Уг нь их гоё нэртэй байгууллага. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гэж. Хэрэглэгчдэд яагаад яруу сонсогддог вэ гэхээр хэдхэн монополь компаниуд нийлж байгаад мах, сүү, гурил, будаа, түлш шатахууныг үндэслэлгүйгээр үгсэн хуйвалдаад нэмчихвэл араас нь нэхэж очоод бодит үнэ дээр нь буулгаж шударга бусаар олсон орлогыг нь хураагаад өндөр торгууль тавьж хашраадаг нэг ёсондоо хэрэглэгчдэд бол “шилийн сайн эрчүүд”. Энэ газрыг гудамжны жагсаалд нэрээ мандуулж, хориход шударга ёсыг дуудан өлсөгч О.Магнай толгойлдог. Шавилхан биетэй, дуу чангатай энэ залуу төрийн албанд очсонд талархах хүн олон байлаа. Алба авсан даруйдаа л хэрэглэгчийн эрх ашгийг хаан боогдуулж байгаа алив газрыг хаана, торгоно гэж байлаа. Сургалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн их дээд сургууль, үүрэн холбооны оператор компаниудын ярианы тарифыг секундэд шилжүүлэх гэх зэрэг шаардлагыг хүргүүлж байлаа. Өнөөг хүртэл аль нь ч бодит ажил үйлс болсонгүй. Хэрэглэгчдийн төлөөх сайн эр байлаа тэр. Өнгөн дээрээ.
.
Яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна вэ гэвэл энэ долоо хоногт хийсэн таксины үнийг мянган төгрөг болгох такси эрхлэгч 16 компанийн саналыг хүлээн авснаа зарласан явдал байлаа. Хэрэглэгчид дороо л асдаг юм байгаа биз дээ. 600-700 төгрөгөөр явж болоод байсан таксичид юуны учир яагаад 1000 төгрөг болгох санал хүргүүлээд түүнийг нь мануусынхаа талд зогсох ёстой О.Магнай дэмжээд орхив.
.
Бөөн хардлага сэрдлэг. Аргагүй байсан юм гэж гэнэхэн тайлбар өгөв. Ийм тайлбарынхаа төд удалгүй бид нэг сарын хугацаанд судалж үзэж байгаа гэсэн ч ердөө маргаашнаас нь такси компаниуд урдаас бэлтгэсэн эхний км 1500, хоёр дахь км-ээс 1000, дуудлагын мөнгө 1000, хүлээлгийн мөнгө 1 мин 100 төгрөг гэсэн бичиг машин дээрээ наагаад сүнгэнэлдэж эхлэх нь тэр. Судалж байгаа биш аль хэдийнэ О.Магнай тэд нар тохиролцчихож гэж хардаж болохоор. Бидний эрх ашгийг хамгаал гэж тавьсан нөхөр нь 16-хан такси эрхлэгч компанийн талд үйлчлээд эхэлснийг юу гэж ойлгохов. Энэ чинь одоо юу болж байна аа. Төр хувийн хэвшлийнхний ажилд хөндлөнгөөс оролцох болсны тод илрэл үү. Нөгөө О.Магнай авилга аваад дур мэдэн ийм шийдвэр гаргачихав уу.
.
Тэр дахиад л хэвлэлд ярилцлага өглөө. Такси эрхлэх шаардлагыг бүрэн хангасан таксинд ийм зөвшөөрөл өгч байгаа гээд бүүр мэдэн будилдаг байгаа. Хүүе тэр шаардлага стандарт нь юу юм бэ гэхээр бас бантаад хариу хэлдэггүй. Бүүр амандаа халчихаад такси компани эрхлэгч компаниудаас өөр таксины үйлчилгээ байхгүй, такси зөвхөн зориулалтын буудлаас үйлчилгээ эрхлэх юм гэдэг байгаа. Ухаан нь би хотын төвөөс хаа байсан Тэнгис кинотеатрын өмнөх такси зогсоол хүрч байж нэг унаатай золгох юм гэнэ дээ.
.
Хөөрхий тав арван цаас ажил гэр хоёрын хооронд явахдаа олчихдог унаатангууд хохироод үлдэх нь л дээ. Зүй нь зах зээл гэдэг өрсөлдөөн байлтай. Аль хямд үнэтэй, таксины шаардлага бүрэн хангасан аюулгүй, найдвартайг нь би л лав сонгоно. Энгийн унаанаас огт ялгарахгүй такси нэртэй машинд суучихаад 1500 төгрөгөөс эхэлж дуудуулаад 1000-гаар урсгаад халаасаа нимгэлэх нь л дээ. Эдийн засаг эмзэг ийм үед төрийн хүний амнаас гарамгүй шийдвэр байгаа биз.
.
Хичээл сургуулийн ид үед эцэг эхчүүд таксинд л мөнгөө харамгүй зарцуулж байгаа. Таксичид баяр ёслол, хичээл сургууль эхлэх ийм л үеүдэд овоохон мөнгө “хийдэг”. О.Магнайг тэд яаж ийж байгаад ам алдуулаад шийдвэр хэрэгжсэн ч бай хэрэгжээгүй ч бай мөнгө хийгээд авья гэж бодно ш дээ. Тэгсэн манай хүн дэвэрч давхиад л тааллаар нь болгочихов. Ядаж үндэслэлээ тайлбарлаад таксинд тавигдах шаардлага, стандартаа эвтэйхэн зарлачихсан бол нэг сарын хугацаанд судлаад хариуг нь такси эрхлэгчдэд өгсөн бол юу гэж ингэж бухимдацгаах вэ дээ.
.Хэлсэн ярьсандаа эзэн болдоггүй ийм л төрийн чухал албан тушаалтнаас болж нийгэм эдийн засаг савлаад байгаа юм шүү дээ. Такси мөнгөө нэмэхээр нийтийн тээвэр барьцаад өсгөх санал хүргүүлнэ. Дагаад бүхий л тээврийн хэрэгсэл, түлш шатахуун импортлогчид... гээд босгоод өрчихсөн даалуу адил нэг нэгээ налж унаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Хямралтай эдийн засаг даах уу.
.
Н.Бадамжав