улстөрч элитийнхнийг шоконд оруулж эхэлж байгаа гэнэ.
Тэр дундаа хөдөө талд ноолуур, мах эргүүлэн хөл дээрээ босч хөрөнгөжсөн хэсэг хот руу нүүн Элитийн эгнээнд элсэхээр шууд Зайсангийн хауст үнэ хаян орж эхэлжээ.
1
Дээр өгүүлсэн Оросын тосгоны “Новый”-чуудтай адил. Бас нэг тийм, сонин элит биш авир гаргадаг л гэнэ. Нойл руугаа ногооныхоо хальсийг хаяж бөглөрүүлчихээд миний байр, эндээ яасан ч яахав дээ гэж даналзах. Машинаа яг орцныхоо үүдэнд л тавина. Юун нийтийн машины зогсоол гарааш, энд үүдэндээ л тавина “хуц” л гэнэ. Мөнгөтэй “шинэ” хүн юм чинь, яаж ч болно гэж үзнэ.
Ялгарах их мөнгөтэй тул яаж ийгээд л байгаа орчиндоо ялгарч тодрох гэх нь өнөөх тосгоноос төрсөн оросын “Новый Ивантай” хэлбэр нэг.
Боловрол уу, боловсрол байгаа л даа. Гэхдээ цаас хэлбэрээр, хүнд харуулах хангалттай их дээд боловсролын диплом тэдэнд бий.
1
Бүүр сүүлд нь хөдөөнөөс хотод ирж баяжин, “Новый” болохоор шийдсэн хэсэг, хотын хөдөлгөөн урсгалыг жинхэнэ хямрааж байна даа. Портер, микро, такси голдуу барьсан, гэрэл дохио урсгал сөрөн давхих энэ “новый”-чуудтай эгнээ байр булаалдахгүй холхон явахыг зөвлөе.
Ер нь бол анхны “Шинэ”-чүүд хөгийн байснаас, дараагийн “шинэ”-чүүд хэт хөдөөжиж хоцрогдон, удаж төрсийн. Тэд хэдүүлхнээ шинэ байж хэдүүлхнээ дээр байхын тулд аль дээр картын үеэс бидний тархийг хоногийн хоолоор чигжиж дүлийрүүлээд, сүүлдээ сонгуулиас сонгуульд үүндээ гаршиж, дараа нь биднийг ходоодоороо саналаа өгдөг гэж шоолох болсийн. Хэт хол хаягдсан тэр хэсэг одоо бөөнөөрөө нүүн ирж “хотын новый” болох гэж хотынхныг айлгаж байна.
1
“Шинэ”-чүүдийн эгнээнд орж чадаагүй болон орохоор ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэх хэдийнхээ урмыг сэргээж хэлэхэд, бид байгаа тулдаа л тэд “шинэ”-чүүд гэж хэлэгдэж байгаа юм. Хуучингүй шинэ гэж байхгүй. Бидэнд байгуулсан гавьяа бага ч эх орон элгэн садандаа учруулсан гай үгүй юм.
Бид бүгдээрээ “шинэ”-чүүд болох цаг ирнэ. Харин тэр цагт гэр хороолол гэж байхгүй болсон байх юм.
1
Б.ШҮХЭРЧ